Д.ОЮУНЧИМЭГ

1980-аад оны эхээр Дарханы геологи хайгуулын экспедицийн харъяа “Туулын III” анги үүсгэн байгуулагдаж Заамарын арын хөндийд хайгуул хийдэг байлаа. Миний ээж геологийн салбарт 10 гаруй жил ажилласан дээж угаагч. Хааяахан ээжийнхээ ажил дээр очиход урт усны гутал, резинэн бээлийтэй том дөрвөлжин төмөр саванд модон лотки нааш цааш савчуулан шороо угаадаг байв. Энэ нь тухайн нутагт ямар ашигт малтмал байгааг тодорхойлох хамгийн чухал ажил байсныг хожим ойлгосон юм. Уул уурхайн салбар хөгжиж ашиглалт, олборлолт хүчээ авч байх зуур хайгуул хамгийн чухал салбар гэдгийг мэргэжилтнүүд төдийлөн ярихгүй байгааг анзаарч, битүүхэн харамсч байлаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд геологи, хайгуулын тухай илүүтэй ярьж, анхаарал хандуулж байгааг салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Өнгөрсөн долоо хоногт хайгуул, судалгааны анги болон геологичдын ажилтай танилцах боломж бидний хэдэн сэтгүүлчид олдов.

“ШИВЭЭТ УУЛ-50” ТӨСӨЛ

[caption id="attachment_46061" align="alignnone" width="645"] Өрөмдөнө гэхээр л ухаад аваад явчихдаг юм биш гэдгийг геологичид онцолсон. Хээрийн V ангийн өрөм 24 цагийн турш хоёр ээлжээр ажилладаг.[/caption]

Лхагва гариг буюу есдүгээр сарын 12-ны өглөө Ашигт малтмал, газрын тосны газраас хөдөлж Дундговь аймгийн Хулд сумын нутагт ажиллаж буй “Гео Эрин” компанийн хэрэгжүүлж буй “Шивээт уул-50” төсөлтэй танилцав. Уг төслийг улсын төсвийн санхүүжилтээр, 50 мянганы масштабын хэмжилтийн ажлыг хийж байна. Геологийн зургийн дараа шинжилгээ, зураглалын ажлыг хийх эсэхээ тодорхойлох аж. Нийслэлээс 280 км-ийн зайд байрлах геологи хайгуулын анги өнгөрсөн онд ажлаа эхлүүлжээ. Дундговь аймгийн Хулд, Луус, Адаацаг, Эрдэнэдалай сумыг хамарсан 4000 гаруй км талбайд геологийн зураглал хийнэ. Энэ ажлыг хийхэд нийт 12 лист чулуу цуглуулан шинж тэмдгийг нь дэвтэрт буулгах юм байна. “Гео Эрин” компанийн ерөнхий геологич Ч.Мөнхнасан “Манай төслийн гол зорилго нь суурь үнэлгээ, ашигт малтмалын хэтийн төлвийг тодорхойлно. Хэдийгээр геологичдийн маань онцолж авсан чулуунууд шинэхэн мэт харагдаж болох ч тус бүртээ өөрийн түүхтэй. Бидний хэрэгжүүлж буй төслийн талбайд галт уулын бүслүүр газар байсан учраас гүний гаралтай боржин чулуу их таардаг юм” гэлээ. Уг төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд ирэх жил дуусах ажээ.

“МОНГОЛ ОРНЫ ГОЛЛОХ АШИГТ МАЛТМАЛЫН СУДАЛГАА” ТӨСӨЛ

[caption id="attachment_46058" align="alignnone" width="645"] Геологичийн үүргэвчинд будгийн болон балын харандаа, тэмдэглэлийн дэвтэр шугам, өнгийн бал, компус, алх, ажлын бээлий, томруулдаг шил ажлын багаж хэрэгсэл нь багтдаг.[/caption]

Бидний дараагийн цэг “Геологийн судалгааны төв”-ийн Хээрийн V анги. Энэ анги “Монгол орны голлох ашигт малтмалын судалгаа” төсөл дээр ажилладаг. Өмнөд бүсэд эрэл үнэлгээний ажил хийж буй. Улаанбаатар хотоос 550 км-ийн зайд байрлах тус анги Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумын заагт үйл ажиллагаа явуулж байна лээ. Хармагтайн ордоос 7-8 км-ийн зайд байрлаж буй төслийнхөн өнгөрсөн долдугаар сараас ажлаа эхлүүлсэн гэдэг. Тэр талбайд зэс, алтны илэрц өндөр байгааг Хээрийн V ангийн дарга, геологич Д.Төрмагнай онцоллоо. Тэрээр “Гео гэдэг бол газар. Логи гэдэг нь сургааль гэсэн үг. Өөрөөр хэлбэл, чулуу яаж үүссэн, ямар хувиралд орсныг судалдаг ухаан” хэмээн тодотгосон. Тэд зэс, алтны төрлийн хүдэржилт байх боломжтой гэж үзэн өрөмдлөгийн ажлыг эхлүүлжээ. Одоогоор 500 метрийн гүнтэй найман цооног өрөмдсөн байна. Харин нөөцийн хэмжээ эцсийн шинжилгээ, су­дал­гааны дараа тодорхойлогдох аж.

ҮҮРГЭВЧТЭЙ ГЕОЛОГИЧ

[caption id="attachment_46057" align="alignnone" width="645"] Геологи гэхээр л ухаж, сэндийчдэг гэсэн ойлголт тогтжээ. Угтаа бид газрын гадаргуу дээр зураглал хийж, гадаргаас илэрч байгаа зүйлийг гүнд нь шалгадаг.[/caption]

“Гео Эрин” компанийн геологич О.Хишигболд өглөө эртлэн үүргэвч үүрээд, алх бариад ажилдаа гарна. Өдөрт хамгийн багадаа 7-8 км бүр цаашилбал 10-15 км газар алхана. Ингэхдээ маршрутын дагуух газруудын чулууг алхаараа цохиж бутлан дэвтэртээ тэмдэглэгээ хөтөлдөг аж. Тэрхүү буталсан чулуунд газрын байршлыг нь тэмдэглэн үүргэвчиндээ хийгээд л үүрчихнэ. Ийнхүү өдөржин алхсаар орой харих хүртлээ 10-15 кг чулуу цуглуулан үүрдэг юм байна. Ийм ажил хийдэг хүнийг геологич гэдэг. Геологи хайгуул нь уул уурхайн томоохон төсөл хэрэгжих эхлэл, суурь нь болдог учраас энэ салбарын амин чухал хэсэг нь ч гэж болно.

Геологичд хөх, улаан, ногоон будгийн харан­дааны “эрлэг”. Бас балын харандаагаар тэмдэглэлээ хөтөлнө. Үүргэвчиндээ цуглуулсан чулууг дээж гэнэ. Дээжнийхээ шинж чанар, хувирал, эрдэсжилт, насжилт, ямар элемент агуулсныг нь балын харандаагаар зурайтал тэмдэглэнэ. Ийнхүү хөтөлсөн тэмдэглэл цас, бороо, усанд хайлж урс­даггүй болохоор байнгын хэрэглэдэг гол зэмсэг нь болжээ. Хэн ч хаяагүй, гээгээгүй юмыг эрж, хайж явдаг геоло­гичийн нэг өдөр ийнхүү үргэлжилдэг байна. Монгол Улсын газар нутгийн 40 орчим хувь нь судлагдсан байдаг. Гэтэл геологийн мэргэжлээр бэлтгэгдэх боловсон хүчин ховор байгааг салбарынхан онцолж байв.

Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагтай улсын хувьд байгаа хэдэн төслөө хэрэгжүүлж дууссаны дараа дахин шинээр эхлүүлэх ажилгүй нам суух вий гэх болгоомжлолыг нийтлэлээрээ дамжуулан дайя.  Дашрдамд дурдахад, геологи, уул уурхай хоёр тусдаа салбар аж. Геологи хайгуулын ажлыг олборлолт, ашиглалт хэмээн ташаа ойлгож эсэргүүцэх хандлага элбэг тохиолддог юм байна. Геологи бол их талбай хамарч судалгаа хийсний дараа маш бага талбайг ашиглах боломжтой эсэхийг тодорхойлно. Бүр тодруулбал, газрын зургаас харвал ашиглах талбай цэг төдий харагддаг ажээ.

[caption id="attachment_46060" align="alignnone" width="645"] Өрөмдлөгөөс гарсан дээжийг хайрцаглахдаа хэдэн метрийн гүнээс гарсныг нь тэмдэглэдэг байна.[/caption] [caption id="attachment_46059" align="alignnone" width="645"] Геологичид дээжээ шинжлэх эхний тэмдэглэгээгээ хийнэ. Чулуунд агуулагдах эрдэсжилт болон насжилт гээд олон зүйлийг тэмдэглэдэг байна.[/caption]

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин