Р.ОЮУН
Хүний эрхийн үндэсний комисс, Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл хамтран зүүн болон говийн бүсийн сэтгүүлчид, Улаанбаатар хотын “Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубын гишүүдэд “Хүний эрх ба хэвлэл мэдээлэл” сургалтыг Хэнтий аймгийн Чингис хот, Батноров, Норовлин суманд зохион байгууллаа. Сургалтын гол зорилго нь орон нутгийн сэтгүүлчдийн хүний эрхийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, бичил уул уурхай, хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх байв. Мөн бичил уурхайн сайн жишээг олон нийтэд таниулах, Хэнтий аймгийн олборлолтын гэрчилгээтэй олон улсад танигдсан бичил уурхайн холбоо, ТББ, нөхөрлөлийн үйл ажиллагааг танилцуулах замаар бичил уурхайчдын хууль, журамд нийцсэн үйл ажиллагааг нийтэд ойлгуулах байв. Энэ үеэр Хэнтий аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ Хэнтий аймгийн бичил уурхайн өнөөгийн байдлын талаар танилцууллаа. Тэрээр “Өнгөрсөн оны байдлаар Хэнтий аймагт Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст бүртгэгдээд бичил уурхай эрхлэх зөвшөөрлөө авсан 23 талбай байгаа.
Үүнээс ашиглаж байгаа 10 талбай бий. Үлдсэн 13 талбай тодорхой шалтгааны улмаас ажиллаагүй байна. Зарим нөхөрлөлийг ажиллах талбай болон газрын асуудлыг нь шийдэж өгөх тал дээр дэмжлэг өгч ажиллаж байгаа. Тухайлбал, Норовлин суманд энэ жил аймгийн ИТХ-аар 48 га газрыг орон нутгийн хэрэгцээнд авах саналыг оруулахаар бэлдэж байна. Одоогийн байдлаар Батноровт 12, Баян-Адаргад дөрөв, Норовлинд нэг, Дарханд тав, Бор-Өндөрт нэг нөхөрлөл бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авч Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт гаргуулсан 23 талбай байгаагийн 10 нь буюу 66.51 гад-д 16 нөхөрлөлийн 122 иргэн бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байна. Үүнээс 12 нөхөрлөл нь хууль, журмын дагуу бүрэн албажиж бүртгэгдсэн гэв.
Харин Хариуцлагатай бичил уурхайчдын нэгдсэн холбооны тэргүүн Н.Нацагмаа “Хэнтий аймгийн бичил уурхайн хамааралтай найман сумын бичил уурхайчдын санаачилгаар гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, төр, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагааг эерэг хандлагаар эрх зүйн хүрээнд бэхжүүлэхэд туслах зорилгоор ашгийн бус, гишүүддээ үйлчилдэг ТББ-ыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 30-нд Чингис хотод байгуулсан. Найман сумын дөрвөн ТББ, хувиараа ашигт малтмал олборлогч /ХАМО/ иргэдийн 300 хүний гишүүнчлэлтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Байгаль орчинд хал багатай, нийгмийн хариуцлагатай бичил уурхайн үйл ажиллагааг таниулах, сайн туршлагыг сурталчилах, холбооны бүх гишүүн эрх тэгш, ил тод үйлчлэх, шударга байх, тэдний дуу хоолойг орон нутгийн болон үндэсний хэмжээнд хүргэж төлөөлөн ажиллана. Мөн хоёр дахь орлогын эх үүсвэртэй болох, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх замаар хуримтлал бий болгож төсөл, хөтөлбөрт хамруулан өөр ажлын байранд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлж, бичил уурхайчдын хөгжих эрхийг хангах, амьдралын төвшинг сайжруулахад эрхэм зорилгоо болгон ажиллаж байна гэсэн юм.
МОНГОЛЫН АНХНЫ ГҮНИЙ УУРХАЙ
Төрөөс ажлын байр нэхдэггүй хүмүүс бол бичил уурхайчид. Батноров сумын VII баг буюу Монголын анхны уурхай болох Бэрх тосгонд очлоо. 1954 онд байгуулагдсан Бэрхийн уурхай 1995 он хүртэл Монголын жоншны экспортын 75 хувийг хуучнаар Зөвлөлт холбоот улс руу гаргадаг байжээ. Энэ уурхай нь тухайн үедээ Монгол Улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг байсан анхны гүний уурхай юм байна. Өнөөдөр энэ уурхайгаа түшиглээд уурхайчид тэдний үр хүүхэд ажиллаж амьдралаа залгуулж байгаа ажээ. Бэрх тосгон 2500 хүн амтай, 835 өрхтэй. Бүртгэлтэй 19 нөхөрлөл үйл ажиллагаа явуулахаар гэрээ байгуулсан ч гурван нөхөрлөл ажиллаж байлаа. Нэг нөхөрлөл есөн гишүүнтэй. Нөхөрлөлүүд засаг захиргаатайгаа байнга холбоотой, хамтарч ажилладаг. Өмнө нь зохион байгуулалтгүй байхад хүмүүс дураараа энд тэнд очиж жонш олборлодог байсан. Харин 2011 оноос хойш нөхөрлөл бий болсноор мэдээлэлтэй болж осол гарах нь багассан. Мөн тэд татвар төлж, хариуцлагатай болсон хэмээн Бэрх тосгоны захирагч О.Батмандах ярьж байлаа. Нөхөрлөл бий болсноор уурхайчдын ахуй амьдралд ямар өөрчлөлт орсон талаар уурхайчин, ТББ-ынхны сэтгэгдлийг сонирхсон юм.
“Өнө-Ундрах” нөхөрлөлийн ахлагч, “Гурван бухтын толгод” ТББ-ын УЗ-ийн гишүүн Ш.Энхтүвшин:
ОДОО АЖ АХУЙН НЭГЖИД ШИЛЖЭЭД АЖИЛЛАЖ БАЙНА
-Бид уурхайн гүнд хүнд нөхцөлд ажилладаг. Хуучин бүртгэгдээгүй нөхөрлөлийн хэлбэрээр явж байгаад одоо аж ахуйн нэгжид шилжээд ажиллаж байна. Засгийн газрын тогтоол гараад ажиллаж байгаа ч бичил уурхайчдад бэрхшээл бий. Унаган уурхайчдын үр сад бид хойч үеэ залгамжлаад явж байна. Манай уурхайд ирээдүйд баяжуулах фабрик барих төсөл хөтөлбөр орж ирэх сураг дуулдаж байгаа. Хэрэв уурхай маань дахин сэргэвэл бидний ахуй амьдрал дээшлэх байх. Нутаг орон, хангай дэлхийнхээ буян хишгийг хүртээд боломжийнхоо хэрээр амьдралын төлөө явж байгаа эгэл уурхайчид байна.
Бэрх тосгоны “Гурван бухтын толгод” ТББ-ын тэргүүн, Хариуцлагатай бичил уурхайчдын нэгдсэн холбооны УЗ-ийн гишүүн Д.Цэндсүрэн:
УУРХАЙЧИД ХҮНД НӨХЦӨЛД АЖИЛЛАДАГ
-Манай Бэрхэд хуучин 308 дугаар тогтоолоор бүртгэгдээгүй нөхөрлөл хэлбэрээр ажиллаж байсан. Өнгөрсөн оны тавдугаар сарын 24-ний 151 дүгээр тогтоолоор бүртгэгдсэн ба бүртгэгдээгүй нөхөрлөлийн хуулийн журмууд гарсан байгаа. Бүртгэгдсэн нөхөрлөл жоншин дээр том оврын техник ашигладаг учраас бүгд бүртгэгдсэн нөхөрлөл хэлбэрээр ажиллах шаардлагатай болсон. Өнөөдрийн байдлаар 20 бүртгэгдсэн нөхөрлөл, Засаг даргатай хийх гэрээнд хоёр нөхөрлөл гэрээ байгуулсан. Бусад нь хуулийн хэрэгжилттэй танилцаж амжаагүй байна. Манай нөхөрлөлүүд улирлын чанартай ажилладаг. Хуучин уурхайн суурин дээр бичил уурхайчид маань ажилладаг. Ажлын нөхцөл маш хүнд, 400 метр хүртэл явдаг болохоор усандаа тулчихаад ихэнх нөхөрлөл ажилгүй зогссон байгаа. Өвөл 3-4, зун 3-4 нөхөрлөл ийм байдалтай алдаг оног л ажиллаж байна. Зөв зохион байгуулалтад орсноор аюулгүйн ажиллагаа сайн болсон. Швейцарийн хөгжлийн агентлагаас багш нар ирж байнга сургалт зохион байгуулдаг.
Тэргүүний уурхайчин Д.Баярсайхан:
БЭРХИЙН ЖОНШ ДЭЛХИЙД ГАЙХАГДСАН, ӨНДӨР СОРЬЦТОЙ
-Би 1987 онд анх Бэрхийн гүний уурхайд малтагчаар ажиллаж байгаад хувиараа жонш эрхлээд 20 гаруй жил болж байна. 2013 оноос нөхөрлөлийн хэлбэрт ороод ажиллаж байна. Төр, засгаас энэ арга хэмжээг авч байгаад баярладаг. Монгол том уурхайгаа ажиллуулах боломжгүй. Бичил уурхайгаар өнөөдөр 20 нөхөрлөл 20-30 метр газарт ажиллаж байна. Өнөөдөр тогтвортой ажиллах боломж байдаггүй. Ихэвчлэн өвлийн улиралд ажилладаг. Яагаад гэвэл хөлдүү үед сайн барьцалдаж аюулгүй ажиллах боломжтой. Бид хэн нэгнээс айхгүй хууль, дүрмийн дагуу ажиллаж байгаа болохоор нөхөн сэргээлт хийж анх байсан хэмжээнд нь оруулах ёстой. Манай Бэрхийн жонш дэлхийд гайхагдсан өндөр сорьцтой. Муу ард түмэн гэж байхгүй, муу удирдагч л гэж байдаг гэж байсан юм.
БАТНОРОВТ БАЙГАЛИЙН ӨНГӨТ ЧУЛУУ ОЛБОРЛОГЧИД ИХЭСЧЭЭ
Бэрх тосгонтой адил жонш олборлодог дөрвөн нөхөрлөл Батноров суманд байдаг бөгөөд бичил уурхайчид 2000 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. Энэ талаар тус сумын Засаг дарга Г.Тайванжаргал бичил уурхайг албажуулахад нутгийн удирдлагын үүрэг их чухал гэж байв. Тэрээр Батноров суманд жилд 50 га-гаас илүү газар олгодоггүй. Мөн ТББ байгуулагдсанаар нэгдсэн бодлоготой болжээ. Үүнээс гадна сумын Засаг дарга улиралд нэг удаа бичил уурхайчдын уулзалтыг хийж сайн ажиллаж байгаа нөхөрлөлийн үйл ажиллагааг бусдад нь туршлага солилцох, нийтэд сурталчилахаас гадна нийгмийн хариуцлагын гэрээ хийдэг ажээ. Тухайлбал, өмнө нь гал түймэр, байгалийн гамшгийн үед нүхэндээ жоншоо ухаад суудаг байсан бол нийгмийн хариуцлагаа ухамсарласнаар хоол хүнс, багаж хэрэгслээ аваад идэвхтэй оролцдог болсон байна. Түүнээс гадна ашигласан талбайгаа нөхөн сэргээж, орон нутаг эзэнтэй, ажилгүй иргэд орлоготой болж, нэгдсэн журмаар ажилладаг болжээ.
Батноров суманд сүүлийн үед байгалийн өнгөт чулууг хууль бусаар олборлогчид ихэссэн талаар сумын Засаг дарга ярьж байлаа. 2014 оноос тус сумын Хутаг ууланд чулуу түүж байсан хүмүүсийг таслан зогсоохоор Захиргааны хариуцлагын хуулиар 50 мянган төгрөгөөр торгодог байсан нь даамжирч долоон аймгийн 27 сумын 500 орчим хүн ирдэг болжээ. Байгалийн өнгөт чулуу түүж олборлох, зарж борлуулахыг хориглосон шийдвэр гаргаж, хууль бус ажиллагааг нь таслан зогсоох гэж яваад өнгөрсөн оны нэгдүгээр сард сумын Засаг дарга болон төрийн дөрвөн албан хаагч халдлагад өртсөн байна. Тэд нутгийн иргэд байгаагүй, өөр аймгийн хүмүүс байсан. Үүнийг хуулийн байгууллага шалгаж байгаа болохоор хэвлэлд хандаагүй. Шүүхээр үнэн зөвийг нь тогтоох байх. Шүүхийн шийдвэр гараагүй байхад хэн нэгнийг буруутгахгүй. Цаашид хүний амь нас эрсдэхэд ойрхон байгаа. Байгалийн өнгөт чулуу олборлож байгаа хүмүүс газрыг 20 см-ээс 1.5 метр гүн ухдаг. Энэ нь газрын хэвлийн ус, чийгийг барьдаг чулууг нь авахаар гол горхи ширгэж, ган гачиг болж байгаа нь байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас байгаль дэлхий хилэгнэж байна хэмээн сумын Засаг дарга Г.Тайванжаргал ярьж байсан юм.
Батноров сумаас Норовлинг зорих замд тус сумын “Амлалтын нутаг” нөхөрлөлөөр дайрсан юм. Энэ үеэр Батноров сумын Байгаль орчны байцаагч Г.Ариунбаяртай уулзахад “Манай суманд албан ёсны гэрээ байгуулсан дөрвөн нөхөрлөлөөс “Амлалтын нутаг” үйл ажиллагаагаа явуулж байна. Бусад нь нөхөрлөл жоншны гарцаас шалтгаалаад түр зогссон. Би энэ ажлаа аваад удаагүй ч хуучны нинжа гэдэг ойлголт байхгүй болсон байна. Өмнө нь сумын хурлаар ордог байсан бол одоо аймгийн ИТХ-аар дамжаад 151 дүгээр тогтоолын дагуу гэрээ байгуулаад ажиллаж байгаа болохоор асуудалгүй. Манай малчид мэдээлэл их өгдөг болохоор газар дээр нь очиж таслан зогсоож, хууль дүрмийн дагуу ажилладаг. Манай суманд 70 хувь нь Жи мобайлын сүлжээ барьдаг болохоор гадны тийм нөхөд явж байна, ирж шалгаачээ гэдэг мэдээллийг сайн өгдөг болсон. Иргэд маань байгалиа хамгаалах сэтгэлтэй болж байгаа болохоор нинжа багассан. Манай энд байгалийн өнгөт чулуу том асуудал болж байна. Бичил уурхайчдын хувьд хууль зөрчиж байгаа асуудал байхгүй. Бүгд 151-д заасны дагуу аюулгүй ажиллагаагаа баримтлаад ажиллаж байна” гэж байлаа.
АШИГГҮЙ ОРДЫГ ДАХИН АШИГЛАЖ БАЙНА
Бид цааш Норовлин сумын “Норовлин хамтын хүч” ТББ-тай танилцлаа. Автобуснаас буухад таван өөр өнгийн хувцсаар ижилссэн нөхөрлөлийнхөн угтаж авах нь их л содон харагдав. Эднийх дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүртгэгдсэн хоёр, бүртгэгдээгүй гурван нөхөрлөлийн 45 хүнтэй. Дөрвөн га талбайд алтны шороон орд ашиглаж бичил уурхай эрхэлдэг ТББ аж. Өнгөрсөн онд олборлосон алтаа компаниар дамжуулдаг байсан бол одоо бичил уурхайн хууль, тогтоомж, журмын дагуу Монголбанкинд тушаана. Бичил уурхайчдыг өмнө нинжа гэдэг байсан бөгөөд тэд 35 га талбайг эвдэж, сүйтгэжээ. Тиймээс сумандаа эзэн нь болохоор ТББ байгуулан малгүй, ажилгүй иргэдийг ажилтай, орлоготой болгосон байна. Энэ талаар “Норовлин хамтын хүч” ТББ-ын тэргүүн С.Мөнхсарнай “Бид 2014 онд Азийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 6.5 га газрыг техникийн болон биологийн аргаар нөхөн сэргээсэн. Нутагтаа эзэн нь болсноор хэн дуртай нь ирж, газар ухахгүй, нөхөн сэргээсэн талбайг эргэж хөндөхгүйгээс гадна ажлын байр нэмэгдэж ядуурал буурч байна. Жилд 10 гаруй сая төгрөгийг сум, орон нутагтаа төвлөрүүлдэг. Шороон орд учраас мөнгөн ус, химийн бодис хэрэглэдэггүй” гэж байлаа. Зун ажилладаг болохоор кемп дээрээ гэр цэцэрлэгтэй. Эцэг эхчүүдийг тухтай ажил хийлгэхийн тулд цэцэрлэгийн насны 25 хүүхдийг зургадугаар сарын 1-нээс наймдугаар сарын 25 хүртэл гэр цэцэрлэгт мэргэжлийн хоёр багш, мэргэжлийн тогооч авч ажиллуулдаг гэж байв.
Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төслийн эксперт Ц.Тансагмаа:
ОРОН НУТАГТАЙГАА ГУРВАЛСАН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАДАГ БОЛЖЭЭ
-Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөл 2005 оноос Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яамтай хамтран хэрэгжүүлээд 13 дахь жилдээ явж байна. Энэ хугацаанд анх нинжа хэмээн нэрлэгдэж байсан иргэдийг хууль журмын дагуу болгож, зохион байгуулалтад оруулах гэж, бичил уурхайчдыг хүний эрхийн талаар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, нөхөн сэргээлт гэсэн сургалтад хамруулж чадавхижуулах үйл ажиллагааг олон жил хийсэн. Энэ хугацаанд Хэнтий аймгийн Норовлин сумын “Норовлин хамтын хүч” ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Эднийх 45 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг зохион байгуулалт сайтай алтны шороон орд ашигладаг ТББ байна. Үүнээс харахад бичил уурхайчид албажиж, зохион байгуулалтад оржээ. Мөн орон нутагтайгаа гурвалсан гэрээгээр ажилладаг болсон байна. Энэ байгууллага хоёр жилийн хугацаанд найман га газрыг нөхөн сэргээсэн байна. Ажилтнуудаа нийгмийн даатгал, халамж болон бусад татварыг улс орондоо төвлөрүүлж байна. Мөн цаашид бичил уурхайгаас орлого олох бус бусад эх үүсвэрт шилжих боломжийг гаргаж өгсөн байна. Эднийхийг харахад дугуй засвар, мужааны, МСҮТ-ийн сургалтуудад хамрагдаж чадавхижсан байна. Манай “Тогтвортой бичил уурхай” төслийн хувьд гаргаж ирсэн алтыг Монголбанкинд тушаахыг дэмждэг. Үүний хүрээнд Дархан, Баянхонгор аймагт нэг цэгийн үйлчилгээг зохион байгуулаад явж байна. Мөн бичил уурхайчиддаа илүү мэдээ мэдээлэлтэй болгохын тулд “Бичил уурхайн мэдлэгийн цахим төв”-ийг байгуулсан гэж байв.
“Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд бичил уурхайчдын олборлосон алтыг худалдах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийлүүлэлтийн сүлжээг албажуулахад олон улсын туршлагаас суралцах, харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх юм байна. Энэ хүрээнд өнгөрсөн сарын 19-30-нд Латин Америкийн Колумб, Эквадор улсад туршлага судлах аяллыг холбогдох албаныхан хийгээд иржээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин