Монголын Банкны Холбоо  өнгөрсөн оны дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан “Таны санхүүгийн боловсролд: Мөнгөө хэрхэн зөв удирдах вэ?” сэдэвт санхүүгийн боловсрол олгох лекц, нээлттэй арга хэмжээг 10-р сарын 28-ны өдөр зохион байгуулсан билээ. Лекц нь оролцогчдын сэтгэлд хүрсэн, өндөр ач холбогдолтой арга хэмжээ байсан тул МБХ-ноос энэ жилийн 3-р сарын 31-ний өдөр Корпорейт Конвейншн Центрт дахин зохион байгуулахаар болсон байна.

Лекцийг АФА академийн гүйцэтгэх захирал, багш Ш.Амартүвшин удирдан явуулах юм. Лекцэнд хамрагдсанаар өдөр тутмын үргүй зардлыг бууруулах, амьдралын түвшин, чанараа бууруулахгүйгээр хуримтлалтай болох, мөнгийг өөрийнхөө ирээдүйд зориулан хэрхэн төлөвлөх, хөрөнгөтэй болох энгийн аргуудад, түүнчлэн санхүүгийн төлөвлөгөөтэй амьдрах зэрэгт суралцана. Амралтын өдрийнхөө хэсэгхэн цагийг энэ сургалтанд зарцуулсанаар ирээдүйд хэрэгтэй алтан зөвлөгөө, амьдралын сургамжийг сонсож, цаашид санхүүгийн хувьд итгэлтэй, урам зоригтой, төлөвлөсөн зүйлтэй алхах болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

Үүний зэрэгцээ нийгэмд үлгэр, дууриалал үзүүлж буй бизнес, банк санхүүгийн салбарын төлөөллүүд “Би хэрхэн хадгалдаг вэ?” сэдвээр нээлттэй ярилцаж, өөрийн үнэт туршлагаасаа хуваалцаж, лекцийн оролцогчдод зөвлөгөө мэдээлэл өгнө.

Онцлох мэдээлэл:
– Арга хэмжээний үеэр та хадгаламжийн данс нээлгэх, хадгаламжиндаа мөнгө нэмэх, хадгаламжийн бүтээгдэхүүний мэдээлэл авах боломжтой.
– Бусад нетворкинг арга хэмжээнд оролцох боломжтой

Эх сурвалж: www.polit.mn