Б.СОЛОНГО

Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж байгаа билээ. Тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэж байна. Энэ удаагийн зочноор спорт хувцасны “Монлайн” компанийн ерөнхий захирал А.Чимэд-Очирыг урилаа.

-Улсынхаа хөгжлөөс өмнө бид өөрсдөө хэн бэ, хэр азтай хүмүүс вэ гэдгийг ярих нь зүйтэй. Учир нь ямар ч улсын хөгжилд дотоодын үйлдвэрлэл, нийгэм эдийн засгийн, хүний хөгжил гээд бүгд нэгэн жигд байж бодит утгаараа биелэлээ олдог. Мэдээж үндсэн суурь нь эрх чөлөө, тусгаар тогтнол юм. Бид монгол хүн болж төрснөөрөө маш азтай. Геополитикийн хувьд ямар нэгэн гадны халдлагагүй өндөр хөгжилтэй хоёр том гүрний дунд оршиж эргэн тойрон монгол үндэстнүүд маань хамгаалж байдаг.

Жилийн дөрвөн улиралтай, үзэсгэлэнт сайхан газар нутагтай, байгалийн баялаг, үржил шимтэй хөрс шороо, таван хошуу мал, хаана ч дасан зохицох чадвартай оюунлаг ард түмэн. Иргэний дайн, шашин, соёлын зөрчилдөөн алга, бүх юм амар амгалан.

БИ БИШ БИД БОЛООД ХАМТДАА ХӨГЖЬЕ

Монголд ямар ч бизнес эрхлэхэд хөрс нь цагаан байна. Гэтэл хүсдэггүй, шалтаг тоочдог, төр засагтаа гомдсон хүмүүс байх юм. Төр засгаас зээл, тусламж, хөнгөлөлт хүснэ. Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш ажиллаж амьдрах зөв нийгмийн бодлого тодорхойлох ёстой улс төрчид маань сонгуульд ялахын тулд элдвийг амалдаг нь энэ гажуудлыг бий болгож байна . Яагаад өөрийнхөө төлөө амьдрах гэж байж бусдаас тусламж авах гээд байдгийг би ойлгодоггүй. Багаас нь  эхлэх л хэрэгтэй. Бид ихэнх салбарт дотоод зах зээлийнхээ 15-30 хувийг ч хангаж чадаагүй,  ихэнх  хэрэгцээгээ гаднаас авсан хэвээр байна. Харин гаднаас юуг авах, юуг хаяхаа мэддэг байх хэрэгтэй. Жишээ нь бизнесийн талаас харахад хөрш хоёр гүрэнд дэлхийд дээгүүрт орох түүхий эдийн үйлдвэрүүд байна.  Бид Монголдоо хийж чадахгүй түүхий эдээ гаднаас татаж аваад эндээ бэлэн бүтээгдэхүүн болгож хэрэгцээгээ хангах боломж бий. Тэгж чадвал Монголд мөнгө нь үлдэнэ. Болж өгвөл түүхий эдийн гаалийн татварыг тэглээд, Монголдоо үйлдвэрлэж байгаа бэлэн бүтээгдэхүүний татварыг нь нэмбэл дотоодын үйлдвэрлэл хөгжинө. Дотоодын зах зээлээ хамгаална гэдэг тусгаар тогтнолын тулгуур багана юм гэж уншиж байсан санагдана. Бид хэдийгээр ардчилсан улс болон хөгжиж байгаа ч нөгөө талаараа хамгийн том, чухал өгөгдөхүүнүүдээ алдчихаад байна. Нийгэм гэдэг нийтээрээ хөгжихийн нэр. Бие биедээ дэмтэйгээр хөгжихөөс биш хэн нэгэн нь цойлоод хөгжихгүй. Эд хөрөнгө, мөнгө шүтсэн харгис зах зээл орж ирснээс хойш байж болох бүх юмаа зарж байна. Газар шороо, улс орон, найз нөхөд, хайр сэтгэл хүн чанараа худалдахад бэлэн байна.

Мянган төгрөг олохын төлөө хүн ажил хийх ёстой. Харин одоо бол зүгээр сууж байгаад бонус, лобби, албан тушаалаар мөнгийг олох сонин ойлголттой болчихож. Өөрөөр хэлбэл, хэдэн үеэрээ идэж барахгүй байгалийн баялагтай, түүнийгээ зараад ажил хийхгүйгээр сайхан амьдарч болно гэсэн ойлголт улс орны ажиллах хүчийг сулруулсаар байна. Эхлээд үйлдвэрлэлийг нь устгадаг юм байна, хүмүүсийг нь “Би” гэсэн үзэлд сургадаг юм байна, амралтын өдрүүд, баяр наадмыг олон болгодог юм байна. Татвар өгдөг хүмүүсээ урамшуулахын оронд өгдөггүй нөхдийг нь өршөөсөн хууль гаргуулдаг юм байна. Гол нь юуг уриалаад, юуг зөв гээд байгаа нь мэдэгдэхгүй энэ бүхнээс хүний сэтгэхүйд сууж байгаа тэр хандлага нь харамсалтай. “1+1=2” гэдгийг хүн бүр мэднэ. Харин Монголд хариу нь хоёр мөн үү гэж эргэлзтэл бүх шатанд будилуулж байна. Хариуг нь хэнээс ч дахин лавлахгүйгээр өөртөө итгэлтэйгээр бүгд нэг ижил хариу гаргадаг нийгэмд ойлгомжтой амьдармаар байна. Та, би, баян, ядуу, ажилтай, ажилгүй, азтай, азгүй бүгд л хамтдаа урагшлах. Нэг завинд суугаад хэн хэнээсээ хамааралтайгаар аж төрнө гэдгийг л ойлгомоор байгаа юм.

САЙН ӨРСӨЛДӨГЧ ХӨГЖЛИЙН ГАРЦ БОЛДОГ

-Хамтдаа урагшлахын тулд хүн бүр ажилтай байх хэрэгтэй. Бизнесмэн хүнийг зөвхөн мөнгөний төлөө амьдардаг гэсэн хандлагыг нийгэмд хэдийн суулгачихлаа. Гэтэл тийм биш шүү дээ. Тэдний ард олон ажилтан, олон айлын амьдрал байдаг. Мэдээж ажилтай, бизнестэй хүмүүс бусдыгаа бодвол арай хангалуун байх нь ойлгомжтой. Гэтэл ажил хийе гэсэн ч олдохгүй, орлогогүй хүмүүс энэ хатуу нийгэмд байгаад байдаг.

Тэгвэл яаж хамтдаа, нийтээрээ хөгжих вэ. Яавал бүгдээрээ ажилтай, орлоготой болох вэ. Миний баримталдаг зарчим бол бусдадаа загас барих аргыг нь зааж өгөх. Миний бизнесийг бусад нь хийчих вий гэж харамлаж суусаар хамаг зах зээлээ гадныханд алдаж байхаар мэддэг чаддагаа бусдадаа заасан нь дээр гэж би боддог. Сайн өрсөлдөгч бол хөгжлийн ирээдүй, гарц байдаг.

Монголын зах зээлээ 100 хувь хангаж чадаагүй байж дотроо эвдрэлцээд байх юм. Гадныхны эзэлчихээд байгаа 70 хувийн зах зээл дээр монгол хүн ажиллахад нь тусалж дэмжье л дээ. Ижил төрлийн  компаниуд бий болохоос битгий ай. Харин түүний оронд тусал.  Өөрийнхөө компани дээр жишээ авч яръя. Анх энэ спорт хувцасны үйлдвэрийг байгуулах үед энэ салбар маань Монголын спорт хувцасны зах зээлийн 15 хувийг л хангадаг байлаа. Гэтэл үлдсэн 85 хувь дээрээ тоглолт явуулахын оронд байгаа хэдэн компани нь дотроо бие биенээ муулаад үйлчлүүлэгч нартаа Монголынх муу гэсэн ойлголтыг бий болгодог. Би аливаа зүйлийг томруулах тун дургүй. Түүний тулд өөртөө орлогын хязгаар тавьж сурсан. Учир нь томрох тусам миний чөлөөт цаг бага болно, ачаалал ихэснэ. Зүгээр л хоббигоороо ажиллаж, гэр бүлдээ илүү цаг зарцуулдаг, орлогоосоо илүү гарснаар сайн үйл хийчихдэг, гэр бүлээрээ гадагшаа аялчихдаг, үр хүүхдээ сургуульд сургачихдаг хэрэглээгээрээ л амьдрахыг хүсдэг хүн.  Ингэж амьдрахын тулд 20 оёдолчинтой үйлдвэр л надад хэрэгтэй. Тэгээд сард тийм хэмжээний ажил аваад, тэдэн төгрөгийн орлого олоод явахад манай ажилтан цагтаа тараад гэртээ харих юм байна. Хонож өнжиж ажиллахгүй, үр хүүхэдтэйгээ дурсамжтай сайхан цаг хугацаагаа өнгөрүүлэх юм байна, маргааш нь ажлын бүтээмж өндөр байх юм байна гээд тооцоолчихдог. Өөрөөсөө гадна ажилчдаа сэтгэл хангалуун, амар амгалан ажиллуулах нь надад маш чухал. Хэрэв би мөнгөний төлөө шуналтаад, их ачаалал аваад эхэлвэл үйлдвэрээ томруулах, хүнээ нэмэх эсвэл ажилчдаа хонож ажиллуулах шаардлага гарна. Чөлөөт цагаасаа хум­салж, ачаалал нэмэгдэнэ. Тиймээс 20 ажилчинтай, хүчин чад­лынхаа дагуу л ажилладаг.

БЛИЦ

Боловсрол: -Нягтлан бодох мэргэжилтэй / Худалдаа аж үйлдвэрийн дээд сургууль/ Ажил эрхлэлт: -Спорт хувцасны “Монлайн” компанийн ерөнхий захирал -“Сүки стар холдинг” ХХК, “Амор Фрэйндс” ХХК-д бизнес зөвлөгч -Мөн хэд хэдэн компанид хүний нөөц, гадаад дотоод харилцаа, санхүү, маркетинг, удирдлагын бодлого, борлуулалт зардал гээд бизнесийн болон дотоод үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, зөвлөлгөө өгдөг багийн гишүүнээр ажиллаж байна.

ЗАХ ЗЭЭЛЭЭ БУСАДТАЙ ХУВААЛЦЬЯ ГЭЖ ШИЙДСЭН

Ингээд яваад ирсэн чинь бас биш юм аа. Спорт хувцасны захиалга хөдөө, орон нутгаас маш их ирдэг болсон. Хүчин чадлаараа ажиллахад 100 захиалганы 20-ийг нь аваад үлдсэнийг нь амжихгүйгээс буцаана. Гэтэл энэ их эрэлт байхад яагаад захаас хятад хувцас худалдаж авч, гадагшаа мөнгө урсгаж, гадны үйлдвэрийг дэмжих ёстой гэж. Ерөөсөө үлдсэн 80 хувийн зах зээлийг бусдадаа боломж олгоод ашиглуулья гэж шийдсэн. Ингээд 21 аймагт “Монлайн” компанийнхаа салбаруудыг байгуулсан. Аймаг бүрт байсан дээл хувцас хийдэг, ганц хоёр тендерт оролцдог, заримдаа ажилгүй суудаг компаниудыг цуглуулаад хурал хийсэн.  Спорт хувцасны салбарт ийм боломжууд байна. Танай аймгаас ийм их захиалга ирж байна. Бид та бүхэнд “Монлайн” компанийнхаа бүх эрхийг өгье. Зааж сургая. Та нараас хувь, ашиг авахгүй. Харин бүгд хамтдаа нийлж байгаад түүхий эдээ татья. Манайх 100 сая төгрөгөөр түүхий эд татсанаас бүгд нийлээд 500 сая төгрөгөөр авбал илүү хямд авна. Энэ бүх гаргалгааг гаргаж ойлгуулсан. Харин урд чинь бэлэн зах зээл, хийх ажил нь байхад улсаас тендер, тусламж дэмжлэг, төсөлд хамрагдах гэж ажлаа битгий алдаарай, энэ бодлоо толгойноосоо авч хаясан нь дээр. Бид чанартай сайн хийгээд хэрэглэгчийнхээ хэрэгцээг хангаж чадвал хүссэн хүсээгүй зах зээлийн хуулиар биднийг сонгох болно гэж тохиролцож байсан. Тэгээд л хамтдаа ажиллаж эхэлсэн. Салбар байгуулна гэхээр тэднээс ашиг олдог гэж боддог юм шиг байгаа юм. Нөгөө хорин хэдэн жил монголчуудын тархи, зүрхэнд суучихсан сэтгэлгээ энэ л дээ.  Манай компани 20 аймгийнхаа салбараас ямар ч ашиг, хувь авдаггүй.  Одоогийн байдлаар манай салбарууд бүгд өр зээлээ дарчихсан.  Дөрвөн аймагт залуу гэр бүл маань байртай болсон. Гурван аймагт өөрсдийн ажлын байраа барьж чадлаа. Бусад нь машин техниктэй болох зэргээр амьдралын төвшингөө дээшлүүлж чадсан. Монголчууд нэгдэж чаддаг. Ингээд хийвэл Монголын зах зээлд боломж гарц  бий. Би жижиг ярьж байж болно. Гэхдээ надаас мундаг, том хүмүүс энэ гарцыг хараад хийж чадвал маш том алхам болох гээд байна. Ингээд бие биедээ загас барих аргыг нь заагаад өгчихмөөр байна. Телевизээр харахаар зарим үйлдвэр “Манайх хоёр сарын захиалга пиг дүүрэн байна” гэдэг. Тэгсэн хэрнээ улс биднийг харж үзэхгүй байна, үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байна гээд байдаг. Хоёр сарын захиалга нь дүүрсэн бол улсаас юу хүсээд байгаа юм. Иргэд нь дэмжээд захиалга нь дүүрээд байгаа юм биш үү. Хэрэглэгч нь хоёр сар хүлээхийн оронд гээд яалт ч үгүй гадны барааг сонгож байна шүү дээ.  Өөрөө хийж амжихгүй бол бусдадаа боломж олгоод хуваалцах хэрэгтэй. “Монлайн” хэрхэн тэлсэн шиг зааж өгөх ёстой. Хувь авахгүй байгаа ч асар том ашиг бидэнд ирж байна. Манай үйлдвэрт ачаалал ирэхгүй байна, орон нутагт үндэсний үйлдвэрлэл хөгжиж, амьдрал цэцэглэж байна.  Спорт хувцасныхаа 85 хувийг хангадаг боллоо.  Бүх салбарт ийм болчихоосой. Ингээд дэм дэмэндээ хөгжөөд ирэхээр мөнгөн урсгал Монголдоо л үлдэнэ, валютын савлагаанд өртөхгүй.

МӨНГӨГҮЙ ХЭРНЭЭ МУНДАГ ЧАДАЛТАЙ ЗАЛУУС ОЛОН БАЙНА

Би оёдлын салбарт ороод таван жил болж байна. Өмнө нь 14 салбарт үйл ажиллагаа явуулж үзлээ. Байгуулсан компаниа хөл дээр нь босгоод дараагийн хүнд нь өгөөд л явдаг. Юу ч байхгүй хоосон газарт юм босгох нь миний хобби гэх үү дээ. Тэр нь надад маш их аз жаргалыг өгдөг.Тэгэхээр одоо болтол тэр компаниудаасаа хувь авдаг гэж ойлгоод байдаг. Одоо надад хувь авдаг нэг ч компани байхгүй. Тодорхой хэмжээнд ашиг олоод чаддаг хүнд нь 100 хувь шилжүүлж өгөөд орхидог. Мөнгөгүй хэрнээ мундаг чадалтай залуус олон байна. Тэднийг сарын нэг, хоёр сая төгрөгөөр торгооно гэж байхгүй. Харин түүний оронд “Би чамд бүх юмыг нь бэлдээд өгье, цалин өгөхгүй. Харин чи ашгийнхаа 40 хувийг ав 60 хувийг нь би авья” гэдэг.  Ингээд хөл дээр нь босгож аваад өөрийн оруулсан мөнгөн дээрээ овоо ашиг олоод авчихлаа. Тэр залууг дэмжээгүй бол надад 60 хувь ч байхгүй, түүнд ч 40 хувь байхгүй, компани, ажлын байр ч байхгүй байлаа шүү дээ. Энэ л миний сэтгэл ханамж. Түүнээс биш тухайн хүнээ хэдэн төгрөгийн цалингаар дөнгөлөөд, хармаалаад байвал удахгүй яваад л өгнө. Бас нэг газар ажилд орно, тэр залуу хөгжихгүй.  Хүн чаддаг юмнаасаа урам зориг аваад, амьдрал нь хурдан хугацаанд дээшлэх ёстой. Харин миний хувьд би хоббигоороо л бусдад тусалсан. Мэдээж их биш ч ашиг олсон. Хаана хаанаа баяртай үлдэнэ. Үр үндсээ тарьсан компаниуд маань бүгд амжилттай сайн явж байна. Дан ашиг гэхгүй залуустаа зөвлөгөө өгнө, тусална. Тэд  маань гудамжинд тааралдаад ам­жил­таа ярих нь маш сай­хан санагддаг. Тэр хэрээр миний амьдрал сайхан байдаг. “Монлайн” компа­ниа анх байгуулахдаа хү­ний нөөцөө их амархан шийд­сэн. “45-аас дээш насны оёдлын салбарт ажиллаж байсан эсгүүрчин, оёдолчин ажилд авна” гээд зар тавиад мундаг 20 ажилчинтай болж билээ, гайхалтай. Надад оёдлын салбарын талаар А ч байхгүй байхад энэ хүмүүс үйлдвэрээ аваад явчихаж байна шүү дээ. Залуучуудтай харьцуулахад ажилдаа хандах сэтгэл, бүтээмж хавьгүй илүү. Манай үйлдвэрт Ардын их хурлын депутат хүн хүртэл байгаа.

АЗ ЖАРГАЛЫГ МӨНГӨНӨӨС БИШ ХҮНЭЭС Л АВДАГ

Яагаад бид амжилтад хүрэхийн төлөө, бусдаас илүү гарахын төлөө, баян болохын төлөө уралдаад байгаа юм бэ. Хүн заавал амжилтад хүрэх ёстой юм уу. Чаддаг ажлаа хийгээд түүндээ сэтгэл ханамжтай амьдрахад болох биш үү. Орлогоо их болгохын тулд хэрэгцээгүй зардлуудаа танах ёстойгоо ойлгодоггүй. Яг адилхан материалтай хоёр фудволк байхад брэндийнх нь 50 доллар, нөгөөх нь таван доллар. Би бол үнэ хямдыг нь сонгоно.  Миний мэдэх нэг хүн таван хүүхэдтэй хоёр өрөө байранд амьдардаг хэрнээ байраа барьцаалаад 570 авч унаж билээ. Яахав нэг жил гоё харагдсан байх. Гэхдээ тэр машин түүнд орлого авчраагүй. Банкны хүүгээ дийлэхээ болиод машинаа хямд зарж, одоо ч үлдэгдэл мөнгөндөө хүү төлсөөр л явна. Би ч үүнийг тойроогүй, дайраад гарсан. Онгирч байна гэж битгий ойлгоорой, алдаагаа л яриад байна. 10 гаран жилийн өмнө компанийн захирлууд хаус авдаг модатай болсон. Би ч тэр замаар явсан. Хотын төвд байраа зараад хүүтэй мөнгө зээлж байгаад 560 ам метр талбайтай хаус худалдаж авсан.  Хүн амьтанд “Зайсанд хаусанд амьдардаг” гэж гайхуулаад догь байлаа. Үнэнийг хэлэхэд 80 хүрэхгүй ам метрийг нь л ашиглаж байж энэ том байшингаар юу хийж байгаа юм бол. Зээлсэн мөнгөний хүү, том байшингийн урсгал зардал гээд энэ их мөнгийг хэрэгцээгүй зардалд тавиад туужээ. Ингээд л  алдаан дээрээсээ суралцаж эхэлсэн. Хүний хэрэгцээ их юм шаарддаггүй юм билээ.  Тансаглалаасаа хасч хэмнэсэн мөнгөөрөө гэр бүлээрээ аялаж зугаалах, сайн үйл хийх, бас нэг гэр бүлийн амьдралд туслах гэх мэт бусдаасаа аз жаргал авахыг л юу юунаас илүү чухалчилдаг болсон. Би өөртөө аз жаргалаа бий болгож чадсан гэж боддог. Баян болохын төлөө чичирдэггүй, бусдаас илүү харагдахын төлөө өөрийгөө зовоодоггүй, өнөөдөртөө өөрийнхөөрөө амьдарч чадаж байна. 10 гаруй гэр бүлд компанитай болоход нь тусаллаа, үйлдвэрийн ажилчид маань аз жаргалтай байна. Ажилчид маань цалинтай байвал ашигтай ажиллалаа гэж боддог. Гаднаа тавьсан машиндаа санаа зовоод, хүүхдүүд нь гадаа тоглохдоо айдастай байвал баян байгаад ч яах юм.  Нийлээд нийгмээ баян болгоё. Бие биедээ боломж  олгож, орлоготой болгоё.  Бид нэг л тэрэгний дугуйнууд гэдгээ санаад хамтдаа урагшилна гэдгийг л ойлгомоор байна.  Ний­гэм гэдэг нь нийтээрээ бие бие­нээсээ хамааралтай аж төрөх, хүн хүнээсээ аз жаргал авдаг эрх тэгш хүнд­лэлээр бий болдог харил­цааны тогтолцоо юм даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин