Ц.МЯГМАРБАЯР
Төв аймгийн Заамар сумын Өвөр наймганд “Эрдэнэсийн эрэг” хэмээх компани 15.841.08 га газарт “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд ашигт малтмалын хайгуул хийх ХҮ020880 тоот зөвшөөрөл хууль бусаар авчээ. Тиймээс малчид, иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч асуудал шүүхийн шатанд маргаантай байх үед 11 мянган га талбайг нь өөрсдөө буцаан өгсөн юм. Үлдсэн 3964 га газрыг буцаан өгөхийг малчид одоо ч шаардсаар байгаа аж. Энэ талаар “Зууны мэдээ” сонин цуврал нийтлэл, сурвалжлагуудаа өмнө нь хүргэсэн. Энэ удаа “Эрдэнэсийн эрэг” компани “Илт Гоулд” компаниас хоёр тэрбум төгрөгийн зээл авч хайгуулын ажлаа эхлүүлэхээр болсон тухай хөндөж байна.
“Эрдэнэсийн эрэг” компани нь 2017 оны нэгдүгээр сарын 17-нд Төв аймагт Уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр түр сургалт явуулахаар байгуулагдсан аж. Гэхдээ энэ компанийг “Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ, “Харбор Голд” компани хамтарч байгуулсан юм. “Төв Эрдэнэс” нь 34, “Хар бор Голд” нь 30 хувийг эзэмшдэг. Ашигт малтмалын хайгуул хийх зорилгоор 2017 оны долдугаар сарын 27-нд Төв аймгийн Заамар сумын “Өвөр наймганы ам” хэмээх газарт орон нутгийн удирдлагуудын хүсэлтээр “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу орон нутгийн өмчийн оролцоотой хэмээх давуу эрхээр 15.541.08 га талбайд хайгуул хийх тусгай зөвшөөрөл авчээ. Анх 21 мянган га талбайг авахаар хүсэлтээ ирүүлсэн ч түүх дурсгалтай газар нутаг болохоор малчдын эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай гэж үзээд 5000 гаруй га-г нь хасуулсан байдаг. Гэвч нутгийн иргэдээс санал авалгүйгээр ийнхүү тусгай зөвшөөрөл өгсөн нь малчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. Иргэд 6-7 сарын тэмцлийн дараа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. Шүүх хурал болохын өмнөх өдөр буюу өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд тус компани 15.541.08 га-гаас 11 мянган га талбайг нь буцааж өгөх хүсэлтээ АМГТГ-д гаргасан байдаг. Харин 3964 га талбайгаа авч үлдсэн юм.
Аймгийн дарга нар өөрсдийн хувийн компанитай нийлүүлэн төрийн өмчийн оролцоотой компани байгуулсныг анхнаасаа зохион байгуулалттай хийсэн ажил гэж иргэд үздэг. 2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдорж төрийн өмчийн оролцоотой компанид давуу эрхтэйгээр тусгай зөвшөөрөлд оролцох боломжийг хангах зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд байхгүй заалтыг А/129 тушаал гарган оруулж иржээ. Энэ журмын хүрээнд тусгай зөвшөөрөл олгосон байна. Гэвч энэ журам нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн гэж үзээд энэ оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын А/28 тушаалаар хүчингүй болгосон юм. “Эрдэнэсийн эрэг” компани уул уурхайн чиглэлээр түр сургалт хийхээр байгуулагдсан компани атлаа хайгуулын зөвшөөрөл авсан. Нөгөө талаар “Эрдэнэсийн эрэг” нь “Илт Гоулд” компанийн охин компани байх магадлалтай байна. Учир нь “Эрдэнэсийн эрэг” хайгуулын ажлаа хийхийн тулд “Илт Гоулд”, “Дэгжин бүсгүй” хэмээх компаниас хоёр жилийн хугацаатай 2-5 хувийн хүүтэй хоёр тэрбум төгрөгийн зээл авсан байна. Зээлийн гэрээгээр бол хоёр жилийн дараа үндсэн зээлээс гадна нэг тэрбум 400 сая төгрөгийн хүүг, үндсэн зээлийн хамт төлнө. Гэтэл олборлолт биш хайгуул хийж буй үед зээл төлөх мөнгөний эх үүсвэр байх боломжгүй баймаар.
Түүнчлэн Ашигт малтмал газрын тосны газраас бярдаж үлдээсэн 3964 га талбай бусад буцаасан талбайгаас илүү их хэмжээний алтны нөөцтэй гэдгийг нутгийн иргэд хэлсээр байгаад учир байгаа юм. Өөрөөр хэлбэл, хоёрхон жилийн дотор алтыг нь аваад уг талбайг хаах нь гэсэн хардлага төрж байна. Мөн эдгээр компани Төв аймгаас сонгогдож УИХ-д суусан хоёр Энхболдтой хамааралтай гэх таамаглал бий. “Илт Гоулд” компанийн захирал Б.Байгальмаа МАН-ын бага хурлын гишүүн. М.Энхболдын фракцын хүн. Заамарт хуушуурын гуанз ажиллуулдаг байсан “нинжа”-гаас алтны компанитай болтол томорсон гэж эх сурвалж хэлж байсан. Уг гарал нь Төв аймгийн Баянчандмань сумын уугуул. Түүнчлэн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ сумын иргэдээр дэмжүүлэх хурлын үеэр хэлэлцүүлэгт Заамар суманд уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг “Илт Гоулд” компанийн захирал Б.Байгалмаа, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хүү Э.Анарын найз “Эрдэнэсийн эрэг” компанийн гүйцэтгэх захирал М.Энхсайхантай хамт очсон гэдгийг нутгийн иргэд гэрчилдэг.
Мөн тус компани шүүхэд мэдүүлэг өгөхдөө 3964 га-д нэг ч малчны өвөлжөө хаваржаа байхгүй гэж байсан юм. Гэтэл тэнд 40 гаруй малчны өвөлжөө, хаваржаа байдаг нь тогтоогдсон. “Алт-1”, “Алт-2” хөтөлбөрийн үр дүнд газар нутаггүй болсон заамарчууд үлдсэн жаахан газраа авч үлдэхийн төлөө тэмцэнэ гэдгээ илэрхийлсээр байгаа. Нэгэнт хууль зөрчиж өгсөн 15.541.08 га талбайг нэг мөсөн цуцалж чадахгүй байгаагийн цаана эцсийн ашиг хүртэгч нь нөлөө бүхий улстөрч байхаас гадна “Эрдэнэсийн эрэг” компанийн хайгуулын ажилд тусалж, зээл өгөөд байгаа Б.Байгалмаа эзэнтэй “Илт Гоулд” компанид хэн туслаад байгааг нутгийн иргэд ажиглаж байгаа. Мөн энэ сарын 4-нд нутгийн иргэдийн байгуулсан ажлын хэсгээс дахин шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин