Ч.ГАНТУЛГА
Энэ удаагийн “Урлан”-гийн зочноор уран хайчилбарч Б.Төмөрхуягийг урьсан юм. Тэрээр цоолборын аргаар хайчилдаг уран бүтээлч юм билээ.
ГЕОЛОГИЧ МЭРГЭЖЛЭЭСЭЭ ТАТГАЛЗСАН НЬ
Б.Төмөрхуяг уг нь геологич мэргэжилтэй. Гэвч амьдралын шаардлагаар мэргэжлээсээ татгалзсан аж. Учир нь түүнийг мэргэжлээрээ ажиллаж байх үед нийгэм шилжилтэд орж, хүн бүхэн ганзагын наймаа эрхлэх болжээ. Нийтлэлийн баатар маань дамын наймаа гэдэг хүн чанаргүй хүний ажил юм шиг санагдаад энэ бизнес рүү хөл давж зүрхлээгүй гэнэ. Тиймээс гарын ураа ашиглаж, мужаан болохоор шийджээ. Ихэндээ хүмүүс бүтээлийг нь сонирхон, авч байсан ч сүүлдээ орлого нь буурснаар амьдралын эрхэнд хот руу ирж, Н.Баатарцогт хэмээх хайчилбарчийн шавь болсон түүхтэй. Энэ үеэс тэрээр цаас хайчтай нөхөрлөж, зөвхөн энэ урлагийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хөдөлмөрлөж байна. Анх багштайгаа уулзахад түүнд монгол зураг зур гэсэн даалгавар өгчээ. Гэхдээ энэ чиглэлээр ур чадвар нь хүрэхгүй байсан учир удаан зураагүй аж. Нэг өдөр багш нь хайч, цаас өгснөөр хоёр жил жижигхэн амьтдын дүрс хайчилжээ. Эхлээд багшийнхаа хайчилбар хийсэн цаасны үлдэгдлээр элдэв дүрс, цэцэг навч хайчилдаг байсан нь түүнийг энэ урлагт дурлуулахад хүргэжээ. Түүний бүтээлд ихэвчлэн Монголын үзэсгэлэнт байгаль, ан амьтан, нүүдэлчний соёл зонхилдог юм байна.
АНХНЫ ХАЙЧИЛБАРУУДАА “ХОНГОР ЗУЛ” СОНИНД ЗАРЖЭЭ
Ийнхүү хичээсний үр дүнд тэдгээр жижигхэн хайчилбараа “Хонгор зул” сонинд нэгийг нь 150 төгрөгөөр зардаг болжээ. Түүний бүтээлийг сонинд нийтлэгдсэн шүлэг, өгүүллэг, ярилцлагын толгой дээр чимэг хэлбэрээр тавьдаг байж. Үүндээ урамшсан уран бүтээлч маань хүний хөрөг хайчилахаар шийджээ. Тэрэлжид байрлаж жуулчдын хөргийг гурван доллараар хайчилж эхэлсэн нь багагүй ашиг өгсөн гэдэг. Гэрийнх нь гадаа хөргөө хайчлуулах хүсэлтэй жуулчид дугаарлан хүлээдэг байжээ. Б.Төмөрхуяг бусад хайчилбарчдаас цоолборын арга хэрэглэдгээрээ ялгардаг юм. Түүнийг “цоолбор” Төмөрөө гэхэд уран бүтээлчид нь андахгүй. Цоолборын арга нь уран бүтээлчээс маш нарийн ажиллагаа, удаан хугацааны хөдөлмөр шаарддаг аж. Нэг сантиметр ч зөрүүлэхгүйгээр цоолбордож хайчлах хэрэгтэй. Хайчилбар өөрөө эрсдэлтэй урлаг. Зураач хүний хөрөг буруу зурвал баллуурдаад засчихаж болно. Харин хайчилбар нэг л буруу хайчилсан бол түүнийг буцаагаад наах боломж байхгүй. Хайчилбарын урлагийг монголчуудаас илүү гадныхан их сонирхож, үнэлдэг аж. Энэ урлаг анх Француудаас үүсэлтэй юм байна. Тэнд гудамжинд суугаад хайчилбар хийж амьдралаа залгуулдаг олон хүн байсан нь энэ урлагийн эхлэлийг тавьжээ. Харин монголчууд 1960-аад оноос анх цаасан хайчилбар хийх болсон юм. Энэ урлагийг хамгийн эхэнд монголчууддаа сурталчилсан хүн бол Б.Сандагдорж юм байна. Харин энэ цагийн шилдэг хайчилбарчдын нэг нь нийтлэлийн баатрын маань багш С.Төрбурам ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин