Ц.БАЯР
Монголын эдийн засгийн ээлжит чуулган “Аж үйлдвэрийн IV дэх хувьсгал”-ыг онцолж байсныг уншигч та санаж байгаа байх. Найм дахь жилдээ болсон тус чуулган анх удаагаа энэ сэдвийг хөндсөн юм. Тэгвэл өнөөдөр инновацигүйгээр ирээдүйн тухай ярихад ч хүнд болж байна. Учир нь, шинэ цагийн тэрбумтнуудыг гагцхүү технологийн салбар өлгийдөн авч, үндэстэн дамнасан компаниуд ч энэ салбараас төрж гарах болсон. Инноваци, технологийн гайхамшиг нь улс орнуудын хөгжил, дэвшлийг ч тодорхойлдог болж эхэллээ.
Дэлхий нийтээр инновацийн ололтыг нэвтрүүлэхэд хөрөнгө, хүчээ харамгүй зарж байна. Тодруулбал, мэдлэгийг баялаг болгож, инновацийг бүтээж буй улс орнууд л хөгжиж байгаа гэхэд хилсдэхгүй. Хөгжиж буй орнууд өөрсдийн өрсөлдөх чадвараа инновациар хэмжиж байна. Харин манай улсын хувьд сүүлийн жилүүдэд инновацид ач холбогдол өгч эхэлсэн. Энэ хүрээнд холбогдох хууль эрх зүйн орчин бүрдсэн.Эргэн сануулахад 2012 онд Инновацийн тухай хууль гарсан. Цэнхэр гаригийн ирээдүйн хөгжлийг тодорхойлж буй ганц зүйл бол инноваци гэдгийг эрдэмтэн судлаачид хэлдэг.
ДНБ-ий дийлэнх хэсэг буюу 64.3 хувийг үйлдвэрлэж буй нийслэлд Инновацийн төв өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Монгол Улс анх удаагаа төрийн санаачилгаар ийм төвтэй болж байгаа нь инновацийн хөгжилд бодит нөлөө үзүүлнэ гэж шинжлэх ухааны салбарынхан үзэж байна. Ялангуяа, гарааны бизнес эрхэлж буй залуус уг төвд ихээхэн ам сайтай байгаа юм. НҮБ-ын хийсэн судалгаагаар, Монгол Улсын хүн амын гуравны нэг нь 15-34 насныхан буюу залуучууд байна.Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ “Бид шинэ санаа гаргагч, бүтээлч, гарааны бизнес эрхэлж буй залуусыг дэмжихээр, тэдэнтэй ойр ажиллахын тулд Улаанбаатар инновацийн төв байгуулсан. Ингэснээр энэ төвд гарааны бизнес эрхлэгч залуучууд цуглаж хамтран ажиллах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, энэ төв нь залуу бизнес эрхлэгч, гарааны компаниудыг дэмжих төв юм” хэмээн тайлбарласан юм.Тэрээр “Шинэ санаа байдаг үүнийгээ хэнтэй хамтарч, хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй олон чадварлаг залуу байдаг. Тэдний нэг нэгнээ олж, хамтран бизнес эрхэлж, технологи бүтээх гол талбар нь энэ төв байхаар төлөвлөн байгуулсан. Түүнчлэн төсөл боловсруулаад түүнийгээ ажил хэрэг болгоход залууст хөрөнгө оруулалтын асуудал тулгардаг. Тиймээс манай газар энэ төвд ирүүлсэн төслөөс шалгаруулаад онцгой, үнэхээр бидэнд чухал төслийг хөрөнгө оруулагчдад санал болгож зуучлах юм” хэмээн ярив. Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар залуусын бизнесийн санааг бодит болгож, эдийн засгийн эргэлтэд оруулж, орлоготой залуусын тоог нэмэхээр ажиллаж байгаа аж. Тухайлбал, аливаа нэгэн тоглоом, аппликейшнийг шинээр хийхдээ заавал зориулалтын лабораторид турших шаардлагатай байдаг. Одоогоор манай залуус гадны улсад явуулж туршиж байна. Энэ нь тодорхой хэмжээний өртөг зардалтай.Ийм нөхцөлд залуусын бүтээгдэхүүн хийх боломж тодорхой хэмжээгээр хумигддаг. Тэгвэл энэ байдлыг өөрчлөх, анхны загвараа турших лабораторийг дээрх төвд бий болгох юм байна. Нийслэлийн Инновацийн төвд дундын оффис, инкубатор төвүүд байхаас гадна технологи хуваалцах, оюуны өмч, патент, бизнес, хууль, санхүү хөрөнгө оруулалтын зөвлөгөө зэрэг цогц үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл бүтээлч сэтгэлгээтэй, шинэ санаа гаргагч залуучуудаа дэмжихэд Улаанбаатар инновацийн төвийн үйл ажиллагаа чиглэх юм байна. “Төвийн менежментийг гарааны бизнес эрхлэгч залуучууд буюу төрийн бус байгууллага авч явах юм. Энд залуучууд өөрсдийн хийсэн бүтээснээ, туршлагаа хоорондоо хуваалцана. Мөн МУИС, ШУТИС зэрэг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, “Шинжлэх ухааны академи”-тай хамтран ажиллаж залууст зөвлөгөө өгнө. “Шинжлэх ухааны академи”-тай хамтраад тус төвд анх удаа Технологийн бирж буюу технологи дамжуулах ажлыг эхлүүлнэ. Технологи байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Байнга хадгалаад, архивлаад байдаг зүйл биш. Тиймээс биржээр нээлттэй байлгая гэж зорьж байгаа. Үүгээр зогсохгүй төрийн үйлчилгээг цахимаар хүргэхээр ажиллаж байна. Ингэснээр шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж буй залуучуудад боломж нэмэгдэнэ. Аж үйлдвэрийн шинэ хувьсгалд бид эн зэрэгцэх анхны алхам нь Улаанбаатар инновацийн төв. Эндээс олон арван шинэ санааг дэмжиж, бойжуулна” гэж Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ нээлтийн үеэр онцолж байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин