Ц.МЯГМАРБАЯР
НӨАТ-ын буцаан олголттой холбогдуулан Татварын ерөнхий газрын татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Ц.Ундармаагаас зарим зүйлийг тодруулав.
-НӨАТ- ын баримтаа бүртгүүлэх хугацаа маргааш дуусна. Гэтэл буцаан олголтыг өгч байгаа, татвар авч байна зэрэг мэдээлэл гарч байна?
- 2018 оны төлбөрийн баримт бүртгүүлэх хугацаа маргаашын 00:00 цагаар дуусгавар болно. Тиймээс НӨАТ- ын урамшууллын буцаан олголтыг олгож эхлээгүй байгаа. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.18-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллаас орсон орлогыг албан татвараас чөлөөлнө гэж заасан. Иймд татварын албанаас НӨАТ- ын буцаан олголтоос ямар нэг хувь хэмжээгээр татвар, хураамж суутгаж байгаа асуудал огт байхгүй. Энэ нь ташаа мэдээлэл байна.
-Буцаан олголтыг иргэдийн данс руу хэзээ шилжүүлэх вэ?
-Татварын ерөнхий газар 2018 оны буцаан олголтын мэдээ судалгааг нэгдүгээр сарын 15-ны дотор гарган ес хоногийн дотор Сангийн яаманд хүргүүлнэ. Сангийн яам 45 хоногийн дотор санхүүжилтыг шийдэж Монголбанк болон Төрийн сан дахь тусгай дансаар дамжуулан ажлын гурав хоногийн дотор 2018 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг хүлээн авагчийн дансанд шилжүүлэх тул энэ оны нэгдүгээр улиралд багтаан олгоно.
-Иргэдэд анхааруулах зүйл бий юу?
-ebarimt.mn- д хоёр ба түүнээс дээш бүртгэл буюу регистрын дугаар дээрээ хоёроос дээш бүртгэл үүсгэсэн байгаа хэрэглэгчид маань нэгтгэх шаардлагатай байна. Нэгтгэх зааврыг www.ebarimt.mn, ebarimt page хуудас, татварын албаны сайтад байршуулсан.
-“ААН илгээгээгүй” гэсэн баримтуудаа хэрхэн засах ёстой вэ?
-“ААН илгээгээгүй” төлөвт байгаа баримтуудаа засварлаж, дахиж бүртгүүлэх шаардлагатай. ААН илгээгээгүй төлөв нэлээд олон шалтгаантай. Нэгдүгээрт тухайн аж ахуйн нэгж нь баримтаа нэгдсэн системд илгээгээгүй байдаг. Мөн QR код уншигдах боломжгүй баримтыг гараар шивж оруулдаг. Гараар шивж оруулахад сугалааны дугаарыг алдаатай бичсэн тохиолдолд “ААН илгээгээгүй” гэсэн төлөвт орчихдог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин