Ц.МЯГМАРБАЯР
Алт бол валютын нөөц бүрдүүлэх мөнгөний үнэ цэнийг тодорхойлох стратегийн чухал ач холбогдолтой металл. Одоогоор манайд алтыг тусгай зөвшөөрөлтэй олборлогч компаниуд, бичил уурхайн нөхөрлөл, хоршоод албан ёсоор олборлодог. Үүний зэрэгцээ албан бус уурхайчид болон хууль бус олборлогчид мөн алт олборлож байна. Эдгээр олборлогчид дөрвөн эх үүсвэрээс алтыг олборлож Монголбанкинд тушаадаг. Харин Төвбанкинд ирэх зам нь янз бүр. Алт олборлох компаниуд нь тусгай зөвшөөрлийн дагуу олборлож тусгай сорьцын лаборторид шинжлүүлж алтаа тушааж буй. Харин бичил уурхайн албажсан нөхөрлөл, хоршоодын тухайд олборлолт нь зөв хэдий ч зарим худалдааны төвшинд албан ёсны биш. Алт анхдагч нэгжээс аймаг сумын алтны худалдаачид, алтны ченж, алтан эдлэлийн зах зээлд нийлүүлэгдэж явсаар сорьцын хяналтын лаборторид сорьцоо тогтоолгосны дараа Төвбанкинд ирдэг. Эцсийн цэг болох улсын сорьцын лабортори нь албан ёсны хэрнээ дундах үе шат хууль бус байна. Хууль бус байдлыг ашиглан зарим нэг алт олборлогч компаниуд, алтны худалдаачид хууль бус замаар олборлосон алтныхаа нөөц болон хэмжээг нуун дарагдуулах,худал мэдүүлэх эсвэл нөөцөөсөө илүү гарсан алтаа хууль бусаар хил давуулж байна гэсэн хардлага олон нийтийн дунд бий. Гэхдээ хэдэн кг алт хэдэн онд хууль бусаар хил давуулсан гэсэн тоо баримт одоогоор байдаггүй юм байна. Монголбанкны худалдан авсан алттай дүйцхүйц хэмжээний алтыг хил давуулан алдаж байна гэсэн албан бус тооцоо байдаг тухай эх сурвалж ярьж байна. Төв аймгийн алтны ченж Б ярихдаа “ Хувь хүн бид ч яахав нэг их хэмжээний алт байх биш цөөн гарммын алтаа аль өндөр үнээр авч байгаа банкинд эсвэл дундын ченжид өгдөг. Гэхдээ зарим алтны компаниуд ч гэсэн нууцаар хил давуулдаг тухай яригддаг” гэж байв. Өнгөрсөн онд гэхэд 20 тонн алт Монголбанк худалдан авсан. Гарал үүсэл нь тодорхой, эко мөн хүний эрхийг хүндэтгэсэн хэлбэрээр олборлосон алт олон улсын шаардлагад нийцдэг. Монголбанк шаардлагад нийцүүлэхийн тулд газар дээр нь алтаа авахаар болж энэ онд Дархан-Уул, Төв аймагт сорьцын лаборатори байгуулсан нь үр дүнгээ өгчээ. Тухайбал байгуулагдаад ганц сар болж буй Дархан-Уул аймгийн лаборторид гэхэд 100 орчим кг алт сорицлосон байх жишээтэй. Тйимээс ирэх онд дахин хоёр аймагт ийм нэг цэгийн үйлчилгааний лаборатори байгуулах болсон аж.
АЛТ ЦЭВЭРШҮҮЛЭХ ҮЙЛДВЭР БАРИЛАА Ч ҮР ДҮНГЭЭ 10 ЖИЛИЙН ДАРАА ӨГНӨ
Төв банк алтаа олон улсад зөвшөөрөгдсөн итгэмжлэлтэй лаборторид цэвэршүүлдэг. Нэг унц алт цэвэршүүлэхдээ нэг ам.доллар төлдөг юм байна. Алтаа Лондонгийн үнэт металийн биржид арилжаалж валютын нөөцөө бүрдүүлж буй. Унц тутамд 50 ам.доллар төлж цэвэршүүлж буй тохиолдолд дотооддоо алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нь эдийн засгийн үр өгөөжтэй гэж үзэж буй. Мэдээж олон улсад зөвшөөрөгдсөн, итгэмжлэлтэй үйлдвэр барих шаардлага тавигдана. Тэгвэл алт цэвэршүүлэх үйлдвэрийн зөвшөөрөл итгэмжлэлийг дор хаяж 5-10 жил ажиллаж байж дээрх болзолыг хангадаг хатуу шалгууртай. Өнөөдөр ямар нэгэн эх үүсвэрээр нэг үйлдвэр бариад алтаа цэвэршүүллээ гэхэд Лондонгийн металлын бирж худалдаж авахгүй гэсэн үг. Хөрөнгө зараад барьсан үйлдвэрээ сул зогсоох уу гэдэг асуудал гарч ирж байна. Тиймээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлтэй цэвэршүүлэх үйлдвэрийн салбарийг оруулж ирэх нь илүү ашигтай хувилбар гэдгийг ч мэргэжлийнхэн хэлж байна. Гэхдээ алтны нийлүүлэлт албан ёсны болоогүй тохиолдолд үйлдвэр бариад шийдэгдэх үү гэдэг цаг хугацаанаас хамаарна. Монгол Улсын алтны нийлүүлэлтийн зураглалыг олон улсын шинжээчид, мэргэжлийн байгууллага гаргажээ. Стратегийн хүрээнд үйлдвэрлэлийг илүү боловсронгуй болгох , хөрөнгө оруулалт, боловсрол, эрүүл мэнд, нийгэм эдийн засагт ямар үр өгөөж авчирах вэ гэдэг талаас нь харах шаардлага тулгарч байна. Одоогоор нийлүүлэлтийн сүлжээ алдаатай байгааг мэргэжилтнүүд хэлж засч буй ч хэн, хаанаас хэрхэн олборлож, боловсруулан худалдаад байгааг гарал үүслийг баримтаар тодорхой байхыг олон улсад шаарддаг. Түүнчлэн татварын нэгдсэн хялбар тогтолцоо чухал аж. Өөрөөр хэлбэл, санхүүгийн бичиг баримт, татвар ноогдуулалт үе шат бүрээр төлөгдсөн байх шаардлагатай. Эдгээр гурван сүлжээ бүрдсэн байхад албан нийлүүлэлт бүрэн гэж үздэг ажээ. Алтны хайгууль олборлолт, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн үйл явцыг албан нийлүүлэлтийн сүлжээ гэж нэрлэдэг юм байна. Энэ нь олон улсын стандарт. Манайд энэ бүх стандарт зөрчигдөж буй. Нийлүүлэлтийн үр дүнгээс ямар үр ашгийг тухайн орон нутгийн иргэд хүртэх вэ гэдгээс алтны үнэ цэнийн гинжин хэлхээ үүсдэг байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин