Д.Оюун
Хэрэглэгчийн итгэлийн индексийн энэ оны гуравдугаар улирлын судалгааны тайлангаас цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Эдийн засаг, санхүүгийн төлөв байдлын талаар хэрэглэгчид хэр зэрэг өөдрөг байгааг хэмждэг “Хэрэглэгчийн итгэлийн индекс” нь эдийн засгийн нэг гол үзүүлэлт юм. Үүнийг АНУ, Англи, Австрали, Тайланд, Украйн, Хонг-Конг, Хятад, Чех, Япон оронд тооцдог. Монгол Улсад 2009 оны дөрөвдүгээр сараас эхлэн тооцоолж байна. Хэрэглэгчийн итгэлийн индексийн утга 100-гаас өндөр бол хэрэглэгчид өөдрөг, харин 100-гаас бага бол гутранги байна гэж үздэг байна.
Хэрэглэгчид (өрхүүд) нь дотоодын нийт бүтээгдэхүүний хамгийн том худалдан авагч бүлэг бөгөөд Монгол Улсын ДНБ-ий 60 орчим хувийг худалдан авдаг. Хүмүүсийн хэрэглээ, хадгаламж нь тэд өөрсдийн цалин, орлогын тогтвортой байдлын талаар хэр зэрэг итгэлтэй, өөдрөг байгаагаас ихээхэн хамаардаг. Иймд эдийн засагт хэрэглэгч бүлгийн өөдрөг байдал чухал нөлөөтэй. Монгол Улсын хэрэглэгчийн итгэлийн индекс энэ оны гуравдугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 4.8 пунктээр буурч 81.7 болсон байна. ХИИ-ийн энэ өөрчлөлтөд түүний бүрэлдэхүүн хэсэг болох ирээдүйн хүлээлтийн индексийн бууралт нөлөөлжээ. Тухайлбал, ирээдүйн хүлээлтийн индекс жилийн хугацаанд 16.9 пунктээр буурч 100.5 болжээ. Харин өнөөгийн байдлын индекс жилийн өмнөх оны мөн үеэс 13.2 пунктээр (32.8 хувь) өсч 53.4 болжээ.
Зураг 1. Хэрэглэгчийн итгэлийн индекс, улирлаар
Өнөөгийн байдлын индексийн өсөлтөд ажлын олдоц сайжирсан (32.4 пункт) нь нөлөөлсөн байна. Ойрын ирээдүйд буюу ирэх зургаан сарын хугацаанд эдийн засгийн байдал ямар байх талаар өрхийн хүлээлт муудахад бизнесийн нөхцөл муудна (-24.2 пункт) гэсэн хүлээлт гол нөлөө үзүүлжээ. Түүнчлэн ажлын олдоц (-7.6 пункт) болон орлогын (-18.8 пункт) хүлээлтийн индекс өмнөх оны мөн үеэс буурсныг судалгааны тайланд тэмдэглэжээ.
Хэрэглэгчид өөдрөг байх үед ДНБ-ий улирлын дундаж өсөлт 11.9 хувь байсан бол хэрэглэгчид гутранги байх үед дундаж өсөлт 4.6 хувь байна.
Зураг 2. ХИИ ба ДНБ
Эх сурвалж: Зууны мэдээ сонин