Д.ОЮУН

Арилжааны банк хооронд нэг сая хүртэлх төгрөгийн гүйлгээ хоромын төдийд ордог. Харин өнөөдрөөс эхлэн гүйлгээний үнийн дүнг өсгөж гурван сая төгрөг болгожээ. Ийнхүү гүйлгээ хийхэд 3-4 секундын дотор хүлээн авагч тал мөнгөө авах боломж бүрдэж буй. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монголбанкинд “Банк хоорондын сүлжээ” төслийг хэрэгжүүлсэн байна. Төвбанк төлбөр тооцооны системээ шинэчилж, гүйлгээний үнийн дүнг өсгөсөн аж.

Банк хооронд шилжүүлэх гуран саяас доош мөнгөн дүнтэй гүйлгээг бэлэн бусаар хийхдээ банкны салбар болон интернэт, цахим банк, гар утсан дахь аппликейшн ашиглан хийж буй орлого, шилжүүлэг, бүх төрлийн гүйлгээ багтана. Төлбөр тооцоог 24/7 бодит цагийн горимоор дамжуулдаг болсноор иргэд цаг алдахгүй болсноос гадна  бэлэн мөнгөний хэрэглээ буурах, банк санхүүгийн үйлчилгээ илүү хялбар, найдвартай, шуурхай болох зэрэг давуу талтай. Түүнчлэн бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээ өсөх, иргэдийн банкинд итгэх итгэл нэмэгдэхээс гадна жижиг, дунд бизнес эрхлэгчид бизнесийн цар хүрээгээ өргөтгөхөд давуу тал болно хэмээн мэргэжилтнүүд онцолжээ.

Эх сурвалж: www.polit.mn