С.УЯНГА
Уул уурхайн салбар эрчимтэй хөгжихийн хэрээр эдийн засагт “жин” дарж байна. Үүний илрэл нь улсын ДНБ-ий есөн хувь, аж үйлдвэрийн 55 хувь, экспортын орлогын 57 хувийг энэ салбар бүрдүүлж байгаагаас харж болно. Тэр хэрээр ажилчдын эрүүл мэнд, аюулгүй орчин, байгаль экологийн нөлөөллийг хариуцлагажуулах асуудал хөндөгддөг ч одоохондоо төгс шийдэл олоогүй байгаа юм. Уул уурхайн салбарын томоохон компаниуд ч автозамын тоосжилтын асуудлаа бүрэн шийдэж чадаагүй байна. Тухайлбал, Монголын уул уурхайн нөхцөлд замын тоос дарах ажлыг автосамосвалаар гүйцэтгэж ирсэн ба “Оюутолгой” компанийн үйл ажиллагаа явуулж буй Ханбогд суманд гэхэд зөвшөөрөгдөх хэвийн хэмжээнээс 45 дахин. Харин Эрдэнэт үйлдвэрт БелА3-76483 замын гадаргууд ус цацах, Магни хлоридыг хуурайгаар цацах, халуун усанд найруулж цацах, хиймэл цас оруулах зэрэг олон аргуудыг туршиж байгаа ч үйлдвэрлэлийн болон эдийн засгийн өртөг өндөр байдаг гэнэ.
Тиймээс уул уурхайн салбарыг хөгжсөн орны жишигт нийцүүлэх, үүний тулд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, ашигт малтмалын орд газрыг экологи, эдийн засгийн өндөр үр ашигтай, аюул осолгүй, эрүүл орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэх нь чухал гэдэг дээр эрдэмтэн, судлаач, инженерүүд санал бодлоо солилцох боломжийг олгосон 1000 инженерийн зөвлөгөөн саяхан Эрдэнэт хотод болсон юм. Энэ үеэр инженерүүд уул уурхай өндөр хөгжсөн орнууд уурхайн тоосжилтыг бууруулахад шинэлэг технологид тулгуурласан эдийн засгийн үр ашигтай, өндөр бүтэмжтэй аргачлалуудыг хэрхэн ашиглаж байгаа талаарх судалгаа, техникийн шийдлийг танилцуулсан юм.
Харин уурхайн автозамын тоосжилтыг бууруулах NELSON иж бїрэн усалгааны систем нь дараах давуу талуудтай. Давуу талууд: -Хөдөлмөр зарцуулалт бага усалгаа хурдана хийгдэнэ -Услах талбайн хэмжээ том /180 градус/ -Ус цацахдаа эргэлт хийх боломжтой -Зөөвөрлөх шилжүүлэх боломжтой -Хүний оролцоо бага автомат системээр удирдана -Нөхөн сэргээлтийн талбайд суурилуулах боломжтой -Өвлийн улиралд бодистой хольж тоос дарах боломжтой
Эрдэнэт үйлдвэрийн ил уурхайн инженер О.Алтангэрэл, Д.Очирбат нарын илтгэлд дурдсанаар Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн авто зам дулааны улиралд байнгын тоосжилттой, ээлж бүрт БелА3-76483 маркын 32 м куб багтаамжтай технологийн усны 4-5 ширхэг хүнд даацын автомашин ажилладаг ч замын тоосыг хангалттай бууруулж чаддаггүй аж. Тиймээс уурхайн замын тоосыг дарах шинэлэг санааны нэг болох газар тариалан, байгаль орчин, уул уурхайн салбарт ашигладаг Австрали улсын NELSON компанийн бүтээгдэхүүнийг Монголын ил уурхайд туршиж болох эсэх, эдийн засгийн үр ашгийг судалсан байна. NELSON компанийн усалгааны иж бүрэн систем нь усыг тоосорхог хэлбэрт оруулж усалгаа хийдэг ба цацагч хошуу нь бүрэн автомат систем, хоолой бүр дээр автомат системийн хайрцагтай, удирдлагын хувьд өөр дээрээ ус нээж, хаах, цахилгаан тохируулгатай учраас алсын зайнаас удирдах боломжтой юм байна.
Инженер О.Алтангэрэлийн танилцуулснаар “Бороожуулах nеlson 75 маркын хошуу нь 24-27 градусын налууд шүршинэ. Өөр дээрээ эргэлт хийх механизмтай, шүрших, даралтын хэмжээ хошууны хэмжээнээс хамаарч 30-160 хүртэлх GPM даралт өгдөг. Усалгаа хийх тойргийн диаметр эргэлтийн өнцгөөс шалтгаалан 47-53 метр хүртэлх усыг бороожуулан цацах боломжтой. Цацагчийн хошуу өөр дээрээ хавхлагатай. Хошуу нь байнгын хөдөлгөөнтэй, эргэлттэй учир усыг цацах үедээ тогтмол бороожуулна. Автомат удирдлагын систем нь усалгааг хаанаас ч хийж болно. Хугацаа болон шүрших хоолойг тохируулах боломжтой. TWG сүлжээ рүү мэдээлэл дамжуулах хугацаа 20 секунд. Зөөврийн зай батарейгаар ажилладаг. Усалгааны хугацааг тохируулна. Гурван км зайнаас удирдаж болно. Nelson 75 маркын усалгааны системийн хошуунаас цагт 3500 тонн усаар бороожуулна. Уурхайн замд 1500 м урттай. 165 мм диамертэй хуванцар хоолой ашиглана. 1.5 км зам услахад хүрэлцэнэ. Ингэснээр зардал хэмнэнэ. Усны хэрэглээ үргүй зардал багасна. Замын эвдрэл гэмтлээс сэргийлнэ.Тоосны тархалтын хэмжээг удирдсанаар тоосжилтыг багасгах боломжтой” гэлээ.
Эрдэнэт үйлдвэр 2017 онд усалгааны автосамосвал уурхайн зам усалгаа, нөхөн сэргээлтэд 3-10 сар хүртэл 28870 цагийг зарцуулсан бөгөөд зардал хэт өндөр гарчээ. Тиймээс уул уурхайн компаниуд нэвтрүүлбэл үр ашигтай төдийгүй баяжуулах үйлдвэр, хаягдлын аж ахуйн цагаан тоосыг дарахад ашиглаж болно гэдгийг инженерүүд хэллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин