Б.СОЛОНГО
Орон сууц, санхүүжилтийн корпораци зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдахыг хүссэн өргөдөл дахин 40-ийг нэмж авчээ. Өмнө нь шилжүүлсэн 3664 хүсэлтээс одоогийн байдлаар 850 нь зээлээ шийдүүлсэн. Үлдэгдэл 2800 гаруй хүсэлт Төрийн банкинд гацчихсан байна. Энэ зээлийг шийдвэрлэе гэсэн ч санхүүжилт нь байхгүй. Хөгжлийн банкнаас 20 тэрбум төгрөгөө хэзээ шилжүүлэх нь тодорхойгүй. Өмнөх хүсэлтүүд нь шийдвэрлэгдээгүй байхад яагаад дахин өргөдөл хүлээн аваад байгаа талаар тодруулахаар ОССК-ийг зорилоо. Хэвлэлийн төлөөлөгч нь нэгэнт манай үүрэг учраас хүсэлт гаргасан хүний өргөдлийг хүлээн авч байна гэсэн хариултыг өгөв. Харин санхүүжилт, зээлийн гарцтай холбоотой асуудлыг Төрийн банкнаас лавла гэв. Сүржин нэрэндээ тохироогүй энэ хөтөлбөрийн уршгаар эдгээр хүмүүсийн 20 орчим тэрбум төгрөг барилгын компаниудад түгжигдчихээд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Гэвч өмнөх зээлээ шийдвэрлэж чадаагүй байж, дахин өргөдөл хүлээн авч, мэдээлэл муутай иргэдийг төөрөгдүүлээд байгаа учир энэ асуудлыг үргэлжлүүлж байгаа нь энэ.
ТӨРИЙН БАНК ДАВАА ГАРИГТ ХААЛТТАЙ
Анхнаасаа эрсдэлээ өөрсдөө үүрч, зээл олгоно гэж хариуцлагатайгаар энэ албыг авсан Төрийн банкныхан өнөөдөр хэвлэлийнхнээс зугтдаг ажилтай болжээ. Төрийн банкны 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгайлсан салбарын захирал н.Нарандэлгэр төвөөс нь зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд ямар ч мэдээлэл өгөх эрхгүй гэж ам таглав. Харин төв оффисийн ажилтнууд нь даваа гаригт уулзалт хүлээж авдаггүй гээд ресепшн, харуул хоёр нь халгаах шинжгүй. Бүр цайны цаг дуустал хүлээе гэсэн ч найраа алга. Ингээд харамсалтай нь албан ёсны тоо баримт авч чадсангүй. Гэвч өнөөх 850 гэсэн тоо нэмэгдээгүй гэдэгт итгэлтэй байна.
Хөгжлийн банк 200 сая ам.долларын бонд гаргаж, тэр хүртэл нь санхүүжилтийг нь Төрийн банк даах гэрээг анх байгуулсан. Гэвч Хөгжлийн банкны мөнгө талаар өнгөрч, Төрийн банк чадахгүй гээд гараа өргөөд бууж өгөв. Одоо тус банкныхан хүсэлт авах үйл ажиллагааг зогсоочихсон байгаа. Засгийн газраас байгуулсан шинэ зөвлөл чиглэл өгтөл тодорхойгүй хугацаагаар энэ асуудлыг хойшлуулсан гэж саяхан сонинд ярилцлага өгсөн байсан.
ХАЙРАН ХОЁР САЯ ТӨГРӨГӨӨ ӨГӨХӨӨС
Хариуцлагагүй энэ ажлаас болж олон хүн барилгын компаниудад дарамтлуулж, өдөр хоногийг өнгөрөөж байна. Гэрээнийх нь хугацаа дууссан тохиолдолд төлсөн урьдчилгаанаас нь доод тал нь 10, тэгээд 20 хувийн алданги тооцож торгууль авна гэж барилгын компаниуд айлгаж байна. Төрийн банкны үүдэнд таарсан иргэн Ц ингэж ярьсан юм. “Эгч нь нэг компаниас 77 сая төгрөгийн байр сонгосон. Урьдчилгаанд нь 23 сая төгрөг төлсөн. Гэтэл зээл гарахгүй таван сар болчихлоо. Барилга ашиглалтад орох болчихсон тул мөнгөө төл гэж залгаад байгаа. Нэгэнт зээл гарахгүй бол алдангийг нь төлөөд хэдэн төгрөгөө буцааж авдаг юм билүү. Хайран хоёр сая төгрөг” гэв. Зээл нь гацчихсан 2814 хүний хувьд байдал яг л ийм байгаа. Хэдийгээр “100 мянган айлын орон сууц “хөтөлбөрт нэр нь багтсан барилгын компаниуд 10 хувийн урьдчилгаа авах заалттай ч үнэн хэрэгтээ тийм биш. Доод тал нь 30 хувийг нь төлж байж гэрээ хийнэ. Өнөөдөр 10 хувийн урьдчилгаа төлөөд байр авъя гэвэл дөнгөж сууриа цутгаж байгаа барилга л олдох биз. Тэгэхээр бидний тооцоолсон 20 орчим тэрбум төгрөг улам нэмэгдэх нь гарцаагүй. Хөтөлбөрийн жагсаалтад орсон хэд хэдэн барилгын менежер лүү утас цохиж үзлээ. “Манайх тэр хөтөлбөрт чинь ороогүй ээ” гээд тасалчихаж байна.
Ингэхээр барилгын компаниуд хүртэл зургаан хувийн зээлийн хөтөлбөрийг найдваргүй гэдгийг мэдэж байна. Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад яагаад дахин 40 хүний өргөдлийг нэмж авав. Хүүгүй мөнгөөр байшин барьчихаад тэнгэрт тултал үнэлдэг компаниудыг өөгшүүлж, иргэдээ хуурч байгаа энэ үйлдлийг луйвар гэж нэрлэхээс өөр арга алга. Гэвч хүсэлтээ өгчихсөн иргэд хүлээсээр байна. Хэд гурваараа Төрийн банкийг тойглож, тойрч эргэлдсээр байна.
Хэрэв хэлсэндээ хүрч чадахгүй гэвэл тэдний компаниудад ашиглуулж байгаа хүүгүй мөнгийг бүтнээр нь буцаагаад өгөх ёстой юм биш үү гэдгийг дахин хэлье. Алдангийг нь төр даана биз.