С.УЯНГА
Хөрөнгийн зах зээлд хөдөө аж ахуйн салбарын анхдагч IPO-г “Түмэн шувуут” компани гаргасан нь саяхан. 15 жилийн өмнө 20 мянган өндөглөгч тахианы аж ахуйтайгаар үйлдвэрлэлээ эхлүүлсэн хамт олон өдгөө 310 мянга гаруй өндөглөгч тахиатай болж өргөжихийн зэрэгцээ жилд 53 сая ширхэг өндөг үйлдвэрлэж байна. Энэ нь зах зээлийн 25 хувь, дотоодын өндөг үйлдвэрлэлийн тал хувийг дангаараа хангаж байгаа үзүүлэлт. Гэтэл манай улс өндөгнийхөө үлдсэн 50 хувь, тахианы махны 90 хувийг импортоор оруулж ирдэг. Эндээс хүнсний хэрэглээний нэлээдгүй хувь нь гаднаас хамааралтайг харж болно. Тиймээс дотоодынхоо зах зээлийн орон зайг нөхөхийн тулд “Түмэн шувуут” компани нээлттэй компани болох эхлэлийг тавьж IPO-ны цан цохиод зургаа хонож байгаа юм. Ингэхдээ олон нийтэд хувьцааныхаа 25 хувь буюу 50 сая ширхэг хувьцааг, нэгж хувьцааны үнэ 200 төгрөгөөр санал болгож үүнийхээ үр дүнд хөрөнгийн зах зээлээс 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр тооцоолжээ.
Ийнхүү хөдөө аж ахуйн салбарын анхны IPO-г амжилттай гаргасан үндэсний томоохон баялаг бүтээгчдийн үгийг сонсох үүднээс Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа өчигдөр үйлдвэрийн бодит байдалтай танилцсан юм.
“Түмэн шувуут” компани өнгөрсөн хугацаанд өндөгний эко сав баглаа боодлоос гадна малын тэжээлийн “Агро фийд” үйлдвэрийг ашиглалтад оруулж үйл ажиллагаагаа өргөжүүлэхээс гадна Увс аймгийн Баруунтуруун сум дахь 4000 га газарт усалгаатай газар тариалан, баруун аймгийн иргэдийн хэрэгцээг хангах зорилготой гурилын үйлдвэр эрхлэхээр бүтээн байгуулалтын ажил өрнүүлж байна. Тэд энэ амжилтаа бататгаж, хөдөө аж ахуйн цогц шийдлийг хэрэгжүүлж ашиг шимийг нь олонд хүртээх үүднээс “түмнийх” болох шийдвэр гаргасан талаар компанийн захирал Ж.Болд хэлэхдээ “Хөрөнгийн зах зээлээс босгох 10 тэрбум төгрөгөөрөө өндөглөгч тахианы аж ахуйг өргөтгөнө. Мөн махны чиглэлийн тахианы аж ахуй, шувууны сангасыг боловсруулах органик бордооны үйлдвэр шинээр байгуулна. Усалгаатай газар тариалан, тэжээлийн үйлдвэр дээр өргөтгөл хийнэ. Энэ төслүүдээс гадна 2022 оноос хойш том бүтээн байгуулалт хийх нь мал бордох, махны экспортын төслийг хэрэгжүүлэхээр Увс аймагт усалгаатай газар тариалан байгуулж. Малын тэжээл, царгас тариалах юм” гэлээ.
Харин IPO гаргаад зургаа хонож буй арилжааных нь явцын талаар болон иргэдэд ноогдол ашиг тараах талаар “Энэ сарын 16-ны өдрөөс хойш IPO зургаа дахь хоног дээрээ үргэлжилж байна. Сарын сүүлийн өдөр буюу 31-нд дуусна. Өнөөдрийн байдлаар 15 хувьтай явж байгаа ч захиалгаа өгчихөөд хүлээж байгаа 15000 хүн байна. Ер нь хувьцааны данс нээлгэх асуудал удаашралтай байдаг юм байна.
Олон нийтийн компани болохын тулд олон шаардлага хангах ёстой. Тухайлбал, Санхүүгийн асуудалгүй, өмчлөлийн маргаангүй байх ёстой зэргээр хууль эрхзүйн бүх шаардлагыг хангасан байх ёстой. Хараат бусаар дүгнэлт гаргадаг хуулийн компаниуд, санхүү, тайлан нь зөв зүйтэйг баталгаажуулах аудит болон IPO төслийн үнэлгээний компаниуд, Хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо ажиллаж байна. Компанийн андеррайтераар Голомт капитал ҮЦК хамтарч, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх брокер диллерийн компаниар хувьцаагаа арилжиж байна. Иргэдийн хувьд өмнө нь нээлгэсэн 1072 хувьцааны дансаа ашиглаж худалдаж авах нь илүү хурдан байх юм.
Хувьцаа худалдаж авсан хүмүүс ноогдол ашиг тараах, хувьцааны үнэ яах юм бол гэдгийг их сонирхдог. Бид хувьцаат компани болоод олсон ашгийнхаа 30 хувийг ноогдол ашиг болгож тараана. Жил бүр 30 хувийн ноогдол ашиг тараана гэдэг бол Хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байгаа хувьцаат компаниудын хувьд хамгийн өндөр тоо. Нөгөө талаас иргэдийн 200 төгрөгөөр худалдаж авсан хувьцааны үнэ буурахгүй. Бидний хувьд шувууны аж ахуйн чиглэлээр ажиллаж байсан маш сайн туршлагатайн дээр зах зээл сайтай бодит бүтээн байгуулалт хийж байгаа учраас хувьцааны үнэ унах эрсдэлгүй. Санхүүгийн тооцоололдоо тулгуурлаад үзэх юм бол манай хувьцааны үнэ ойрын 3-5 жилд тав дахин өсөхөөр байгаа. Хувьцаат компани болсны дараа 2020 онд жилийн эцсийн тайлан гарсны дараа ноогдол ашгийн 30 хувийг тарааж эхэлнэ” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, иргэд өндөг үйлдвэрлэх туршлагаараа хамгийн инновацилаг, тэргүүлэгч “Түмэн шувуут” компанийн хувьцааг авснаар өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэсэн үг юм. Тиймээс IPO гаргаж олон нийтийн дэмжлэгтэйгээр өндөг, тахианы махны импортыг багасгах боломжтой юм байна.
“Түмэн шувуут” компани 170 гаруй ажлын байрыг бий болгоод байгаа бол энэ онд залуучуудыг дэмжих үүднээс ажилчдын байр барьжээ. Ажилчдын байранд таван жил ямар нэг төлбөргүй амьдарч хуримтлал үүсгэх боломжийг залуучуудад нээж өгч байгаа хэмээн компанийн удирдлагууд хэлж байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.1.24 № 17 (5984)