Д.ЧИМЭГ

 Төрийн өмчит болон төрийн өмчийн орол­цоо­той хуулийн этгээдийн өнгөрсөн оны  санхүү, эдийн засгийн үзүү­лэлтийг Засгийн газрын хурал­даанаар өчигдөр танилцуулав. Нийт ком­па­ниудын 72 хувь нь өнгөрсөн жил ашигтай ажил­лажээ. Зарим ком­па­ниуд алдагдалтай ажил­лаж байгаа шалтгаан нь эрчим хүчний үнийг төрөөс зохицуулдаг, орон нутагт цахилгаан, ду­лаан үйлдвэрлэх үнэ өр­төг өн­дөр, хэрэглэгч цөөн зэргээс үүдэлтэйг албаныхан тайлбарлав. Тухайлбал, Увс, Ховд, Өмнөговь, Говь-Алтай, Шарын гол, Налайх, Багануурт үйл ажиллагаа явуулж буй эрчим хүчний 10 компани алдагдалтай ажилласан аж. Төрийн өмчит ком­па­ниуд 2017 онд долоон их наяд төгрөгийн орлого олж, 859 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 1.6 их наяд төгрөгөөр цэвэр ашиг 2.6 дахин нэмэгдсэн нь эдийн засгийн үр ашиг, санхүүгийн чадавх сайжирсныг харуулж буйг албаныхан онцоллоо. Түүнчлэн өнгөрсөн оны ногдол ашиг төвлөрүүлэлт 2016 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 2.9 дахин нэмэгджээ. Мөн өглөг 2017 онд өмнөх оноос 15.1 хувиар буюу 700 тэрбум төгрөгөөр буурсан байна. Ийнхүү төрийн өмчит хуулийн этгээд ашигтай ажиллахад захирлуудтай хийх гэрээг нэг жил болго­сон, тендерийг нээлт­тэй явуу­лах зорилгоор цахим хэл­бэрт шилжүүлсэн нь нө­лөөлж буйг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин