Б.ТӨГС
Ирэх оны төсвийн төсөлд тусгаснаар орон нутагт чиглэсэн хөрөнгийн эх үүсвэрүүд багагүй хувиар нэмэгдэхээр байна. Тухайлбал, нийслэлийн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 2018 оноос эхлэн анх удаа аймгуудад Улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хуваарилж эхэлсэн. 2018 онд 59 тэрбум төгрөгийг энэ зорилгоор аймгуудад хуваарилсан бол 2019 оны төсвийн төсөлд 189 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгажээ. Ингэснээр ихэнх аймагт 2-3 тэрбум төгрөг байсан бол 8-10 тэрбум болж нэмэгдэнэ гэсэн үг. Мөн ашигт малтмалын хайгуулын лицензийн төлбөрийн 50, түүхий нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн 50, газрын тосны лицензийн төлбөрийн 30 хувь болох нийт 33 тэрбум төгрөгийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор орон нутгийн төсөвт шинээр хуваарилсан байна. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг энэ оныхоос 62 хувиар нэмэгдүүлж 144 тэрбум төгрөг болгохоор тусгажээ. Ингэснээр 2019 онд орон нутгийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр нийлбэр дүнгээрээ 681 тэрбум төгрөг болж энэ оныхоос 276 тэрбумаар нэмэгдэхээр байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин