Б.СОЛОНГО
Манай улсад тогтворжуулалтын сан гэж бий. Төсвийн тогтвортой байдлыг хангах, улс оронд нүүрлэсэн эдийн засгийн хямралын үед зарцуулах нөөц хөрөнгийг тэнд байршуулдаг. Засгийн газрын мэдэлд байдаг ч сангийн мөнгийг дур мэдэн зарцуулах нь хуулиар хориотой. Тэгвэл энэ санд яг одоо хэдий хэмжээний хөрөнгө байгаа вэ. Сангийн сайд Д.Хаянхярваа өнгөрсөн сарын эхээр өгсөн ярилцлагадаа тухайн үед тогтворжуулалтын санд 249 тэрбум төгрөг хадгалаастай байгааг нотолжээ. Төсөвт тооцсон алт, зэсийн дэлхийн зах зээл дээрх ханшийн зөрүүнээс тун удахгүй 340 гаруй тэрбум төгрөг нэмэгдэж орно гэсэн байна. Тэр байтугай энэ оны эцэс гэхэд тогтворжуулалтын сан дор хаяж 800 тэрбум төгрөгийн нөөцтэй болно гэж хэлсэн байх юм. Харин түүний хэлсэн тоо амьдрал дээр алд дэлэм зөржээ. Тодруулбал, энэ оны эхний таван сарын төсвийн орлогын тайланд тусгаснаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, өсөн нэмэгдэх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогоос нийт 25.5 тэрбум төгрөгийг тогтворжуулалтын сангийн дансанд төвлөрүүллээ гэжээ.
Энэхүү 25 тэрбумын ихэнх хэсгийг буюу 23.1 тэрбум төгрөгийг аж ахуй нэгжийн орлогын албан татвараас бүрдүүлснийг тайланд дурджээ. Энэ нь 50 хувийн гүйцэтгэл гэнэ. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 70 хувийг энэ санд төвлөрүүлэх ёстой. Энэ мөнгө хаашаа орсон бэ. Сангийн яамны гаргасан төсвийн тайланд ашигт малтмалын нөөц ашигласан татварын орлого 32.9 тэрбум төгрөгөөр буурсныг л дурдсанаас биш яг хэдэн төгрөг хураасныг орхигдуулжээ.
Тогтворжуулалтын сан бол хуультай. Түүний хөрөнгийг хамаагүй үрвэл шоронд орно гэж Сангийн сайд нь өөрөө хэлж байсан. Санд хуримтлагдсан мөнгөний хэмжээ ДНБ-ий 10 хувиас давсан нөхцөлд илүү гарсан хөрөнгөөр нь хөрөнгө оруулалт хийж болдог. Хэрэв эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийвэл хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах хүртэл хүнд ялтай гэдэг. 5-6 жилийн өмнө Засгийн газар нийгмийн халамжийн арга хэмжээнд жилд 100 орчим тэрбум төгрөг зарцуулдаг байв. Өдгөө энэ тоо 900 тэрбумаас даваад явчихлаа. Зөвхөн сар бүрийн 21 мянгыг тооцоход шүү дээ. Энэ мөнгө ер нь хаанаас гараад байна вэ. Арай улс орны хямралын үед хэрэглэх мөнгө “Хүний хөгжил сан”-руу “гүйгээд” байгаа юм биш биз дээ. 2012 оны төсөвт нэг тонн зэсийг 6400 ам. доллараар бодож Тогтворжуулалтын сандаа орлого олохоор тооцсон. Өнөөдрийн байдлаар Лондонгийн металлын биржид нэг тонн зэсийн үнэ 7426 ам.доллар байна. Хэрэв зэсийн үнэ 6400 ногооноос доош орохгүй бол тогтворжуулалтын сангийн хөрөнгөнд санаа зовохгүй байж болно гэж байсан билээ. Тэгэхээр зэсийн үнэ лав сангийн мөнгө дундрах шалтгаан биш ажээ. Жилийн эцсийн зорилт нь 800 тэрбум байхад эхний таван сард дөнгөж 25 тэрбум.