Тэд бидний тухай

Б.СОЛОНГО

Баруун, солгойгүй бэ­лэн мөнгө цацсаны гай энэ оны төсвийн алдагд­лаар илрэх бололтой. Оны эцэс гэхэд манай улсын төсвийн алдагдал ДНБ-ий 4.2 хувьд хүрнэ гэж Дэл­хийн банкнаас мэдээлэв. Хөгжлийн бан­кийг сан­хүү­жүүлэхээр болсон 284 тэрбум төг­рөгийн хөрөнгө оруулал­тын зардлыг тоо­цохгүй­гээр энэ. Үнэн хэрэгтээ үүнийг зардал гэж тооцвол манай улсын төсвийн алдагдал оны сүүлээр есөн хувьд хүрэх гэнэ. Өнгөрсөн наймду­гаар сард огцом буюу 41.6 хувиар өссөн зардлыг тэд сонгуультай холбож бай­на. Тооцооллоос хэтэрсэн их зардлын хажуугаар богино хугацаанд тулгар­сан эрсдлүүд бий. Өнгө­рөгч долоо, наймдугаар сард ажиглагдсан экспор­тын огцом уналт нь төс­вийн хэтийдсэн зарлага­тай нийлээд эдийн зас­гийн өсөлтийн хурдыг саа­руулсан байна. Тодруул­бал, 40 хувийн өсөлттэй байдаг барилгын салбар долоо, 16 хувийн өсөлттэй байдаг тээврийн салбар нэг хувь хүртлээ унажээ. Үүний гол буруутан нь эрсдлийг тооцоолоогүй үрэлгэн загнасан төсөв. Хэрэв цаашдаа төсвөө хям­га­даж, зардлаа хумьж чадвал эдийн засгийн хямрал гээч нь Монголд нүүрлэхгүй гэнэ.

Дэлхийн банкны Мон­гол дахь суурин тө­лөө­лөгч Корали Геверсийн хэлснээр манай улс валю­тын нөөцөө тогтвортой байлгах тал дээр илүүтэй анхаарах ёстой гэв. Одоо байгаа нөөцийн 0.9 тэрбум ам.доллар нь тодорхой харьяалалтай юм байна. Тэгэхээр үлдэж байгаа цэвэр нөөц болох 1.4 тэрбум нь хэтэрхий бага үзүүлэлт гэдгийг онцол­лоо. Мөн манай улсын урсгал дансны алдагдал нь гадаадын шууд хөрөнгө оруулалтаар санхүүжиж байгаа нь асар том эрсдэл гэлээ. Импортоос илүү экспорт буурч байгаа нь энэхүү алдагдлыг цаашид улам нэмэх магадлалтайг тэрээр анхааруулав. Ийм үед буюу гал алдахад хэрэг­лэх зорилготойгоор байгуулсан Тогтворжуу­лалтын сандаа маш бага хөрөнгө хуримтлуулсан нь томоохон цочрол үүссэн нөхцөлд хүрэлцэхгүй нь тодорхой. Тэгэхээр УИХ-аар хэлэлцэж байгаа 2013 оны төсвийн төсөлд зар­лагыг хязгаарлаж, Төс­вийн тогтвортой байдлын тухай хуульдаа нийцүүлэх нь чухал гэнэ.

Энэ мэт зарим арга хэмжээг амжилттай авч чадвал Монгол Улсын дунд хугацааны төлөв ихийг амлаж байна гэж гадны шинжээчид дүгнэ­лээ. Өөрөөр хэлбэл түр зуурын эрсдэл, төсвийн үрэлгэн байдлаас болж эдийн засгийн өсөлт саарсан ч цаашид гэрэлт ирээдүй хүлээж байгааг дуулгасан юм.