Б.СОЛОНГО
Хариуцлагагүй уул уурхайн улмаас хөдөө, орон нутгийн малчин иргэд хэрхэн хохирч, газар нутаг нь яаж сүйдэж байгаа талаар иргэдээс мэдээлэл ирсээр байна. Энэ хүн бол Говь-Алтай аймгийн Цээл сумын “Цээл нутгийн хөгжлийн төлөө” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Хүрлээ. Тэрээр нутагт нь үйл ажиллагаа явуулж байгаа “Таяннуур” гэх компанийн талаар ингэж ярьсан юм.
-Танай нутагт ямар байдал үүссэн юм бэ?
-Уул уурхайтай холбоотой асуудлаар та бүхэнд хандахаас өөр аргагүйд хүрээд байна. Манай нутагт “Таяннуур” гэдэг компани төмрийн хүдэр олборлодог. Стандартын дагуу олборлолт хийхгүй байгаагаас бид бүхний эрх ашиг хохирч байна. Замаа тавиагүй тээвэрлэлт хийж байгаагаас тоосонцор их хэмжээгээр дэгдэж байна. Мөн асар их бэлчээрийн талбай сүйдлээ. Хөрс эвдрэлд орлоо. Мал нь бэлчих газаргүй болчихсон.
Нөгөө тоос, тоосонцор буусан газраас мал өвс идсэнээс болж гүзээ, сархинаг нь хатчихсан байдалтай гарч ирж байна. Түүнийг идэж байгаа хүмүүсийн хүнсний аюулгүй байдал хэцүүдэж байна. Мал аж ахуйд илтээр сөргөөр нөлөөлж байна. Тус уурхай сумын төвөөс 20-иодхон километрийн зайд байрладаг. Яг салхин талд нь байрладаг болохоор уурхайн төмөр баяжуулж байгаа арга нь буруугаас болж сумын төвийн иргэд тэр чигээрээ хүдрийн тоосонцроор амьсгалж байна. Уршиг нь нэгэнт мэдэгдээд эхэлчихсэн. Сумын эмнэлгийн сүүлийн хоёр жилийн статистик тооцооллоор хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгааныг амьсгалын замын цочмог халдварт өвчин эзэлж байна. Хүний эрүүл явах эрхэд илтээр нөлөөлөөд байгаа нь үнэхээр харамсалтай. Түүгээр зогсохгүй олборлолт явууллаа гээд сумын эдийн засагт, хөгжилд ямар ч нөлөө алга. Энэ компани хүмүүсийн эрүүл мэндэд ингэж сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсныхаа хариуд ядаж нийгмийн хариуцлагаа ухамсарлах ёстой. Биднийг хандахаар хуулинд тийм заалт байхгүй гэсэн хариу өгдөг. Энэ асуудлыг аймгийн хууль хяналтын бусад байгууллагууд шалгадаг. Гэсэн ч стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байна гэсэн дүгнэлт гаргачихаад л явчихдаг. Үнэхээр монгол хүний эрүүл мэндэд илтэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал бий болчихоод байхад стандарт гэж үзсээр байх уу. Ямар стандартыг зөв гэж нэрлээд байгаа юм бэ.
-“Таяннуур” компани олборлолтоо хэзээ дуусгах вэ?
- Эхэндээ 80 жилийн хугацаатай л гэж байсан одоо 15-20 жилийн хугацаатай гэж яриад байгаа.
-Төмрийн хүдрийн олборлолт нь байгаль орчинд нөлөөлөх байдлаараа хэр онцлогтой юм бол?
-Мэдээж хортой байна. Хөрс хуулалт хийнэ. Хүдрээ гүнээс гаргана. Баяжлуулах үйлдвэр, тээвэрлэлт нь хор ихтэй байгаа юм. Ойр орчимд нь байсан гол горхи нь ширгэчихсэн. Одоо газрын гүний усыг тэр компани ашиглаж байгаа. Хэдийгээр газрын гүний усыг ашиглаж болохгүй гэсэн хууль дүрэм байхгүй ч хур бороо татрах гол шалтгаан нь тэр болдог юм билээ. Ийм байдлыг ярихаар стандартын дагуу гэдэг үгээр ам таглаад байх юм.
-Нөхөн сэргээлт хийдэг үү?
-Нэг ч мод тариагүй. Ямар ч нөхөн сэргээлт хийгээгүй. Ашиглалтын талбай дотроо ажиллаж байгаа. Гэхдээ тэр талбай руугаа сумын захиргааны хүмүүсийг оруулж харуулдаггүй. Хаалттай хотхон л гэсэн үг. Хамгийн гол нь олборлолт дагалдсан нөхцөл байдал хүнд байна л даа. Хуулийн цоорхой байдаг юм уу. Хуулийн дагуу гэсэн хэрнээ орон нутгийн иргэдийн эрх ашгийг зөрчөөд байгааг хэрхэн ойлгох вэ. Эсвэл хуулиндаа хүлээн зөвшөөрчихсөн байдаг юм уу. Эрхзүйн орчныг амьдралд ойртуулмаар санагдаж байна. Лиценз өгөхдөө ганцхан компанийн эрх ашиг дээр үү. Эсвэл нутгийн 2800 хүний амьд явах эрх илүү юу гэдгийг хараач ээ. Үнэхээр байдлыг ойлговол тэр лицензийг хурааж авч болохгүй юу. Нэгэнт гурван жил үйл ажиллагаа явуулчихлаа. Замаа тавиад, стандартад нийцсэн олборлолт хийж болдоггүй юм болов уу л гэж бодож байна. Том оврын машинаар зөөвөрлөдөг болохоор тэр хавийн хөрс үнэхээр хэцүүдэж байна. Хулан, зээр гүйж харагддаг байсан. Одоо бол байхгүй. Ан амьтан нь дүрвэчихсэн. Тэр орчимд амьдарч байгаа айлуудын мал нь өдөрт зүв зүгээр бэлчээрлэж байгаад гэнэт тархийж зугтана. Тайван бэлчээрлэж чаддаггүй. Шөнө зүгээр хотондоо байж байгаад үргэж босно. Тэр мал тарга тэвээрэг авахгүй. Хүмүүсийн амжиргаанд хүртэл сөргөөр нөлөөлж байна. Ярихгүй орхиход л иймэрхүү асуудал зөндөө байна.