Өөрөөс нь

Б.СОЛОНГО

 

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл” УИХ-аар хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугартай мөнгөний бодлогын талаар ярилцлаа.

-Ирэх оны мөнгөний бодлогын асуудлыг УИХ-аар хэлэлцэж байна. Тэгэхээр хоёулаа 2013 оны үндсэн чиглэлийн талаар яриагаа эхлэх үү?

-Бид энэ оны мөнгө­ний бодлогын хэрэгжил­тийн явц болон ирэх онд хэрэг­жүүлэх бодлогын саналын төслөө УИХ-д танилцуу­лсан. Энэ оны хувьд өмнөх жилүүдээс хоёр асуудлаар шинэлэг байгаа. Нэгдүгээрт, Зас­гийн газартай хамтран тусгайлсан хөтөл­бөрүү­дийг хэрэгжүүлж, нийлүү­лэлтийн гаралтай инфля­цийг дунд хугацаанд хяз­гаарлах замаар инфляцийг тогтворжуулна гэсэн зо­рил­тыг тавьж байна. Хоёр­дугаарт банкны салбарын эрсдэл даах, эдийн зас­гийн хурдацтай өсөлтийг шингээх чадварыг сайж­руулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх замаар банк­ны салбарын тогтвортой байдлыг хангана. Сая хэл­сэн энэ арга хэмжээ­нүү­дийг авч хэрэгжүүлснээр дунд хугацаанд эдийн за­саг тогтвортой өсч, нийг­мийн амьжиргаа дээшлэх боломжтой болно.

-Өнгөрсөн жилүүдийн үндсэн чиглэлд инфляцийг нэг оронтой тоонд барих зорилт голчлон тавьдаг байсан, энэ заалт хэвээрээ юу?

-Энэ заалт сая миний хэлсэн макро эдийн зас­гийн тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилтод агуу­лагдаж байгаа. Учир нь үнийн тогтвортой байдлыг хангах нь Төвбанкны зү­гээс эдийн засгийн тогт­вор­той өсөлтийг бий бол­гоход оруулж буй үндсэн хувь нэмэр болж өгдөг. Тийм ч учраас Монгол­банк үндсэн зорилтынхоо хүрээнд төгрөгийн тогт­вор­той байдлыг хангахын тулд дотоодын үнийн өсөл­тийг тодорхой төвшинд тогтвортой барих зорилго тавьж ажилласаар ирсэн. Гэвч Монголбанкнаас тухайн зорилтын хүрээнд авч хэрэгжүүлж буй мөн­гөний бодлогын хэрэгс­лүүдийн үйлчлэх хүрээ хязгаарлагдмал буюу зөвхөн эрэлтийн шинж чанартай инфляцийг тогт­вортой түвшинд байлгахад чиглэдэг. Харин бодит байдал дээр Төвбанкны бодлогын арга хэрэгслээр зохицуулах боломж бага­тай, нийлүүлэлтийн шинж чанартай буюу мах, гурил, шатахуун, цахилгаан ду­лаа­ны үнийн өсөлт болон импортоор авч буй бараа­ны үнийн өсөлт инфля­цийн өсөлтийг голлон то­дорхойлох болсон. Иймээс Монголбанк эрэлтийн шинжтэй инфляцийг бага байлгахаас гадна Засгийн газартай хамтран нийлүү­лэлтийн шинж чанартай инфляцийн нөлөөллийг хязгаарлах чиглэлд хамт­ран ажиллах зорилтыг нэмж тусгасан. Энэ чиглэ­лээр зохих ажлууд хийгдэж эхлээд байгаа. Таны асуу­сан зорилтот төвшний хувьд дээрх бодлогыг хэрэг­жүүлснээр 2013 онд инфляцийг найман хувиас хэтрүүлэхгүй, 2014-2015 онуудад 5-7 хувийн түвшинд байлгах зорилт тавьсан.

-Инфляц буурах нь иргэдийн бодит худалдан авах чадварыг нэмэгдүүлэх ч зээлийн хүү өндөр байгаа тохиолдолд эргээд бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэлтэй. Ард иргэдийн дунд зээлийн хүү өндөр байгаа тухай яриа байнга гардаг. Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах чиглэлээр ямар бодлого баримталж байгаа вэ?

-Зээлийн хүүг буу­руу­лах асуудал нь үндсэндээ инфляцийг бууруулах мөн­гөний бодлогын зорил­тын нэг хэсэг юм. Миний сая ярьсан инфляцийг тогтвортой, бага төвшинд барих зорилтыг хангас­наар зээлийн хүүг бууруу­лах нөхцөл өөрөө бүрдэнэ. Түүнчлэн бид ирэх оны үндсэн чиглэлдээ зээлийн хүүг бууруулахад чиглэсэн хэд хэдэн ажил тусгасны нэг нь барьцаа хөрөнгийн эрхзүйн орчныг шинэчлэх ажил юм. Энэ ажил хэ­рэгж­сэнээр банкууд зээ­лийн барьцаа хөрөнгийг зар­цуулахад үүсдэг хүнд­рэлүүдийг хуулийн хү­рээнд илүү түргэн шуурхай шийдвэрлэж, банкны үндсэн үйл ажил­лагаа түргэн шуурхай яваг­дах, санхүүгийн са­хил­га бат сайжирч, банк­ны систе­мийн эрсдэл буурч, улмаар зээлийн хүү буурах нөхцөл бүрдэх юм. Мөн уржигдар зээлийн батлан даалтын сан байгуулахаар харил­цан тохиролцож, холбог­дох байгууллагууд санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус сан байгуу­лагдсанаар жижиг дунд бизнес эрх­лэг­чид зээл авахад гардаг барьцаа хөрөнгийн асууд­лыг шийдвэрлэх чухал ач холбогдолтойгоос гадна бусад орнуудын туршла­гаас харахад энэ төрлийн механизм хэрэгжсэнээр зээлийн эрсдлэл багасч, хүү буурдаг нь анзаа­рагд­сан.

-Үндсэн чиглэлд тус­гагдсан дээрх зорилтууд хэзээ үр дүн нь мэдрэгдэж, зээлийн хүү буурах вэ. Бодлогын хүүг бууруулах боломжтой талаар Н.Зол­жаргал ерөнхийлөгч мэдэгдсэн. Бодлогын хүү буурахаар зээлийн хүү буурах уу?

-Хугацааг нарийн хэлэ­хэд хэцүү, үүнд дотоод гадаад эдийн засгийн ор­чин, Монголбанкнаас гад­на төрийн бусад байгуул­лагын хэрэгжүүлж буй бодлого, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, иргэдийн хүлээлт гэх мэт олон хүчин зүйл нөлөөлнө. Тэгэхээр  макро эдийн засгийн суурь бүтцийг сайжруу­лах, тогтвортой өндөр өсөл­тийг хангахад чиглэгдсэн цогц бодлого хэрэгжүүлж байж үр дүн нь гарна. Монголбанкны зүгээс эдийн засаг дахь эрэлт, нийлүүлэлтийн шокын инфляц, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө хэр удаан үргэлжлэхийг шин­жилж үзсэний үндсэнд ирээдүйг харсан мөнгөний бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, төсвийн бодлого богино хугацаанд хэт тэлэх нь эдийн зас­гийн хэт халалтыг бий болгож, эрэлтийн шалт­гаантай өндөр инфляцийг бий болгоно. Иймд мөн­гөний бодлогыг чанга­руулж эдийн засгийн идэвх­жилийг сулруулах замаар инфляцийн дарамтыг буу­руулахад хүргэдэг. Харин нийлүүлэлтийн шокын үед инфляц болон үйлд­вэрлэл нь эсрэг чиглэлд өөрчлөгдөж энэ нь мөнгөний бодлогыг хэрэг­жүүлэхэд хүндрэл учруул­даг. Нийлүүлэлтийн шалт­гаантай инфляцийг мөн­гөний бодлогоор бууруулах гэж оролдох нь эдийн зас­гийн өсөлтийг сааруулах нөлөөтэй гэж үзэж байна. Тиймээс бодлогын хүүг бууруулахаас өмнө инфля­цийг үүсгээд байгаа суурь шалтгааныг эмчлэх арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ чиглэлээр бид Засгийн газартай хамтран ажиллах санамж бичгийг байгуулж холбогдох аж­луу­дыг эхлүүлээд байна.

-Санамж бичигт ямар ажлууд тусгагдсан бэ?

-Санамж бичигт тү­рүүнд хэлсэн нийлүүлэл­тийн гаралтай инфляцийг дунд хугацаанд нам, тогт­вортой төвшинд байлгах зорилтын хүрээнд хийг­дэх ажлуудыг тусгасан. Мөн санамж бичгийн хү­рээнд Монголбанк Үйлд­вэр, хөдөө аж ахуйн яам­тай хамтран хүнсний гол нэ­рийн бараа, бүтээгдэ­хүү­ний үнийг тогтворжуу­лах дэд хөтөлбөр, Уул уур­хайн яамтай хамтран ша­та­хууны жижиглэн­гийн худал­дааны үнийг тогт­воржуулах дэд хөтөл­бөр, Зам, тээврийн яамтай хам­т­ран өргөн хэрэглээ­ний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах дэд хөтөл­бө­рүүдийг батлан ажил хэрэг болгох талд хамтран ажиллаж байна. Эдгээр хөтөлбөрийг хэрэг­жүүлс­нээр нийлүү­лэл­тийн га­рал­тай инфля­цийн дарам­тыг дунд хуга­цаанд буу­руулж, инфля­цийг нам, тогтвортой төв­шинд байл­гахын зэрэгцээ шатахуун, тээвэр логис­тикийн салбарын зах зээлийн үр ашиг, үнийн механизм ажиллах нөх­цө­лийг сайж­руулах, хүнс­ний гол нэрийн бүтээг­дэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, нийлүүлэлтийн найдвар­тай, тасралтгүй, байнгын ажиллах үр ашиг­тай тог­толцоог бүр­дүү­лэх, эрчим­жсэн аж ахуйн хөгжлийг дэмжих зэрэг олон ач холбогдол­той юм. Санамж бичгээс гадна Засгийн газартай Санхүүгийн тогт­вортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааг жигдрүү­лэх, мөнгө угаах, тер­роризмыг санхүүжүүлэх­тэй тэмцэх тухай хууль тогтоомжийг олон улсын шаардлагад нийцүүлэх болон бусад олон ажилд хамтран ажиллахаар тохиролцоод байна.

-Арилжааны банкуу­дын дүрмийн санг нэмэг­дүүлнэ гэсэн мэдээлэл гарсан. Энэ нь ямар ач холбогдолтой вэ?

-Банкны салбарын тогт­вортой байдлыг бэх­жүүлэх бодлогын  хүрээнд системийн ач холбогдол бүхий банкуудын зохис­той харьцааны шаардла­гыг үе шаттайгаар нэмэг­дүүлэхээр шийдвэрлэсэн. Цаашид дээрх шаард­ла­гын хэрэгжилтийг хан­гуулахаар ажиллана. Энэ нь банкуудын өөрийн хө­рөнгө, төлбөрийн чадва­рыг нэмэгдүүлэн салба­рын эрсдэл даах чадварыг дээшлүүлэх ач холбог­долтой юм.

-Сүүлийн үед валютын ханш сулрах хандлагатай байгаа. Ханшийн талаар Монголбанкнаас баримт­лах бодлогод өөрчлөлт орсон уу?

-Монголбанкны зү­гээс нэгдүгээрт, төгрөгийн ам.доллартай харьцах ханш нь зах зээлийн суурь хүчин зүйлстэйгээ нийц­тэй уян хатан тогтож байх, хоёрдугаарт, богино хуга­цаанд эрэлт, нийлүүлэлт хэт их зөрүүтэй,зах зээл түүнийг хурдан зохицуулж чадахгүй эсвэл хүлээл­тийн эрс өөрчлөлтөөс ханш огцом хэлбэлзэх үед ин­тер­венц хийх гэсэн маш тодорхой бодлогыг барим­талсаар ирсэн, цаашид ч энэ бодлогоо үргэлжлүү­лэн баримтална.

-Монголбанк Мөнгө­ний бодлогын зөвлөлтэй боллоо. Төрөөс баримтлах мөнгөний бодлогыг боловс­руулахад гадны судлаач­дын санаа оноо тусна гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Уг зөвлөлийн онцлог нь мөн­гөний бодлогын шийдвэр гаргалтад гаднаас оролцох хараат бус гишүүдийн тоог нэмсэн төдийгүй цаашид ч уян хатнаар нэмэх бод­лого баримтална. Мөнгө­ний бодлоготой холбоотой бүх шийдвэрүүд Мөнгө­ний бодлогын зөвлөлөөс гарч байх бөгөөд зөвлө­лийн гишүүдийн бодлогын шийдвэрийн талаарх сана­лыг олон нийтэд нээлттэй хүргэдэг механизмыг хэрэгжүүлнэ.