Д.ЧИМЭГ
ОУВС-гийн захирлуудын зөвлөл өнгөрсөн сарын 28-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн гурав дахь шатны үнэлгээний тайланг хэлэлцэн баталжээ. Тус сангаас хөтөлбөрийн хэрэгжилт сайн, эдийн засаг өсч, төсөв, гадаад валютын нөөц давж биелэсэн хэмээн дүгнэсэн байна. Ингэснээр Монгол Улсын эдийн засаг төсөөлж байснаас ч хурдан сэргэж байгааг онцолжээ. Тиймээс манай улсад 30.55 сая ам.долларын хөтөлбөрийн санхүүжилтийг өнгөрсөн бямба гаригт Монголбанкны дансанд шилжүүлсэн аж. Дашрамд дурдахад, хөтөлбөрийн хүрээнд ОУВС-гаас олгосон санхүүжилтийн дүн 152.8 сая ам.долларт хүрэв. Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас өнгөрсөн онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн бол энэ жил 836 сая ам.долларыг хийхээр хүлээгдэж байгаа бөгөөд эхний 30.55 сая ам.долларыг шилжүүлжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин