С.УЯНГА

Монгол инже­нерүүдийн ур ухаанаар дэлхийд тэргүүлэх технологийн шийдэл гаргаж, улс орны хөгжлийг түргэтгэх бүрэн боломж байгааг Эрдэнэт хотноо хоёр өдөр үргэлжилсэн 1000 инженерийн сэт­гэл­гээнээс харж болохоор. Мөн 1000 оюунлаг инженерийн санаа бодлоос урган гарсан бүхэн шийдэл болно гэдэгт эргэлзэхгүй байгааг оролцогчид онц­лон тэмдэглэж байлаа. Хэдийгээр эрдэм шинжилгээний хурал, 1000 инженерийн зөвлөгөөн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 40 жилийн түүхэн ойтой давхацсан ч зөвхөн Эрдэнэт үйлдвэр биш Монгол Улсын хөг­жил, цаашлаад дэлхий нийтийн хөгж­лийн чиг хандлагыг тодорхойлсноос цар хүрээ, үр өгөөж нь харагдана. Оролцогчдын хувьд ч уул уурхайн салбар хөгжих эгзэгтэй үе, одоогийн амжилт бүтээл, бэрхшээлтэй гээд уул уурхайн салбарын салаа мөчир бүрт  ажилласан үе үеийн төлөөлөл, тэр дундаа илүү мэргэжлийн гэж тодотгож болохоор шинжлэх ухаанч эрдэмтэн, судлаач, инже­нерүүд байсан нь үйлдвэрлэлийг шинж­лэх ухаанд тулгуурлаж  хөг­жүүлэх шинэ болом­жуудыг эрэлхийлэх бод­логын цөмийг тодор­хойлсон гэж хэлж болно.

ХӨГЖЛИЙН ШИНЭ ХАНДЛАГА БОЛ МЭДЛЭГИЙН МЕНЕЖМЕНТ, ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭДИЙНЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ

Менежментийн ухаан, ажлын арга барил, бизнес сайжруулалт, бүтээмжийн тэргүүн туршлагыг хуваалцахад чиглэж буй чуулган дөрөв дэх удаагаа болж байна. Зөвлөгөөний зорилго, үр өгөөжийг тодотгож “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Эрдэнэт үйлдвэрийн 40 жил бол бүтээн байгуулалтын түүх юм. Үйлдвэрийн хамт олон үнэ цэнийг бүтээж чадлаа. Хамгийн гол нь үйлдвэрлэл уул уурхайн бүх шатны ажлыг өндөр түвшинд хийх инженер техникийн ажилтан, оюунлаг 6000 ажилтантай армийг бүрдүүлж чадсан явдал юм.  Зөвлөгөөн уул уурхайн салбарын хөгжил дэвшилд дорвитой хувь нэмэр оруулна” гэв.

Инженерүүдийн сэтгэлгээ бүхэн шийдэл болж оюуны хөрөнгө оруулалтаар эдийн засгийг үр шим дээшилж буйг зөвхөн “Эрдэнэт үйлдвэр” компанийн жишээгээр дурдаж болно. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 6000 ажилтны гуравны нэг нь инженер техникийн ажилтнууд байдаг бөгөөд үйлдвэрт данстай инженер бүр 90 гаруй сая төгрөгийн баялаг бүтээж байдаг аж.

Зөвлөгөөнд орол­цогчид, илтгэл тавьсан инже­нерүүд дэлхий нийтээр уул уурхайн салбарт ашиглаж  буй технологиудыг Монголын нөх­­цөлд хэрхэн ­то­хи­­руулж ашиглах, үйлд­вэрлэлд үр дүнтэй нэвт­рүүлэх  чиглэлээр илт­гэл хэлэлцүүлэв. Түүнч­лэн үйлдвэрлэл сур­галтын ажлын уялдаа хол­боог сайжруулахад онцгой ач холбогдол өгөх, бүтээмжийг дээш­лүүлэхийн тулд инно­ва­цад суурилсан үйлдвэр­лэлийг үр дүнтэй явуулж эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг тал бүрээс нь хэлэлцлээ.

Эрдэнэт үйлдвэр” 40, 1000 инженерийн зөвлөгөөний үеэр менежментийн ухаан, бизнес сайжруулалт, бүтээмжийн тэргүүн туршлагаа хуваалцсан зарим экспертийн үгийг онцолж байна.

Л.Хүрэлбаатар: ИННОВАЦИЙГ ХЭРХЭН НЭВТРҮҮЛЖ БАЙГААГААС ХӨГЖИЛ ШАЛТГААЛНА

/Монос группийн ерөнхийлөгч/

- Дэлхийн томоохон групп, компаниудын хөгжил инновацийг хэрхэн үр дүнтэй нэвтрүүлж байгаагаас шалтгаалж байна. Компаниудын гол шалгуурын нэг нь  шинжилгээ  судалгаандаа хэр их мөнгө зарцуулж байгаа үзүүлэлт юм. Мөн үйлдвэрлэлийн хэдэн хувь нь инновацийн бүтээгдэхүүн, ямар тех­нологи ашиглаж байгаа төдийгүй мэргэ­жилтнүүдийн ур чадвар, тэднийг хэрхэн тасралтгүй хөгжүүлж байгаагаас үр дүн харагдана. Инноваци нь тасралтгүй үйл ажиллагааны явц учраас бүх ажилтандаа инно­вацийн соёлыг нэвтрүүлэх хэрэгтэй. Үүний үр дүнд хүн болгон шинэ санаа гаргаж түүнийг нь үйлдвэрлэлд амжилттай хэрэгжүүлэх юм. Инноваци бол үйлдвэрлэлийн явцад хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, ажил үйлчилгээг сайжруулж байгаа арга зам.

Ш.Амартүвшин: БОЛОВСРОЛ, ЧАДВАР ӨСЧ БАЙГАА Ч САНААЧЛАГА, ХАНДЛАГААС Л ГОЛ ҮР ДҮН ГАРНА 

/ “АФА” академийн ерөнхий захирал/

-Дэлхийн хандлагыг харахад ажилчид, нөгөө талаас худалдан авагч үйлчлүүлэгчдийн 80-90 хувь нь залуучууд болж шинэ үе хүч түрэн орж ирж байна. Хөдөлмөрийн зах зээл дээр нэмэгдэж байгаа залуучуудын тоо огцом өсч байгаа учраас хүний хөгжлийг орхихгүйгээр судалж явах ёстой. Залуучуудын биеэ авч явах байдал, итгэл үнэмшил тасралтгүй өсч байгаа учраас тэднийг татах арга зам ч өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл, боловсон хүчний сонирхол үнэ­лэмж, хандлага өөрч­лөгд­сөн учраас оюунлаг хүмүү­сийг байлдан  дагуулахын тулд агуулга дээр ажиллахаас өөр аргагүй болж байна.

 Сүүлийн 15 жилд насанд хүрэгчдийн 70 хувь нь дээд боловсролтой болсон. Эндээс харахад боловсрол, чадварын тал дээр өсч байгаа ч санаачлага, хандлагаас л гол үр дүн гарна.  Хэдийгээр хүний чад­варыг дипломаар тодор­хойлж болох ч санаачлага, өөртөө итгэлтэй байдал л хамгийн чухал.  С.Цогжавхлан: БИЗНЕС САЙЖРУУЛАЛТЫН САНААЧЛАГЫН ХУРЛААС ТӨСЛИЙНХӨӨ  60-70 ХУВИЙГ ОЛЖ АВДАГ

/Оюутолгойн Уурхайн үйл ажиллагаа, дэд бүтэц хариуцсан  ахлах мэргэжилтэн/

-Оюутолгой компани бизнесийн загвар төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Аюулгүй ажиллагааг хангахгүй бол ямар ч амжилт байхгүй. Цаг хугацаа мөнгө учраас бүхнийг яг одоо хийж эхэлье гэсэн зарчимтай. Гэхдээ эрсдэлийг хянаж, цар хүрээг тэлж байх хэрэгтэй. Шинэчлэлийг эхлүүлэхэд манлайлал, чадварыг хөгжүүлэх хэрэгтэй.

Байгууллагынхаа бү­тээм­жийг нэмэгдүүлэхийн тулд удирдлага, ажилтан бүрдээ чиглэсэн дотоо­дын нөөц бололцоогоо ашиглахаар шийдэж хам­гийн эхэнд сайжруулалтын төслүүдийн санг бий болгосон. Үүний дараа ямар цаг хугацаанд ямар хүн хүчээр хэрэгжүүлж болохыг ярилцдаг. Хаана хүрсэн, хаана хүрч чадах боломжуудыг байнга тодор­хойлж санал санаачлага гаргаж байдаг. Бизнес сайжруулалтын санаачлагын хурлыг тогтмол зохион байгуулснаар хэрэгжүүлэх төслийн 60-70 хувь нь тэндээс урган гарч  байдаг. Санаачлагын санг бий болгож эрэмбэлж хянаж, бүртгэлжүүлж, баталгаажуулж, хэрэгжүүлэх нь үр дүнтэй.

Д.Дашдорж: ӨДӨРТ 10 САНАЛ ГАРСНЫ  ЗУРГАА НЬ ХЭРЭГЖИЖ, ТӨСӨЛ БОЛОН ӨРГӨЖИЖ БАЙДАГ

/Эрдэнэт үйлдвэрийн Хөгжлийн хэлтэс, инновацийн төвийн тэргүүлэх мэргэжилтэн/

-Эрдэнэт үйлдвэр үзэл баримтлалын хувьд бүрэн төгөлдөршсөн гэж үзэж байгаа. 2005-2017 онд сайн саналын системээр дамжуулж манай ажилтнууд 21815 санал гаргасан. Энэ саналын 60.8 хувь нь хэрэгжиж байна. Манай үйлдвэрт өдөрт арван санал гарч зургаа нь хэрэгжиж байгаа гэдэг нь компани дээр тасралтгүй сайжруулалт явагддаггүй ч нэг ч өдөр байхгүй. Шинийг санаачлагч компанийн дотоод сүлжээгээр дамжуулж хаанаас ч хамаагүй кабелийнхаа  дугаараар саналаа оруулж байдаг. Өөрөөр хэлбэл, заавал хуралдах шаардлагагүй. Цех тасгуудад ажиллаж байгаа Бүтээмжийн хорооноос саналыг бүртгэж зөвшөөрөл өгч, чиглэл бүрийн мэргэжилтнээс бүрдсэн зөвлөл хянасны дараа  программ автоматаар үнэлж гаргаж ирдэг. Мөн багаар ажиллах, ур чадварыг дээшлүүлэх үүднээс бүтээмж чанарын дугуйлангуудыг ажиллуулдаг нь бодит үр дүнг авчирч байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин