2019 онд манай улсын эдийн засагт, нийгмийн дунд, улстөрчдийн хувьд ч уул уурхай гол сэдэв байхыг илүү тодоор илтгэх төмөр замын дэд бүтэц бүтээн байгуулалтын таван том төслийг гацаахгүй явуулах. Түүнчлэн олон улсын хөрөнгийн биржид Тавантолгой төслийн 30 хувьтай тэнцэх IPO гаргах, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх гээд хүлээлтийн түүхэн цаг үед ирсэн. Уул уурхайн бусад бүтээгдэхүүний экспортоос илүүтэй өөдрөгөөр харж болох зүйл гэвэл авто болоод төмөр замын таван төсөл. Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тул компаниуд хөрөнгө оруулалтаа татаж, эрсдэлээ тооцож төлөвлөсөн ажлаа гүйцэтгэх боломж байгаа. Харин төр бага оролцох тусам тэр хэрээр ажил урагшилж чадна. Өнгөрсөн онд нүүрс тээвэрлэлтийн гол боомт болох Гашуунсухайт-Ганцмодны боомтод гацаа үүсч манай эдийн цагт багагүй хохирол үүсч байсан. Харин 2019 онд нүүрсний экспортыг 42 сая тонн хүргэж үүнийгээ дагуулж төсвөө баталсан. Оны эхний 14 хоногийн мэдээгээр Хятадын талын нүүрс татан авалт жигдрээгүй манай талаас нүүрс тээвэрлэлтийн цуваа 25-30 км үргэлжилж байгааг Өмнөговь аймгийн Цагдаагийн газраас мэдээлж буй. Тэгэхээр уул уурхайн бүсийн дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэхээс нааш монголчууд зах зээлийн боломжийг ашиглаж чадахгүй. Ганц боомтын орж гарах урсгалыг 1-2 замаар нэмээд ч нэгэнтээ машинаар гэлдрүүлэх Монголын нүүрс урд хөршийн хил орчмын аймаг, балгаснаас хэтэрч үнэ цэнэд хүрэхгүй нь лавтай. Наад талаасаа хүчин чадлыг хэчнээн өргөжүүлж, хос зам байгуулаад, хөрөнгө мөнгө зориулавч цаад талдаа дураа хүрвэл нээж, хаадаг. Уг асуудал мөн чанартаа хэвээр. Тиймээс төр, засгийн зүгээс нэн түрүүнд нүүрсний тогтвортой, урт хугацааны нийлүүлэлт, экспортын хэмжээг нэмэгдүүлэх, аль эсвэл тодорхой дүнг баталгаажуулах яриа хэлэлцээрийг Хятадын талтай төрийн дээд төвшинд хийж, зарчмын тохиролцоог энэ онд хийх хүлээлт буй. Уул уурхай нь тодорхой мөчлөгтэй. Зах зээлийн жамаараа нүүрсний үнэ өсч уруудна. Уруудах мөчлөгт монголчууд бэлэн биш болохыг өнөөгийн дүр зураг илтгэж байна.

Төмөр замын төслүүдээ гацаахгүй байхаас уул уурхайн экспорт шалтгаална

Нүүрсний экспортын одоогийн нөхцөл байдал төмөр замын бүтээн байгуулалт нэн шаардлагатайг харуулж шинэ гарцын хэрэгцээг ч тодотгож байна. Эрдэнэт-Арцсуурь чиглэлийн 780 км, Зүүнбаян-Ханги чиглэлийн 280 км төмөр зам барихыг “Төрөөс төмөр замын талаар баримтлах” бодлогод тусгасныг хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлыг 2019 онд тавина. Түүнчлэн УИХ-аас баталсан “Монголын түүхий эдийн экспортыг олон гарцтай болгоход чиглэсэн авто болоод төмөр замуудыг байгуулах. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын зэрэгцээ Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөл багтсан. Угаас эхлүүлчихсэн Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын ажлыг энэ онд дуусгах нь зүйн хэрэг. Гэвч “Монголын төмөр зам” компанид энэ төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр хомс. Тиймээс санхүүжилтийн эх үүсвэрийг “Эрдэнэс Тавантолгой” компани хариуцахаар болсон. Гэтэл хууль дахь төрийн хувь эзэмшлийн зөрчилдсөн заалтуудыг шийдвэрлэж чадахгүй байгаагаас шалтгаалж ажлаа ч, хөрөнгө олруулалт ч босгох хугацаа алдах нөхцөл үүсээд байна гэж компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэлдээ онцолж байв. Харин Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн хувьд нэг зах зээлээс хараат байдлыг бууруулах үүднээс хойд хөршийн нутгаар дамжин Алс Дорнодын боомтоор Монголын түүхий эд, тэр дундаа Тавантолгойн нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах хэтийг харж байна.Зүүнбаянгаас үргэлжлээд Ханги боомтоор Хятадын аж үйлдвэрийн бүс нутагт шууд хүрэх шинэ гарц байх юм. Мөн Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр зам хойд зүгт Кызыл-Курагино төмөр замтай холбогдох төсөөлөлтэй. Оросууд Монголын нутгаар дамжин урд хөршийн зах зээлд хүрэх боломжийг тооцоолж байна.

Тавантолгойгоос иргэд ногдол ашиг хүртэж Оюутолгой далд уурхайн бүтээн байгуулалт эхэлнэ

Тавантолгой төслийн 30 хувьтай тэнцэх IPO гаргах олон улсын хөрөнгийн бирж тодрох ёстой. Гэхдээ бэлтгэл ажлын хангалтыг оны сүүлчээр УИХ-д танилцуулах асуудал ёстой байсан ч төр, засгийн өнөөгийн ээдрээтэй байдал, чуулган хуралдаж чадахгүй байгаа нь энэ янзаар үргэлжилбэл Тавантолгойн төслийн явц таг зогсох эрсдэлтэй. Өнөөг хүртэл өнгөрсөн он жилүүдэд энэ төслийг урагшлуулах, хөдөлгөх оролдлого бүр төр, засгаас хамаарч, гацаж ирсэн. Тэрхүү “алдаа” дахин давтагдах вий. Түүнчлэн “Оюутолгой” компани гэрээний дагуу цахилгаан станцыг Монголын талд байгуулах талбайг энэ онд сонгож бүтээн байгуулалтыг эхлүүлж 2021 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Энэ нь Монгол Улс томоохон өр төлбөрүүд төлөх цаг үетэй давхцаж байгаа юм. Хуваарийн дагуу 2020-2024 онд бондын дөрвөн тэрбум гаруй ам.доллларын өр төлөгдөх ёстой. Тиймээс Засгийн газраас Оюутолгой төслийн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь явуулах, хүлээгдэж буй орлого нэмэгдэх нөхцөл байдалд болгоомжтой хандах нь чухал гэдгийг салбарынхан тайлбарлаж буй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин