Э.УРАН
Ашигт малтмалын газрын ирүүлсэн мэдээгээр манай улсад уул уурхайн хүчин төгөлдөр бүртгэлтэй 3692 тусгай зөвшөөрөл бий. Эзэмшигч компаниудын нэр нь ч тодорхой. Харин энэхүү жагсаалт хэр бодитой вэ гэдэгт эргэлзээ төрөхөөс аргагүй. Нэг хүнд уул уурхайн бизнес эрхлэх санаа төрөөд хөөцөлдсөөр байгаад тусгай зөвшөөрөл авч дөнгөнө. Харин түүнийгээ ажиллуулах чадал нь хүрэхгүй болохоор хэн нэгэнд зарж орхино. Үүнийг лицензийн наймаа гэнэ. Энэ наймааг сүүлийн жилүүдэд зөвхөн хоёр этгээд хоорондоо биш үндэстэн дамнан хийгдэг болсон. Нэгэнт манай улсын газар нутагт орд эзэмшиж, сэндийчиж л байгаагаас хойш түүний эзэн нь хэн байх нь тийм ч сонин биш. Болд эзэмшиж байгаад Ван авлаа гэж бодъё. Бидэнд ямар ч ялгаа байхгүй. Хамгийн гол нь шинэ эзэн нь тэр ордыг ажиллуулдаг, орлого олдог, татвар төлдөг байх хэрэгтэй. Гэвч лицензийн наймаа гэгчээс манай улс хэзээ татвар авдаг болох вэ. Хуулийн цоорхойг хэрхэн ашиглаж, татвараас зугтдаг жишээг бид Саусгобисэндс, Чалкогийн хэргээс тодорхой мэдэрсэн. Гэвч учир дутагдалтай Ашигт малтмалын тухай хуулиа засч, залруулах тухай ярихгүй хэвээр л байна. Хамгийн сүүлд Монголд хоёр том нүүрсний орд эзэмшдэг Канадын “Професси Коал” компани Бразилийн “Вале”-гийн охин компани болох “Тефис Майнинг”-аас нүүрсний лицензийг нь худалдан авахаар болсон. Наймаалцах гэж буй “Тугалгатай” болон “Чандгана” орд нь нүүрсний нөөцөөрөө Тавантолгойн дараа орохуйц гэж мэргэжлийнхэн үнэлдэг юм билээ. Канадын компани энэ хоёр ордыг худалдан авснаар нийт таван тонн коксжих нүүрсний эзэн болно гэсэн үг. Хоёр тал энэхүү худалдааны гэрээгээ Ашигт малтмалын газарт хүргүүлэн зөвшөөрөл хүсээд байгаа аж. Мэдээж ийм их нөөцтэй ордуудын хувьд нэлээд тооны төлбөр энэ хоёр компанийн дунд яригдаж байгаа нь лавтай. Тэгвэл манай улс энэ наймаанаас татвар авч чадах болов уу. Канад улстай байгуулсан давхар татварын гэрээ гэгч бас л саад болох уу. Хуудуутай хуулийн цоорхойг нөхөөгүй цагт бид уул уурхайн салбараас хүртэх ашгаа бүрэн авч чадахгүй нь. Зөвшөөрөл хүсээгүй хэчнээн наймаа далдуур явдагийг бид мэдэхгүй. Энэ бүгд татвараас зайлсхийх таатай арга болдог биз ээ.