Ч.ГАНТУЛГА
Германд ажиллаж, амьдардаг зураач Г.Наранцацралтай холбогдлоо. Тэрээр дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж буй авьяаслаг уран бүтээлч юм. Зураач маань торго болон кашмер дээр зураг зурдаг бөгөөд түүний зурагтай алчуурууд Европын хамгийн эрэлттэй бараа юм байна.
Европ бүсгүйчүүд түүний алчуураар гангарах дуртай. Хэн ч харсан монгол бүсгүйн ур ухаанаас ундарсан гэдэг нь илт мэдэгдэх “Zazaa art” брэндийн алчуурт монгол бүсгүйн ялдамхан төрх мөнхөрсөн нь олон. Зураач Г.Наранцацралаас та яагаад зураач мэргэжлийг сонгосон бэ гэж асуухад “Хүүхэд байхаасаа зураач, загвар зохион бүтээгч болохыг хүсдэг байсан. СУИС-ийн зураасан зургийн ангийг төгссөнөөр мөрөөдлөө биелүүлсэн. Одоо бол чөлөөт уран бүтээлч. Германд амьдарч өөрийнхөө “Zazaa” брэндээ бүтээж байна. Зурахын хажуугаар компьютер дээр график дизайны ажил хийдэг. Сурч, мэдэхийн хэрээр төсөөлөл, мэдрэмж, боломж маань улам бүр тэлж байна” гэсэн юм. Түүний брэндийг Европын олон дэлгүүрээс авч болно. Хэн хийснийг нь мэдэхгүй мөртлөө алчуурыг нь зүүгээд, гоёж буй бүсгүйчүүдийг харахдаа зураач бүсгүй эзэмшсэн мэргэжлээрээ хамгийн түрүүнд бахархдаг гэнэ. Харин зураач болохоор төлөвлөж буй хүүхдүүдэд “Өөрөө өөртөө үнэнч байж, амьдралын үнэ цэнийг ойлгосон хүн л энэ амьдралын амт шимтийг илүү ихээр мэдэрдэг болов уу. Чамд загас яг л усандаа байгаа мэт мэдрэмж төрж байвал чи зөв газраа зөв амьдарч байна гэсэн үг” гэж захисан юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин