П.ОТГОНДАЛАЙ
Монголын Хөрөнгийн биржийн дэд захирал О.Хуягцогттой ярилцлаа.
-Хөрөнгийн биржийн нэгдүгээр ангилалд багтдаг компаниуд энэ оны эхний хагас жилийн тайлангаа олон нийтэд нээлттэй танилцуулах ажлыг эхлүүлсэн гэсэн үү?
-Манай байгууллагаас компаниудад мэдээллийн ил тод, нээлттэй байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах зорилгоор санал хүргүүлсэн. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүд ээлж дараатайгаар санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр танилцуулах юм. Өнөөдөр /өчигдөр/ “АПУ”, “Монгол шуудан” компани танилцуулга хийнэ. Энэ ажлыг сүүлийн гурван жил дараалан зохион байгуулж байна.
-Сүүлийн үед хувьцаанд хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагч нэмэгдэж байгаа тухай мэргэжилтнүүд ярьж байна. Ер нь Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж байгаа компаниудын мэдээлэл олон нийтэд хангалттай хүрч байгаа юу?
-Хөрөнгийн зах зээлд хүн бүр оролцохын тулд энэ салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь тогтвортой байхын зэрэгцээ маш сайн засаглалтай байх учиртай. Ингэснээр хүмүүст итгэл төрнө. Ер нь хувьцаа эзэмшигч жижиг, томоосоо үл хамааран хөрөнгө оруулагч болдог. Мэдээж алдагдалтай ажиллах компанид мөнгөө өгөөд алдахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр хөрөнгийн захад ажиллаж байгаа компаниуд хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаар дамжуулан үр шимийг нь хүртээдэг байх ёстой. Түүнчлэн компанийн үнэ цэнийг өсгөх хэрэгтэй. Үүнийг олон хүчин зүйл нөлөөлнө.
-Хувьцаа худалдаж авах нь банкны хадгаламжаас илүү эрсдэлтэй гэдэг. Тэгэхээр хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах асуудал гарч ирнэ шүү дээ?
-Хуримтлалтай хүн мөнгөө банкинд хадгалах уу, хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох уу гэдэг сонголт бий. Тэгэхээр дээрх сонголтыг хувьцаа эзэмшигч өөрөө шийдвэрлэнэ.Хувьцаа ханш өсч бас буурч болно. Энэ нь компанийн үйл ажиллагаатай шууд холбоотой. Ер нь аж ахуйн нэгжийн алсын хараа, бизнесийн цар хүрээ, засаглалаас хамаардаг учраас судалгаа хийх шаардлагатай. Гэхдээ дотоодын компаниуд өнгөрсөн хугацаанд засаглалаа сайжруулахад илүү анхаарч байгаа. Мөн манай томоохон аж ахуйн нэгжүүд гадны хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргаж хөрөнгө босгосон сайн туршлагууд бий. Нөгөө талаас нь харвал макро эдийн засгийн орчин, инфляцийн төвшин, зээлийн бодит хүү зэргээс шалтгаалан хөрөнгө оруулагч шийдвэр гаргана. Үүнд төр засгаас макро эдийн засагт баримтлах бодлого чухал нөлөөтэй. Түүнчлэн хувьцаа гаргагч маань хөрөнгө оруулагчидтайгаа байнгын харилцаатай байж мэдээллээ нээлттэй түгээдэг. Засаглалын хэлбэр болон гаргаж байгаа шийдвэрээ хувьцаа эзэмшигчиддээ танилцуулдаг байх ёстой. Хөрөнгийн зах зээлийн нэг онцлог нь зохицуулалттай салбар. Тэгэхээр зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай зохицуулалтыг хуулийн хүрээнд аж ахуйн нэгжүүдэд тавина. Харин олон нийтэд хувьцаа гаргасан компани хувьцаа эзэмшигчдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хариуцлагатай ажиллах учиртай. Одоогоор Хөрөнгийн биржид бүртгэлтэй 220 компани бий. Эдгээрийг гурав ангилдаг бөгөөд тав орчим хувь нь нэгдүгээр ангилалд багтдаг. Харин дийлэнх хэсэг нь гуравдугаар ангилал буюу жижиг, дунд бизнесийхэн байдаг.
-Он гарсаар Хөрөнгийн биржид нэмэлт хувьцаагаа бүртгүүлсэн бас хувьцаа гаргасан хэдэн компани байгаа вэ?
-“Лэнд МН”, “Монгол базальт”, “Хөвсгөл Алтан дуулга” компани нэмэлт хувьцаа гаргасан. Харин “Эрдэнэ ресурс” компани Торонтогийн хөрөнгийн биржид бүртгүүлэхийн зэрэгцээ манайд давхар бүртгэлээ хийлгэсэн. Аль салбарт ажиллаж байгаагаасаа үл хамааран Хөрөнгийн биржид бүртгүүлэн хувьцаа гаргах боломж бий. Мэдээж тодорхой шалгуур, шаардлага тавигдана. Компани манайд бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсний дараа аль ангилалд багтах эсэхийг нь шийдвэрлэдэг. Жижиг, дунд бизнес болон гарааны бизнесийнхэн ихэвчлэн гуравдугаар ангилалд багтдаг. Цаашид IPO хийх хүсэлтээ ирүүлсэн хэд, хэдэн газар бий. Түүнчлэн Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу 1072 хувьцааг бүртгүүлэх хүсэлтээ “Эрдэнэс Тавантолгой” компаниас ирүүлсэн. Одоогоор бэлтгэл ажлыг хийж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин