Ж.ЦОГЗОЛМАА
Түүнийг дэлхий хамгийн хүчирхэг хүн гэж хардаг. Яагаад гэвэл хүн ам суурьшсан манай гаригийн нийт газар нутгийн наймны нэг хэсгийг бүрхэж буй энэ том эзэнт улсыг улиран удирдаж буй нь үүний өнгөц баталгаа. Харин цаашилбал, тэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын томоохон холбоотон. Д.Трампыг төрийн тэргүүнээр сонгогдоход ихээхэн нөлөө үзүүлсэн хэмээх хардлага түүнийг тойроогүй ч тэр хүчтэй хэвээрээ л байна. Оросуудын туулж өнгөрүүлсэн бэрх цаг үеийн гэрч нь бас тэр үеийг үдэж гаргасан чухал хүмүүсийн нэг нь Путин. Байгалийн хийн хамгийн их нөөцийг агуулдаг, нефтийн үүцээрээ дэлхийд наймдугаарт бичигддэг. Ийм улс орон ядуу амьдарч болно гэж үү. Мэдээж, Путин байгаа цагт л лав үгүй. Тэр ийм мессэжийг иргэддээ өгч чадсан. Путин сонгогчиддоо хэд хэдэн зүйлийг амлаад байгаа. Нефтийн үнэ 60 ам.долларт хэлбэлзэж буй энэ завшааныг ашиглан хар алтны фирмүүдээ хөл дээр нь босгох, компаниудаа олон улсын хориг арга хэмжээ зэрэг нөлөөллөөс ангид байлгах гарцыг тэр нээнэ гэсэн. Бас ирэх зургаан жилд ядуурлыг 50 хувь бууруулж, өсөлтийг дэмжсэнээр дундаж өрхүүдийн ачааллыг хөнгөлөх юм. Мөн дэд бүтцийн салбар болоод замын бүтээн байгуулалтад 11 их наяд рубль буюу 193 тэрбум ам.доллар зарцуулах бол боловсролын салбарт хөрөнгө оруулалтыг нэмнэ. Эдгээр амлалтууд хэвлэлийн хуудаснаа тодхон зурайх зуур “Thejakartapost.com” энгийн орос хүмүүсийн амьдралыг тольджээ. Өнгөрсөн сарын 12-нд “Ядуурал, удаашралын дунд Оросын эдийн засгийн өсөлт таагүй байна” хэмээх нийтлэл хэвлэгдсэн юм. “Үнэ зүгээр л галзуурч байна.Би үүнийг зохицуулж дийлэхгүй нь” гэж Москвагийн өмнө зүг дэх Калуга мужийн Малоярославец хотын иргэн, тэтгэвэртээ гарсан механикч Вячеслав хэлжээ. Гэхдээ оросууд өөрсдийгөө хүчирхэг болно гэдэгт, илүү сайжирна гэдэгт, хамгийн хүчирхэг гүрэн болно гэсэн итгэлээ алдаагүй. Үүний тод жишээ бол Улаан талбайн сүр жавхлант дүр төрх, залуу оросуудын итгэл үнэмшил.
Одоо өмнөд хөршийнхөө талаар авч үзье. Хятадууд бол домог. Тэд дэлхийн бүх л зүйлийг үйлдвэрлэж байна. Агуу америкчууд хүртэл “Made in China” шошготой бараа бүтээгдэхүүнийг төрөхөөсөө авахуулаад үхэх хүртлээ хэрэглэж байна. 1.3 тэрбум хүн ам нь манай гаригийн ямар ч үндэстнээс олон тоо. Тоймгүй олон ажиллах хүч компаниудад цалинг бага төвшинд барих боломж олгодог учир үйлдвэрлэлийн зардлыг ч хэмнэдэг. Нэг үгээр хэлэхэд, Хятадын хүчирхэг эдийн засгийг бүтээсэн хөшүүрэг нь бага зардалтай машины тоног хэрэгсэл болоод багаж төхөөрөмжийн экспорт.
Гэхдээ одоо бол луунуудын хувьд гадаад ертөнц тийм ч чухал сэдэв биш болох төлөвтэй. Доройтож буй дэлхийн эдийн эдийн засгийн хурд саарсаар, гаргаж буй экспорт нь ашигтай хувилбар биш болоод байгаа. Ингэхээр дэлхийн хамгийн олон хүн амтай энэ улсыг тэжээх эх үүсвэр нь барууныхан биш харин тэд өөрсдөө болж таарах нь. Ерөнхийлөгч Ши Жиньпин ч үүнд анхаарлаа хандуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногт АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд 50 тэрбум ам.долларын татвар ногдуулснаас ганцхан цагийн дараа хятадууд Америкийн жимс, самар, гахайн мах зэрэг бүтээгдэхүүнд гурван тэрбум ам.долларын татвар ногдуулсан юм.
Хятадын өмнө байгаа энэ сорилт тэднийг шахаанд оруулахгүй гэж олон эдийн засагч найдаж байгаа. Яагаад гэвэл тэд Ши Жиньпинийг дахин сонгосноороо, түүнд боломж олгосноороо Цагаан хэрмийн домогт хаанчлалыг үргэлжлүүлнэ гэдэгтээ итгэж байгаа. Газрын зургийн талыг эзэгнэсэн хоёр их гүрний дунд амьдарч буй монголчууд бидэнд тэднээс үлгэрлэх зүйлс бишгүй л их байна. Ядаж л хууль тогтоогчдын хувьд бодлогын өвийг хадгалж, цааш үргэлжлүүлэх тэнхээ, энгийн олон иргэд бидний тухайд хэлсэн ярьсандаа хариуцлагатай байх, гэр гэртээ Ерөнхийлөгч нь, төрийн тэргүүн нь байж чадах зориг, хариуцлага хэрэгтэй байна. Хятадын валютын нөөц дэлхийд тэргүүлдэг шиг бид хуримтлалаа өрх гэрийнхээ баялгийн нөөц болгож одооноос зэхэх хэрэгтэй байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин