Б.СОЛОНГО

 

Манай улс ирэх онд уул уурхайгаас 1702.8 тэрбум төгрөг олно гэж төсөөлжээ. Уул уурхайд хэт түшиглэсэн эдийн засгаас салж, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйг хөгжүүлнэ гэсэн ч ирэх оны тухайд байдал хэвээр үргэлжлэх нь. Оюутолгойн уурхай ашиглалтад орж, экс­пор­тын бүтээгдэхүүний хэм­жээ үлэмж нэмэгдэх учир төсвийн орлогоо ахиулан тооцсон гэж 2013 оны төсвийн төсөлд тусгасан байна. Уул уурхайн бүтээгдэхүүн эрдсэлтэй, ханш нь үргэлж хэлбэлзэж байдаг гэдгийг энэ удаагийн төсвийн төсөлд мөн л анхаарсангүй. Ирэх онд зэсийн үнийг тонн тутамд 8152 ам.доллар байна гэж төсөөлөөд Тогтворжуулалтын сандаа 103.8 тэрбум төгрөг оруулахаар тооцоолжээ. Гэвч өчигдрийн байдлаар Лондоны металлын биржид зэсийн үнэ унаж 7860 ам.долларт хүрчихлээ. Өнгөрсөн сарын дунд үеэс огцом өсч 8400 ам.долларт хүрээд байсан ч цаг цагаараа байдаггүйг яруу тодоор харуулсан нь энэ. Ердөө хоёрхон өдрийн дотор 200 гаруй ам.доллараар ханш нь уначихдаг эрсдэлтэй тоглоомоор төсвийн орлогоо тооцоолж суугаа нь харамсалтай санагдав. Блүүмбергийн таамаглаж буйгаар ирэх оны төгсгөлд зэсийн үнэ 7885 байх аж. Харин манай улсын төсвийн төсөөлөлд энэ үнэ даруй 167 ам.доллараар илүү байгаа нь дэндүү төөрсөн тооцоолол болчихжээ. Ингээд бо­дохоор Тогтворжуулалтын санд зэсээс төвлөрүүлэх 103 тэрбумын орлого бүрэн орно гэдэг нь эргэлзээтэй болчихлоо.

Энэ оны эхний хагаст Хятадын дотоодын гангийн эрэлт буурсантай холбоотойгоор манай улсын нүүрсний экспортын үнэ 23-29 хувиар унасан юм. Энэхүү үнийн огцом уналт нь өмнөх оныхтой харьцуулахад нүүрсний экспортыг 42.5 хувиар бууруулсан. Компаниуд нүүрсээ зарж чадахаа больж, хил дээр бөөгнөрөл үүсэхэд нүүрсний ирээдүй бүрхэг байгаа нь нэгэнт тодорхой болсон. Олон улсын шинжээчид нүүрсний үнийг ойрын үед сэргэхгүй гэдгийг баталсаар байна. Хятадын эдийн засаг 2008 оны хямралаас хойш хамгийн доод хэмжээндээ буюу 7.6 хувьд хүрчихлээ. Энэ байдал нь ойрын үед сайжрахгүй гэнэ. Гэвч манай улсын төсөв зохиог­чид итгэл, найдвараа алдаагүй байгаа бололтой. Нүүрсний зах зээлийн үнийг 83.2-161.2 ам.доллар байхаар тооцож Тогт­воржуулалтын сандаа 66 тэрбум төгрөгийн орлого оруулна гэнэ. Харин дэлхийн нүүрсний зах зээлийн ханшийг то­дор­хойлдог www.coalworld.net цахим хуудаст нүүрсний үнэ 80.55-86.79 ам.дол­ларын ханштай байх юм.

Зэс, нүүрсний тэнц­вэржүүлсэн үнэ, зах зээ­лийн үнэ хоёрын зө­рүүнээс Тогтворжуулал­тын санд орлого оруулдаг хуультай. Тэгвэл ирэх оны төсөвт тэнцвэржүүлсэн үнийг зэс 6328, нүүрс 65.5-131.5 ам.доллар байхаар тооцжээ. Гэвч өнөөдөр дэлхийн зах зээлд үүсээд байгаа хямрал, 2013 оны төсвийн төсөлд тусгасан зах зээлийн үнэ хоёр Тогт­воржуулалтын санд зөрүү мөнгө үлдээх үү гэдэг нь эргэлзээтэй юм. Хоёрхон хоногт сэргэн мандаж, эргээд хоёрхон хоногт шалдаа буудаг нь уул уур­хайн салбарын ха­туу тог­лоом гэдгийг төсөв зохиог­чид хэзээ ойлгох бол.