Ц.МЯГМАРБАЯР
Евро Азийн бүсийн ОҮИТБС-ын Олон улсын Удирдах хорооны гишүүн, Олон улсын Реннесанс сангийн тэргүүн Алексей Орловскийг Монгол Улсад айлчлах үеэр уулзаж ярилцсан юм.
-Танай улсад 2013 онд “нэр төрийн хувьсгал” хэмээх улс төрийн үйл явц дуулиан болж байсан. Энэ хувьсгал яагаад гарах болсон вэ?
-Олон улсын стандартаар уул уурхайгаас ашиг ологч эздийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох шаардлага бий . Украйн улс энэ шаардлагын дагуу ажиллаж том амжилтанд хүрсэн. ОҮИТБС төсөл анх туршилт төслийг хэрэгжүүлэх улс орны тодорхойлолтыг гаргахад Украйн улс ороогүй юм. Тиймээс ашиг ологч эздийн мэдээллийг ил тод болгох, хуульчлах асуудал 2013 оны арваннэгдүгээр сараас 2014 оны хоёрдугаар сар хүртэл явагдсан. Өөрөөр хэлбэл “нэр төрийн хувьсгал” хэмээх улс төрийн үйл явц болсон. Ерөнхийдөө бүх засаглал өөрчлөгдсөн. Манай Засгийн газартай холбоотой авлигалын хэргүүд гаарч эхэлсэн учраас энэхүү хувьсгал эхэлсэн түүхтэй. Иргэний нийгмийн хувьд маш том дэвшил байсан. Манай Реннесанс сан, иргэний нийгмийн байгууллагууд, Украйн дахь Соросын сангийн дэмжлэгтэйгээр хэд хэдэн хууль тогтоомжийн багцыг боловсруулж 2014 оны аравдугаар сарын 14-нд Парламент баталсан. Үүнээс хэдхэн хоногийн дараа парламент солигдсон. Тэр үед манайд сонгууль болох гэж байсан учраас энэхүү боломжийг ашигласан хэрэг. Захиргааны тухай хууль, Гэмт хэргээр олсон орлогыг угаах тухай хууль, Терроризмийг санхүүжүүлэх тухай, Зэвсэг худалдаалах тухай хууль мөн улсын бүртгэлтэй холбоотой аж ахуйн нэгж болон хувийн бизнес хийж байгаа хүмүүстэй холбоотой мэдээллийг бүртгэлжүүлэх хуулиуд нь багц хуулийн нэг хэсэг нь юм. Ингэснээр Украйн улс 2015 оны тавдугаар сард өөрийн регистртэй болсон. Өөрөөр хэлбэл ашиг хүртэгч эздийн жагсаалтыг ил тод болгосон анхны улс юм.
- Уул уурхайн ашиг ологч эздийн бүртгэл, жагсаалт гэсэн үг үү. Бид энэ жагсаалттай танилцах боломжтой юу?
- Энэхүү жагсаалт зөвхөн уул уурхайгаас ашиг ологч эздийн жагсаалт биш. Нийт улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа компани, бизнес хийж буй хувь эздийн жагсаалт. Тэгэхээр 2016 онд гаргасан ОҮИТБС-аас олон улсын стандартаас өмнө бид энэхүү регистрийн жагсаалтыг хийж чадсан. Регистрийн жагсаалтыг төлбөртэй, төлбөргүй авч болох боломжтой. Украйн хэл дээр байгаа учраас энэ хэлээр дэлхийн аль ч улсаас орж мэдээлэл авч болдог. Магадгүй тодорхой нарийвчлалтай тухайлбал, тухайн аж ахуйн нэгж ямар хаяг дээр бүртгэлтэй байгаа талаар мэдээлэл авъя гэвэл регистрийг хянадаг Хууль зүйн яамны хариуцдаг хэлтэст хандаж төлбөртэй авч болно.
-Монгол Улсад хэрэг болох бусад мэдээлэл туршлагаас хуваалцвал?
- Энэ жагсаалтад орох ёстой хүн болгон хуулийн хүрээнд цагтаа багтаж мэдээллээ өгөөгүй. Яагаад вэ гэхээр манай улсад хариуцлага тооцох явдал цаасан дээр л байдаг. Нэрээ регистрт оруулаагүй тохиолдолд торгуулийн хэмжээ нь хамгийн ихдээ 325 ам.доллар. Гэвч энэ торгуулийг хураах субьект байдаггүй. Гэхдээ олны танил компаниуд мэдээллээ өгөх нь нэр хүндтэй нь холбоотой учраас өгсөн. Бид одоо Хууль зүйн яамтайгаа хамтран энэхүү жагсаалтын хайлтын системийг сайжруулахаар ажиллаж байна. Одоохондоо үйл ажиллагааны код болон компанийн бүтэн нэрээр хайж болно. Бусад төрлөөр хайлт хийх боломжгүй. Хайх тохиодолд төлбөртэй мэдээлэл авах болдог. Бас нэг асуудал нь бусад улс оронд ийм регистр байдаггүй учраас бид энэхүү жагсаалтаа бусад орныхтой зэрэгцүүлээд харах бололцоо байдаггүй. Энэ нь оффшорын тохиолдолуудад илүү хэрэгтэй. Жагсаалтаа латин хэл рүү хувирган өөрчлөх тохиолдолд маш олон асуудал гарахаар байна. Монгол Улсын хувьд ч гэсэн хамаатай. Тухайлбал, нэг хүний овгийг нэг системд нэг янзаар нөгөө системд бас нэг өөр байдлаар бичсэн байдаг. Тэгэхээр олон улсын хэмжээнд энэ жагсаалтыг нэг мөр болгоход практикийн асуудал гарахаар байна.Цаашид регистрээр ашиг хүртэгч эздийг ил болгоод орхих биш баталгаажуулах шаардлагатай. Баталгаажуулах аргыг боловсруулахаар ажиллаж байна. Тэгэхээр Монгол Улс ялгаагүй анхнаас нь баталгаажуулалтыг хийх аргыг нь хамт хайх хэрэгтэй. Харамсалтай нь энэ арга дэлхийд байдаггүй юм байна. Тиймээс олон улсын регистрийн холбоотой энэ асуудлаар ярилцаж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин