Б.ЭРДЭНЭБИЛЭГ

 Хүн төрөлхтөн эрт үеэс ашигт малтмалын олборлолт явуулж эхэлсэн. Тэр цагаас олборлохыг зорь­сон эрдсээ шороо чу­луун дотроос хэрхэн аль болох бүгдийг эсвэл хаягдал багатай ялгаж авах аргыг хайсаар өдгөө олборлолтын сайн муу янз бүрийн технологийг бий болгожээ. Ямар ч орд уул геологийн нөхцлөөрөө ол­бор­лоход хялбар, хүнд гээд өөр байна. Одоогоор тухайн эрдсийг хүдэр дот­роос 100 хувь авчихдаг тех­но­логи тун ховор. Ямар нэгэн байдлаар нэг хэсгийг нь авч чадахгүй үлдээж байдаг. Бид олбор­ло­ход хялбар алтны шо­роон ордуудаа ихэнхийг олбор­лохдоо ямар ч дайсан хорлож чадахааргүйгээр газар нутгаа сүйтгэсэн. Манай нинжанууд талхалж, сүйтгээд л өнгөрдөг. Одоо тэдний сарны гадарга шиг болж үлдээсэн газрыг хэн ч нөхөн сэргээхгүй. Гэтэл Ноён уул дахь Гацууртын орд алттайг ньМонголоргэх компани 100 гаруй жилийн өмнө мэдсэн ч авч чадаагүй. Шалтгаан нь шороон дотроос зүгээр л угаагаад авчихаж болдог хялбар арга тохирохгүй. Тэдэнд ялгаж авж чадах зөв арга технологи байгаагүйгээс болсон хэрэг. Мөн зөвлөлтүүд 70 жил Монголд дураараа дургихдаа энэ алтыг мэдэж байсан ч олборлож чадаагүй. Бас л мөнөөхөн технологи байхгүй. Харин алтыг нь яаж ийгээд авчих гээд оролдож байх зуураа Хүннүгийн үеийн булшнуудыг олж ухаад хамаг олдворыг нь аваачаад Эрмитаждаа тавь­чихсан. Тэр үед хялбархан олборлож болох орд элбэгхаа сайгүй л байсан тул Ноён уулын алттай зууралдалгүй орхисон. Тэр ч байтугай хялбархан арга шаардах олон шороон ордыг ч нөөц багатай гээд тоохгүй орхиж байсан. Олборлож буй ордоо ч сорчлоод хаяж байсныг манай нинжа нар сүүлийн хорин хэдэн жил дайрсан нь тэр. Харин уул уурхайн туршлага, са­хилга, технологи сайтай, уурхайн нөхөн сэргээлт хийдэг Канадын компани Ноён уулын ордод таарах, бас байгаль орчинд ээлтэй, хаягдал маш бага гаргах технологи боловсруулаад олборлох гэхэд эсэргүүцэгчид мөн ч их байх юм. Хариуцлагатай компаниар олборлуулаад манай улс хувиа авах нь хамгийн зөв явдал. Энэ ТББ-ууд өмнө сүйтгэж хаясан газрын талаар хариуц­лага ярьж байгаа юм огт байхгүй атлаа нэг л их эх орон, газар нутаг гэж хоосон цээж дэлдсэн хүмүүс. Тэд бүр нинжа нартаа өгч олборлуулъя гэж байгаа шүү дээ.

Тавантолгойн тухай ярихад мөн л технологийн тухай ярина. Яагаад гэвэл нүүрсний давхарга газрын гадаргад хэр ойр байгаагаас хамаарч ил аргаар, эсвэл гүнд байвал далд аргаар олборлодог. Тавантолгой ил аргаар олборлоход боломжтой, уул геологийн маш хялбар нөхцөлтэй орд.

Ил уурхай эдийн засгийн ашигтай байх нь нүүрсний дээр байх шороо чулуун давхарга хэр зузаан, нүүрсний давхарга хэвтээ, налуу ямар байрлалтайгаас хамаарч орд ордод өөр байдаг. Нүүрс гадаргад ойр бай­вал хөрс хуулалтаар зөөж гаргах шороо чулуу бага тул ашиглалтын зар­дал бага, олборлолтын ашиг их байна. Нүүрсний олборлолтын технологи нь манай улсад харьцангуй хөгжсөн, боловсон хүчний хан­гамж хүрэлцээтэй, хаяг­дал багатай ашиглах боломж нэгэнт бүрдсэн билээ. Өөрөөр хэлбэл, бид нүүрс олборлохдоо хүний царай харахааргүй болсон улс. Одоо нүүрсний ча­нарын асуудал гарч ирнэ. Гадаргад ойр бай­гаад бага зардлаар олбор­лох боломжтой байсан ч кокс­жих нүүрс биш, илч­лэг муутай бол үнэд хү­рэхгүй. БНХАУ-д кокс­жих нүүрсний ордууд бий боловч гүний аргаар олбор­лодог. ОХУ-ын коксжих нүүрсний ил ордууд нэг тонн нүүрс олборлохын тулд гаргах шорооны харьцаа нь 1:10-аас их буюу 10 куб метрээс их хөрс хуулж нэг тонн нүүрс олборлох тул өөрийн өртөг их байдаг байна.

Тэгвэл Тавантолгойн ордыг ашиглах нь эдийн засгийн ашигтай эсэхэд хийсэн Техник эдийн засгийн үндэслэл буюуТавантолгойн ТЭЗҮ”-д тухайн ордыг маш ховор, сайн чанарын коксжих нүүрстэй, олборлоход хялбардэлхийд хосгүй орд гэж тодорхойлсон байна. Уг ТЭЗҮ-г боловсруулсан ЗХУ-ын Ленинград хотынГипрошахтхэмээх төслийн хүрээлэнгийн Төслийн ерөнхий инженер Анри Белинкин нь 1971 оноос эхлэн БНМАУ, дараа нь Монгол Улсад 2015 он хүртэл олон удаа ирж Монголын нүүрсний бүх салбарт ажиллан түүн дотроо Шарын Голын нүүрсний уурхайн олборлолтын технологийг боловсруулж, Бага­­нуурын нүүрсний уур­хайг байгуулж, мөн энэхүү Таван Толгойн ТЭЗҮ-г боловсруулах ажлыг гардан  удирдсан хүн ажээ. Ийнхүү манай улсын нүүрсний салбарын хөгжилд их хувь нэмэр оруулсан А. Белинкин гуай Монголд хийж байсан ажлуудынхаа тухай өгүүл­сэнМонгольский Дневникнэртэй ном саяхан хэвлүүлэн гаргасан. Түүнд Тавантолгойн ордын ТЭЗҮ-г боловсруулах ажил хэрхэн явагдсаныг дэлгэрэнгүй дурджээ. Одоо тус номоос доор эшлэх өчүүхэн хэсгийг унш­сан уншигч манай улсын Тавантолгойн кокс­ж­их нүүрсний орд ямар орд болохыг төвөггүй ойлгохоор байна.

Тус орд нь Монгол Улсын Өмнөговь аймгийн ну­тагт Даланзадгад хо­тоос 100 километр, Улаан­баатар хотоос 540 километрт оршдог. УБТЗ-ын Айраг өртөө зүүн хойш  400 километрт байна. Нүүрсийг тээвэрлэх зай Находка боомт руу 5200 км, Хятадын Чиндао боомт руу 1900 км, Хятадын металлургийн томоохон төв Бугат хот руу (хүрэх төмөр замын чиглэлээс хамаарч) 700-1700 км. Ордын тогтоосон хэмжээ баруунаас зүүн чиглэлд 22 км, хөндлөн чиглэлд 2-7.5 км. Тавантолгойн синклиналийн төвд нүүрс агуулагч давхаргын нийт зузаан нь 900 метр. Тавантолгойн нүүрсний хурдас нь 2-75 метрийн зузаантай 16 давхаргатай ба ажлын зузааны дундаж нийлбэр 165 метр. Ордод эхний ээлжинд олборлолт явуулах бүс нь нүүрсний давхарга байрлах шинжээрээ ЗХУ-ын Нөөцийн комиссын гаргасан ангиллаар I бүлэгт (маш хялбар) хамаарах ба үлдсэн талбай нь II бүлэгт хамаарна.

Зөвлөлтийн мэргэ­жилт­нүүдийн удирдлага дор гүйцэтгэсэн хайгуулын ажлын үзүүлэлтээр Тавантолгойн ордын нүүрсний нөөц нь зургаан тэрбум 300 сая тонн. Түүн дотор коксжих нүүрс нь нэг тэрбум 800 сая тонн байна. Баяжмалыг боловсруулж хуурай түлшний үнсжилт 8-10 хувьтай кокс гаргах нүүрсийг коксжих нүүрс гэдэгт хамааруулж байгаа. Энэ нь 40 хувиас багагүй байгаа юм. Гэхдээ коксжих үзүүлэлтээрээ бараг бүх нүүрс хар металлургид тохирохоор байна. Энэ ордын нүүрс хүхэр багатай, дунд зэргийн фосфортой. Нүүрсний марк нь КО, К, КЖ, КЖО. ЗХУ-ын Хар Металлургийн ЯамныВУХИНхүрээ­лэн К ба КЖ маркийн баяжуул­сан нүүрсийг өөрийг нь коксжуулахад бат бэх кокс гаргадаг бол Ж маркийн баяжуулсан нүүрс коксжуулах шихтийн үндэс болж болно гэсэн дүгнэлт гаргажээ.

Ил аргаар олборлох нүүрсний нөөц хангалттай их буюу 700 сая тонн, түүн дотроо 550 сая тонн нь хамгийн үнэтэй, ховор К ба КЖ маркийн нүүрс. Уул геологийн хялбар нөхцөлд байршилтай, хөрс хуулалтын коэффициент нь нэг тонн нүүрсэнд ердөө 4.4 куб метр  байна.

Тавантолгойн нүүрсний цогцолбор нь жилд 20 сая тонн нүүрс олборлох хүчин чал­далтай ил уурхай, жилд 15.5 сая тонн нүүрс бая­жуу­лах хүчин чадалтай бая­жуу­лах фабрик, дулаан хан­гамжийн эх үүсвэр, 200 км урттай 220 кВ ЦДАШ-ыг оруулсан цахилгаан хан­гамжийн обьектууд, 70 км урттай усан хангамжийн шугам, хялбар профильтой Тавантолгой-Айргийн 400 км төмөр зам ... мөн 50 мянган хүн амьдрах Тавантолгой хот гэсэн цогцоос бүрдэх юм.

Тавантолгойн нүүрсний цогцолборын товар үйлдвэрлэлийн жилийн хэмжээ нь: К болон КЖ маркийн 7.1 сая тонн, Ж маркийн 1.5 сая тонн нийт 8.6 сая тонн коксжик баяжмал үйлдвэрлэх ба мөн 10.1 сая тонн эрчим хүчний нүүрс гаргана.

Нүүрсний коксжих баяжмал нь К, КЖ болон Ж гэсэн хамгийн үнэт, ховор маркад багтана. “ВУХИНхүрээлэнгийн гаргасан үнэлгээгээр Тавантолгойн ордын коксжих нүүрс нь өөрийн хими-техникийн шинж чанараараа дэлхийн зах зээлд гаргаж байгаа Австрали, АНУ, Канадын үндсэн төрлийн нүүрснээс дутуугүй ба К болон КЖ маркийн нүүрсний коксжилт нь тэдгээр орны нүүрснээс илүү байна.

Завсрын бүтээгдэхүүн болон эрчим хүчний нүүрс нь ойролцоогоор нэг килограмм нь 5000 ккал ша­талтын дулаан гаргах маш өндөр чанарын түлш юм.

(А.Белинкин. Монгольский Дневник. Санкт-Петербург, 2015. номын хэсгээс)

Олборлох технологи хүнд хөнгөн байдгийг онцолж өгүүллэгийн эхэнд Гацууртын алтны ордоор жишээ авсан. Тавантолгой орд олболоход маш хялбар. Дээр нь маш ховор үнэт нүүрстэй тул ганц худалдан авагчид хямд үнээр нийлүүлэх биш дэлхийд ган боловсруулалт явагдаж л байгаа тохиолдолд өөр хувилбар болон өрсөлдөөн бий болгож ОХУ-ын нутгаар дамжуулан Алс дорнодын боомтуудаар нь Япон, Солонгосын зах зээлд нийлүүлэхэд өнөөдөр ч ашигтай байхаар байгаа юм. Энэ ордыг ашиглах хөрөнгө оруулалт олдохгүй маш хэцүү байсан. Бараг одоо ч тийм байдаг гэх зүйлийг  бид улиг болтол  сонсож ирсэн билээ. Харин энэ бүхэн нь зүгээр л биднийг хуурсан сайхан үлгэр юм. Ийм сайн ордод дотоодын ч гадаадын менежментийн багтай гэрээ байгуулан ажиллуулаад бүх орлогоо улсын төсөвт хуримтлуулдаг болбол эдийн засгийн энэ хэцүү байдлаас гарахад ихээхэн тустай байхсан. Ийм хялбар ордод дэлхийн хамгийн шилдэг технологиор ашиг­­лалт явуулахад ч их хөрөнгө оруу­лалт шаардагдахгүй. Үнэт коксжих нүүрсний багахан хэсэг нь л хөрөнгө оруулалтын барьцаа болох болно. Харин бид энэ их хөрөнгөнийхөө өчүүхэн хэсгийг татварт авсан болоод улс нийтээрээ ядууран, “өрмийг нь хамаадавч явж байгааг зүгээр л хараад сууж байна. Яг үнэндээ БНХАУ биднийг хуураад дэлхийн зах зээлийн үнээс хамаагүй хямдаар худалдаж аваад байгаа юм байхгүй. Харин одоо энэ ордод олборлолт явуулж борлуулж байгаа нөхөд дэлхийн зах зээлийн үнээр зарчихаад бидэнд хэлэхдээ арай гэж ийм үнээр өгч байгаа нь их юм гэжойлгуулдагтухай бүгд л хэлж ярьж байна. ЗХУ-д  мөнгийг нь төлөөд хийлгэсэн бэлэн ТЭЗҮ төрд байна. Мэдээж эдийн засгийн үзүүлэлт болон олборлох хэмжээний хэсэг нь өнөө үед өөрчлөгдөх ч олборлох технологи нь өөрчлөгдөхгүй. Бас ТЭЗҮ-г боловсруулж байхад тооцож байсан үнээс өнөөгийн дэлхийн зах зээлийн үнэ илүү байгаа болно. Мөнөөх Гацууртын ордод бидэнд байхгүй нарийн технологи  шаардлагатай нь үнэн ч Тавантолгойн хувьд тийм биш. Бид Тавантолгойгоороо цөөхөн хэдэн хүнийг баяжуулж, Гацууртаас юу ч олохгүй сууж байна. Амархан олборлож болох Таватолгойгоо хэцүү, хэцүү Гацууртыг амархан гэсэн үлгэрт итгэсээр хэдий болтол юу ч үгүй суух вэ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин