Бизнес эрхлэгч, бодлого боловсруулагчид жилд нэг удаа цугларч улс орноо хөгжүүлэх хөтөлбөрт саналаа нэмэрлэдэг жишиг тогтсон. Монголын эдийн засгийг салбар тус бүрээр нь хэлэлцэн шүүн тунгааж, басхүү хөгжлийн гарцыг тодорхойлдог чуулган энэ удаа өмнөх жилүүдийнхээс илүү өргөн хүрээтэй боллоо. Учир нь улсын хөгжлийг бүхлээр нь төлөвлөсөн Гурван тулгуурт хөгжлийн бодлого, салбар тус бүрээр нь эрэмбэлсэн Татварын хуулийн шинэчлэл, Уул уурхай, хүнд үйлдвэр, Утаагүй, түгжрэлгүй Улаанбаатар, Тогтвортой хөдөө аж ахуй, Хувьчлал шинэчлэл, Аялал жуулчлал ба агаарын тээврийн либералчлал салбар хуралдаанууд болсон нь энэ удаагийн чуулганы онцлох реформ байлаа. Энэхүү “Хүчээ нэгтгэе” төр хувийн хэвшлийн хэлэлцүүлэгт төрийн гурван өндөрлөг ач холбогдол өгч илгээлт мэндчилгээ, илтгэл ирүүлэв. Чуулганд оролцогч төр, хувийн хэвшлийн төлөөллүүд өнгөрсөн алдаа дутагдлыг ярихаас илүү ирээдүйн хөгжлийн гарц гаргалгааг ярьснаараа онцлог байлаа. Гурван тулгуурт хөгжлийн бодлогын талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эдийн засгийн хараат бус байдлыг баталгаажуулахад хүн амаа эрүүл хүнс, түлш шатахуун, эрчим хүчээр бүрэн хангаж, улс орноо өрийн дарамтаас гаргах нь нэн тэргүүний зорилт юм. Иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангах Хүнс экспортлогч улс болох зорилтыг хэрэгжүүлнэ. Хүн төвтэй нийгмийг бий болгоно. Улмаар боловсролын тогтолцоог уян хатан болгож, монгол хүний өрсөлдөх чадварыг хөгжүүлэх замаар үндэсний үнэт зүйлсээ дээдэлсэн монгол хүнийг төлөвшүүлнэ. Энэ “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” нь Засгийн газраас баримталж буй төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын бодлоготой уялдаж, цаашид төсөв, зээл, тусламжийн бодлогыг чиглүүлэгч гол суурь нөхцөл байх болно” гэдгийг онцлов.
Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлгийн гол салбар хуралдаан нь татварын хуулийн шинэчлэл байв. Энэ үеэр эдийн засагт бий болж буй нааштай тоонууд жирийн иргэдийн халаасанд, өрхийн орлогод бодитоор буух нь чухал. Эдийн засагт нааштай үр дүн гарч байгаа шинэ цагийг угтуулан эдийн засгийн суурь болсон татварын багц хуулийн өөрчлөлтийг хийх гэж байна гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн юм. Тэрээр “Татварын хуулийг амжилттай хэрэгжүүлж чадвал орлого буурахгүй. 50 сая хүртэлх төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд жилд нэг удаа, зургаан тэрбум төгрөг хүртэлх орлоготой бол хоёр удаа тайлан гаргана. Өөрөөр хэлбэл татварын тайлан авах тогтолцоог хялбар болгосон. Монголын аж ахуй нэгжүүдэд гадаадад үйл ажиллагаа эрхлэхдээ татвар төлөхгүй. Татварын тайлангийн алдааг нэг жилийн хугацаанд залруулах боломж олгож, өр төлөх хугацааг хоёр сар байсныг хоёр жил болгож, уян хатан шийдвэрлэхээр болсон. Үндэслэлгүй акт тавьсан татварын байцаагч нарыг төрийн албанд 10 жил ажиллуулахгүй байх заалтыг хуульд оруулсан” гэсэн юм.
Хуулийн шинэчлэл татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалж чадаж байгаа талаар зарим бизнес эрхлэгчийн байр суурийг сонсоход “Татварын хуулийн хэлэлцүүлэг хуулийг хэрхэн батлуулах, амьдралд нэвтрүүлэхдээ ямар зарчмаар боловсруулж хийх ёстой ололт дэвшлийг харуулсан стандарт жишиг болсон. Энэ шинэчлэл эцсийн дүндээ ард иргэдийн хүсэл, хэрэгцээг хангахад чиглэсэн зоригтой алхам боллоо. Өөрөөр хэлбэл, төсөв санхүүгийн салбарын реформын эхлэлийг тавьсан. Эдийн засгийн өсч байгаа үзүүлэлтийг татварын хуулийн шинэчлэлээр дамжуулан удаан хугацаанд хадгалах ёстой” гэлээ. Энэ мэтчилэн хуралдаан тус бүрээр тухайн салбарын хөгжлийг тодорхойлсон цогц илтгэлүүдийг тавьж гарц гаргалгааг ярилцсан юм. Энэ үеэр “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Д.Ариунболд ““Эрдэнэс тавантолгой” компани гадаад өрөө өнгөрсөн жил барагдуулсан. Дотоодоо Хөгжлийн банкинд 100 сая долларын зээлээ төлсөн. Хоёр сар гаруйн өмнө 50 сая ам.долларыг барагдуулсан, харин өчигдөр үлдэгдэл 50 сая долларыг төлж, дуусгалаа” гэсэн мэдээллийг өглөө.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин