Б.СОЛОНГО
Дахиад 470 хүн ажлын байртай болжээ. Энэ бол баяртай мэдээ. Баяртай мэдээ гэдгийн учир нь айх, хөөгдөх аюулгүй орчинд хөдөлмөр эрхлэх боломж дахин 470 хүнд нээгдсэн гэсэн үг.
Баянхонгор аймгийн “Хувиараа ашигт малтмал эрхлэгчдийг дэмжих холбоо” төрийн бус байгууллага эгнээндээ 470 орчим бичил уурхайчныг ажиллуулдаг. Өмнө нь нэг нэгээрээ энд тэнд хөөгдөж, осол аваарт өртөх байнгын аюул дор алт ухдаг байсан тэд нэгдсэн удирдлагатай болж, тодорхой дүрэм журмын дор хамтран ажиллаж эхэлсэн юм. Тус төрийн бус байгууллага нь дэргэдээ аврах албыг байгуулж, бичил уурхайчдынхаа аюулгүй ажиллагааг ханган, олсон орлогоо тэгш хуваарилах дүрэмтэйгээр ажиллаж иржээ. Тэдэнд нэг л зүйл байхгүй байсан юм. Юу гэвэл газар. Хууль ёсны газартай болохын тулд өнгөрсөн гурван жилийн хугацаанд аймгийн удирдлага хийгээд уул уурхайн компаниудтай яриа, хэлэлцээр хийсээр ирсэн байна. Энэ ажлынх нь үр дүн ч гарч. Баянхонгор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Хувиараа ашигт малтмал эрхлэгчдийг дэмжих холбоо”, “Special mining” компанийн хооронд харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ ажлын дараагийн шат болох гурвалсан гэрээг байгуулснаар үүрэг, хариуцлагаа ухамсарлана гэж амалсан 470 бичил уурхайчин ажлын байртай болох нь тэр. “Special mining” компани нь өөрийн лиценз бүхий талбайгаас 30 га хэсгийг бичил уурхайчдад өгөхөөр болов. Өөрөөр хэлбэл тэднийг хөөхгүй, амар тайван ажиллуулна гэсэн үг.
Тэдгээр бичил уурхайчид энэ талбайгаас алт олборлож, олсон орлогоо хуримтлуулан ирээдүйн амьдралынхаа баталгааг хангах учиртай. Мэдээж бичил уурхайчид хариуцлага хүлээнэ. Өөрсдийнхөө төлөө аюулгүй ажиллагааг хангана, байгаль орчноо нөхөн сэргээнэ, орон нутаг компанийн удирдлагуудтай хамтарч ажиллана, цаашдын амьдралынхаа хуримтлалыг үүсгэнэ. Нэгэнт амьдралын шаардлагаар үүссэн энэ ажлын байрыг тодорхой дүрэм журам, хуулийн дор нэгтгэх зорилготой Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийнхний бас нэг урамтай ажил энэ болов. Өмнө нь Төв аймгийн Заамар суманд “Энх мөнх эргэх холбоо” төрийн бус байгууллага “Мон дулаан трейд” компани, Төв аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран гурвалсан гэрээ хийж, өдгөө Заамар сумын бичил уурхайчид тогтмол орлоготой, ажлын байртай болсон бодит туршлага байгаа юм.
Өмнө нь тус нутагт мотоцикл унасан олон нинжа шөнө оройн цагаар компанийн газар луу дайрдаг, байгаль орчин сүйтгэдэг, хулгай дээрэм гардаг гээд олон муугийн жишээ болж байв. Харин одоо бол тус нутагт ийм дүр зураг огт байхгүй. Зохион байгуулалтад орсон бичил уурхайчид зориулалтын хамгаалалтын хувцастай, багаж хэрэгсэлтэй. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, тогтмол ажлын байртай болсон.
Одоо Баянхонгорын иргэдэд энэ боломж нээгдсэн гэсэн үг. Энэхүү гурвалсан гэрээг удаан хугацаанд хөөцөлдсөний үр дүнд эхний санамж бичгийг байгуулж чадсандаа талууд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Г.Батжаргал:
БИЧИЛ УУРХАЙЧИДДАА ИТГЭЖ БАЙНА
Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Г.Батжаргалтай ярилцлаа
-Танай аймагт бичил уурхайчдын байдал ямар байгаа вэ. Аймгийн удирдлагуудын зүгээс энэхүү гэрээ байгуулах ажлыг хэрхэн харж байна?
-Манай аймагт 2000 оны зуднаас хойш малгүй болсон иргэд бичил уурхайн үйл ажиллагаанд орсон. 2008 он хүртэл энэ ажил замбараагүй хэвээр байв. Энэ оноос Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл манай аймагт үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш энэ олон иргэдийг зохион байгуулалтад оруулах, тэд нарыг хуулийн хүрээнд оруулах ажлыг зохион байгуулсан. Журмын хүрээнд бичил уурхайчид гурван газарт ажиллах эрхтэй болсон юм. Өнөөдрийн нэг тал болж оролцож байгаа төрийн бус байгууллагын гишүүн 54 нөхөрлөлд 470 гаруй иргэн хамрагдаж байгаа. Энэ хүмүүс амьдрахын эрхэнд л ийм ажил хийж байгаа. Харин зохион байгуулалтад орсноор их хариуцлагатай болсон. Бид гурван жил энэ гэрээг хийхээр зорилоо. Энэ бүхний эцэст “Special mining” компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, өөрийн эзэмшлийн талбайгаас нийтдээ 2-3 мянган тонн алтны хүдэр бүхий 30 га талбайг хоёр жилийн хугацаанд эзэмшүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж байна.
-Бичил уурхайчдын аюулгүй ажиллагааг хэрхэн хангах вэ?
-Энэ талбай нь үндсэн ордын талбай байгаа юм. Гол нь энэ хүмүүс чулуутай харьцаж байгаа учир тэсэлгээ хийх хэрэгтэй болно. Одоо газрынх нь асуудлыг шийдчихэж байгаа учир мэргэжлийнх нь байгууллага тэсэлгээг нь хийгээд өгөх боломжтой. Бидний санаа зовж байгаа зүйл шийдэгдсэн гэсэн үг. Мөн хоёр гурван жилийн турш аврах олон сургалтыг энэ хүмүүст зохион байгуулсан. Энэ хугацаанд ямар ч зөрчил, осол гараагүй. Тэгэхээр бичил уурхайчиддаа найдаж байна.
-Бичил уурхайчид нөхөн сэргээлтийг хэрхэн хийх ёстой вэ?
-Өөрсдөө хийнэ. Санамж бичгийн хүрээнд компани, орон нутгийн захиргаа, нөхөрлөлүүд гэрээ байгуулж байгаа. Журмын хүрээнд нөхөн сэргээлтийг яаж хийх вэ гэдэг нь тусгагдсан байгаа.
-Олборлосон алтаас компани хувь хүртэх үү. Өөрсдийн газраа зүгээр ашиглуулна гэхээр гайхаад байна л даа?
-Компанийн зүгээс ямар ч тийм шаардлага тавиагүй.
-Орон нутгаас бичил уурхайчдын цаашдын амьдралын баталгааг хангах чиглэлээр ямар ажил хийж байна?
-Манай аймагт 1950 орчим бичил уурхайчин байна. Зохион байгуулалтад орчихсон байгаа нь 1000 орчим хүн байна. Үлдсэн хүмүүсийг зохион байгуулалтад оруулах шаардлага байна. Байгалийн баялгийг зөв зүйтэй ашиглахын тулд төрийн оролцоог бий болгох, иргэдтэйгээ зөв харилцах юм бол орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр нь их байдаг. Энэ хүмүүс газартай болно гэдэг байнгын ажлын байртай болж байгаа гэсэн үг.
Б.Баттөр: ХУУЛИЙН ДАГУУ АЖИЛЛАВАЛ ГЭРЭЭГ СУНГАСАН Ч БОЛНО
“Special mining” компанийн захирал Б.Баттөр ингэж ярилаа.
-Та бүхэн компанийнхаа газраас өгөхөөр шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрийг яагаад гаргах болов?
-Манайх лицензээ аваад олборлолт хийгээгүй байгаа л даа. Манай компани ямар ч байсан энэ тал дээр татгалзах зүйлгүй байгаа. Санамж бичгийг одоо байгуулах гэж байна. Энд үл ойлголцох асуудал алга. Дараа нь гэрээ байгуулахад асуудал гарахгүй гэж бодож байна. Бүх зүйл хуулийн дагуу явбал бидэнд татгалзах зүйл байхгүй.
-Та нарын зүгээс тодорхой шаардлага тавьж байгаа юу?
-Гэрээнд заасны дагуу ажиллавал хугацааг сунгаж болно. Манайх хэдий 30 га талбайгаа өгч байгаа ч замбараагүй нүх ухаад байхыг зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл нэг нөхөрлөл нэг газар нүх ухаад юм гарахгүй болохоор нь өөр газар ухаад байхыг зөвшөөрөхгүй гэсэн үг. Яахав үнэхээр юм гарахгүй байвал хоорондоо асуудлаа ярилцаад шийдэж байхыг хүсч байгаа.
Л.Бямбадорж:
БИД ГЭРЭЭНДЭЭ ЮУГ ТУСГАХ ВЭ ГЭДГЭЭ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
“Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн дэмжих холбоо” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Л.Бямбадоржтой холбогдлоо.
-Та бүхэн гурвалсан гэрээнд хүрэх эхний алхмаа хийлээ. Сэтгэгдэл ямар байна?
-Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар Засгийн газрын журмын дагуу гурвалсан гэрээг хийх боломжтой боллоо. Бид их баяртай байна. Яг одоо гэрээнд ямар зүйл заалт оруулах тухайгаа хэлэлцэж байна. Энэ санамж бичигт гарын үсэг зурна гэдэг нь гэрээ байгуулах зөвшөөрөл гэсэн үг юм.