Б.СОЛОНГО
Уран гэдэг ашигт малтмал болон түүнийг хэрхэн ашиглах талаар Монголын Уул уурхайн Үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбатай ярилцлаа.
-Уран гэхээр цөмийн зэвсэг, хор, хүйтэн дайн гэх мэт ойлголт төрдөг. Геологийн талаас нь тайлбарлавал уран гэдэг нь ямар ашигт малтмал юм бэ?
-Байгаль дээрээ бол ердийн л ашигт малтмал. Ямар нэгэн хор байхгүй. Харин олборлоод баяжуулах үйлдвэрт баяжуулаад, химийн аргаар боловсруулсны дараа гардаг “Уран-235” гэдэг бодис нь цацраг идэвхт бодистой болдог. Харин ердийн чулуулгаараа буюу хүдрээрээ байхдаа ямар ч аюулгүй эд.
-Манай улс ураны хайгуул хийж байсан туршлага бий юу. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд л идэвхтэй яриад байна уу?
- Хуучин нийгмийн үед ураны хайгуул хийхэд улсын төсвөөс тийм ч их хөрөнгө зарж байгаагүй юм билээ. Харин оросуудын хөрөнгөөр Дорнодын Мардайн ордыг тогтоож, хүдэр байдлаар нь зөөж байсан. Энэ ордыг тойрсон тосгон байсан. Ногоон байгууламжтай, барилга байшинтай, орон сууцтай, амьдрал өрнөсөн газар байлаа. Гэхдээ манай улс тэр ордод ач холбогдол өгөөгүй. Оросуудыг хөөгөөд гаргасан. Тэгсэн хэрнээ өөрсдөө ашиглаж чадаагүй юм. Тэр хотыг хэвээр нь байлгаж, олборлолтыг үргэлжлүүлж болох байсан. Гэсэн ч тоогоогүй. Сургууль, соёлын төв, орон сууцнууд нь тоногдоод дууссан даа. Оросууд тавилга, хувцсаа ачаад л буцсан гэдэг. Явсных нь дараа цэрэг, цагдаа тавиад ч хамгаалж чадаагүй юм. Түүнээс хойш гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийсээр ирсэн.
-Манай улсын ураны нөөцийг одоо болтол албан ёсоор батлаагүй байгаа. Хэр их нөөцтэй юм бол?
- Хувийн хэвшлийн компаниуд ураны ордуудыг нэлээд судалсан. Тэдний судалсан тооцоогоор 140 мянга орчим тонн гэдэг. Ерөнхийдөө бага тоо шүү. Уран бол эдийн засаг болон стратегийн талаасаа ашигтай малтмал. Гэтэл энэ салбарыг хараа хяналтгүй, зөнгөөр нь орхичихсон. Нөөцийг нь одоо болтол батлаагүй. Тэгсэн хэрнээ уул уурхай, ашигт малтмалын салбараас салгаад тусад нь хууль баталчихлаа. Цөмийн энергийн тухай хууль бол маш түүхий, дулимаг хууль. Уг нь ингэх ёсгүй юм. Ашигт малтмал болгоныг янз бүрийн агентлагт хамааруулаад, тус тусад нь хууль батлаад байж болохгүй. Миний бодлоор ямар нэг улс төрийн юм уу өөр зорилго байгаа байх. Уг нь ердийн л ашигт малтмал шүү дээ. Нүүрс олборлож байхад хүртэл ураны судал илэрдэг. Гэтэл яах юм. Тусдаа хуультай гээд олборлолтоо зогсоох хэрэг үү.
-Эдийн засгийн хувьд нүүрсийг хэд дахин нугалах ашигтай гэж сонссон?
-Эдийн засгийн хувьд маш ашигтай. Тийм ч учраас олон орон ашиглаж байна. АНУ ч гэсэн олон атомын цахилгаан станцтай шүү дээ. Тэр болгоныгоо дурдаад байдаггүй л болохоос. Миний бодлоор нөөцийг нь албан ёсоор батлаад, байгаль орчинд аюулгүй байдлаар олборлохыг нь зөвшөөрөх ёстой.
- Цөмийн аюул гэгчээс дэлхий даяар татгалзаж байхад манайх эсрэгээрээ байна гэж шүүмжилдэг шүү дээ?
- Чернобыльд аюулгүй ажиллагааг нь хангаагүйн улмаас дэлбэрэлт үүссэн. Харин Японд байгалийн гамшиг тохиолдсон. Энэ хоёр үйл явдлаас болоод дэлхий нийтээр татгалзана гэж байхгүй. Хэрэв аюулгүй ажиллагааг нь хангаад ашиглах юм бол маш цэвэр эрчим хүч гардаг гэдэг. Харин буруу хэрэглэвэл маш аюултай. Өнөөдөр олон оронд үүнийг ашиглаж байна. Дэлхий нийтээр татгалзаад сүйд болсон зүйл байхгүй. Харин цэрэг дайны зорилгоор ашиглахад хаалт хийж байгаа юм. Тухайлбал, Ираныг хориглож байна. Иран энхийн зорилгоор уранаа ашиглана гээд байгаа ч итгэхгүй байгаа юм. Яагаад гэхээр цөмийн зэвсэг хийнэ гэж айж байна. Иран бол лалын шашны том төв, терроризим тэндээс үүсэлтэй. Тиймээс аюултай бодис ашиглахыг нь зөвшөөрөхгүй байгаа хэрэг. Харин бусдад ямар ч гэм хор хүргэдэггүй манайх шиг орон бол байгалийн баялгаа энхийн зорилгоор ашиглаж үр ашгийг нь хүртэх ёстой гэж бодож байна. Үүнийг заавал улстөржүүлээд, гадаад орны цэрэг дайны зорилготой хольж хутгаад байх хэрэггүй.
-Ирэх оноос уран олборлолтыг эхлүүлнэ гэсэн мэдээлэл бий. Түүхийгээр нь экспортлох уу?
-Мардайд оросуудын гаргаж байсан шиг хүдрээр нь гаргаж болно. Гэхдээ ашиг муутай. Овор ихтэй. Тээвэрлэхэд асуудалтай. Тиймээс тодорхой хэмжээний боловсруулалт хийгээд завсрын шар нунтгаар нь гаргасан нь ашигтай. Нүүрсийг угааж, зэс, төмрийг баяжуулж гаргадагтай л адил гэсэн үг. Манайд ураны хүдрээс шар нунтаг гаргадаг технологийг оруулаад ирчихсэн юм билээ. Тэр шар нунтаг гээч нь тийм ч аюултай биш. “Уран-235” гэдгээс хамаагүй доод шатны түүхий эд. Үүнийг гадаад орнуудад экспортонд гаргах боломж байна.
-Олборлолт хийнэ гэхээр тухайн газар нутгийг хордуулна гэж ойлгодог?
-Ураны хүдрийг олборлоход ямар ч аюулгүй гэдгийг би хэлсэн. Ард иргэдэд энэ талаар хангалттай ойлголт байхгүй байна. Хий хардсан, болгоомжлол төрөөд байгаа юм. Бид энэ салбарын талаар тийм сайн мэдэхгүй шүү дээ. Тиймээс ураны хайгуул явуулж байгаа компаниуд соён гэрээрүүлэх ажил хийх ёстой. Ямар үүрэгтэй, яаж гаргадаг, ямар аюул осолтой юм, ач холбогдол нь юу юм гэдгийг ойлгуулах ёстой.
Миний ойлгож байгаагаар шар нунтаг нь тийм ч аюултай биш. Бусад оронд уутанд савлаад нүүрстэй адилхан галт тэргээр зөөдөг юм билээ. Аюулгүй болоод л тэгж байгаа байх. Гэхдээ хариуцлагагүй компаниуд шар нунтгийг нь хаа хамаагүй тарааж, цацаад байвал байдал бишдэнэ. Олон улсын стандартын дагуу олборлоход аюултай зүйл байхгүй.
-Манайх уранаа экспортолвол хог хаягдал нь эргээд ирнэ гэж зарим хүн ярьж байна. Ер нь хаягдал гэдэг нь юу вэ?
-Ном, сэтгүүлээс уншихад олборлосон уранаа реакторт шатаагаад цөмийн урвал явагдана. Нүүрсийг шатаахад үнс гардагтай адил шаар гарна. Түүнийг нь тодорхой хэмжээгээр саармагжуулдаг стандарт байх ёстой. Радацийг нь хэмжиж байгааг амьд организмд хоргүй болохоор нь газарт булж, байрлуулах ажиллагаа хийдэг гэнэ лээ. Бид гардан хийж байгаагүй учир нарийн мэдэхгүй шүү дээ. Хог хаягдлыг нь буцааж авах асуудлыг гэрээ хийхдээ шийдэх хэрэгтэй. Заавал хаягдлаа буцааж авна гэж гэрээ хийхгүй байлгүй дээ. Бид нүүрсээ урд хөршид зараад үнсийг нь буцааж авдаггүй биз дээ. Зарим нэг өндөр хөгжилтэй хэрнээ нутаг дэвсгэр багатай орнууд ядуу буурай орнуудад мөнгө төлж булдаг гэсэн. Ийм асуудал манайд өвөлжингөө л яригдлаа. Яг баталсан хүн ч алга. Мэдэхгүй байж хүн гүжирдээд яахав дээ. Цөмийн хаягдал нутаг дээрээ байрлуулах хэмжээний ядуу биш шүү дээ бид. Бидэнд баялаг байна. Юу ч үгүй ядуу орнууд тэгж мөнгө олдог юм билээ. Ганцхан цөмийн биш маш олон төрлийн хаягдал байдаг гэж сонссон.
-Манай улс ураныг эцсийн бүтээгдэхүүн болгох шаардлага бий юу. Өөрөөр хэлбэл атомын цахилгаан станц барих хэрэгтэй юу?
-Мэргэжлийн хүний хувьд, онолын хувьд хэлэх юм бол эцсийн бүтээгдэхүүн болгодог, эрчим хүчийг нь ашигладаг үйлдвэр барих нь зөв. Гэхдээ манай улсад тийм шаардлага байна уу, үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Манайхан японууд шиг хариуцлагатай ажиллаж чадах уу. Атомын цахилгаан станц барьж, ажиллуулах хэмжээнд өндөр хариуцлага бий юу гэдэгт би эргэлздэг. Хэрэв ном ёсоор нь үйлдвэр бариад ашиглавал дэмжинэ. Манайх эрчим хүчээр хахчихсан орон биш шүү дээ. Хамгийн гол нь маш хариуцлагатай, аюулгүй байх ёстой. Технологи нь орчин үеийн, найдвартай байх хэрэгтэй. Чернобыль шиг тогоо нь хагардаг, эвдэрдэг тийм асуудал гаргахгүй байх нөхцлийг бүрэн хангах ёстой. Гэхдээ хувь хүнийхээ хувьд хэлэхэд бид нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орж байна. Тиймээс одоохондоо нүүрсний эрчим хүчээ ашиглаад, дээр нь нар, салхи гэх мэт сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх бүрэн боломж байна. Герман улс гэхэд эрчим хүчнийхээ 20-30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангадаг. Манайх шиг сайхан нутагт тийм боломж байхад заавал аюултай зүйл рүү зүтгэ гэж уриалаад байх хэрэггүй байх. Гэхдээ уран бол нэгэнт байгаль дээр байгаа баялаг учир зүй зохистой олборлож, завсрын шар нунтгийг нь экспортлоод байвал бидэнд хал балгүй юм биш үү гэж бодож байна.