Г.АРИУНЦЭЦЭГ

Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт өчигдөр Корпорейт зочид буудалд боллоо. Уулзалтад Монгол, Хятадын талын хөрөнгө оруулагчид хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийн талаар хэлэлцсэн юм. Манай улсаас 110 гаруй аж ахуйн нэгж,  ӨМӨЗО-ны 80 гаруй компанийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Энэ үеэр 12 хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн юм. Тухайлбал, Өвөрмонголын “CYCK” компани манай улсад гэр хорооллын дахин төлөвлөлтөд хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Тус компанийн ерөнхий захирал Wu Zhen Jun “Бидний хэрэгжүүлэх төслийн хүрээнд бага орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилготой. Эхний ээлжинд Сонгино­хайрхан дүүргийн зургадугаар хороонд 1006 айлын орон сууц барина. Энэ сууцыг 15 жилийн хугацаанд түрээслэж, дараагаар нь өмчлүүлэхээр төлөвлөж байна. Төслийн санхүүжилтийг Хятадын хөгж­лийн банкнаас гаргана” гэв. Энэ удаагийн чуулганы үр дүн бодит ажил болно хэмээн бизне­сийнхэн итгэж буй аж. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Арил­жааны банк, тат­варын  системд хийж буй өөрчлөлт бизнесийнхэнд таатай орчныг бүрдүүлэх боломж. Түүнчлэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих үйл явц татварын орчны эрх зүйд шингэсэн байх хэрэгтэй. Манай улсад Хятадын хөрөнгө оруулалттай  6680 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна” гэсэн юм. Энэхүү удаагийн чуулга уулзалтаар 411 сая юанийн хөрөнгө оруулалтыг Өвөрмонголын талаас оруулахаар болсон. Түүнчлэн Хятадтай хийж буй худалдааны 80 хувийг эзэлдэг Өвөрмонголын хөрөнгө оруулагчид манай улсын хувьд гол түншлэгч тал гэдгийг оролцогчид онцолж байлаа. Үндэсний үйлд­вэр­лэгчдэд бараа бүтээгдэхүүнээ Өвөр­монгол руу экспортод гаргах боломжийг тус улсаас зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаагаар олгож байгааг гадны төлөөлөгчид ярьж байсан юм. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь манай улсын бизнесийн болоод үйлдвэрлэлийн орчинд тэдний төвшинд богино хугацаанд хүрэх боломжийг бүрдүүлнэ хэмээн хуралд оролцогчид тодотгосон. “Барс” группийн ерөнхийлөгч Ч.Амарбаатар “Бид Өвөр­монголчуудтай  хамтарч ажилласнаар хөгжлийн төвшнөө ижилтгэх боломж бүрдэнэ. Учир нь мал аж ахуй болон хүнстэй холбоотой бизнес нь манайхтай ойрол­цоо байдаг. Энэ удаа­­гийн уулзалтад хөрөнгө оруулагчидтай харилцан санал солилцон цаашид хамтын ажиллагаа өрнүү­лэх боломжийг эрэлхийлж байгаа болов уу” хэмээв. Хэдийгээр биз­несийн орчин таагүй байна. Хөрөнгө оруулагчдын үргээж байна гэдэг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд таатай орчин бүрдсэн гэдгийг уулзалтад оролцож буй бизнесийнхэн онцолж байв. Харин стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд улс төрийн тогтвортой байдал нэн чухал гэдгийг ч мөн тэд ярьж байсан юм. Тиймээс манай улсын хувьд улс төрийн тогтвортой байдал маш чухал үзүүлэлт хэмээн хө­рөнгө оруулагчид сануулав.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин