Д.ЦЭРЭННАДМИД
ӨМНӨХ ҮГ БУЮУ Л.ДАМДИНСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ?
Лувсаншаравын Дамдинсүрэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул, Налайхын суугуул нэгэн. Нутагтаа дунд сургууль дүүргэж дараа нь Дархан хотод политехникумыг уул уурхайн маркшейдер мэргэжлээр дүүргэснээр Налайхын уурхайд очоод өнөөг хүртэл бараг тавин жилийн хаврыг үзэж байна тэр. Жинхэнэ уурхайчин хүн гэж түүнийг хэлдэг юм билээ. Налайхын Дамдинсүрэн гэхээр мэдэх хүн дэндүү олон. Яагаад гэхээр энэ хүн Налайхын уурхайд замчин, малтагч, мастер, инженер гээд шат шатанд нь ажилласан. Их уурхайн намын хорооны даргаар олон жил болж. Сүүлд Налайх дүүргийн Засаг даргын орлогч, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга байсан юм билээ.
Тийм болохоор Налайхыг хэнээс ч илүү мэдэх хүн. Мэдээд зогсохгүй “Сэтгэлд мөнхөрсөн уурхайчид” нэртэй том ном бичсэн байна. Энэ номыг уншихад л Монголын уул уурхайн хийгээд аж үйлдвэрийн гал голомт Налайхын түүхийг мэдэж болох юм. Тэр зүгээр нэг уул уурхайн ахмад зүтгэлтэн биш яруу найраг зохиол сонирхон бичигч, уран бүтээлийнхээ хэд хэдэн номыг хэвлүүлсэн хүн юм. Тэр дотор “Зүрхэн тарнитай нутаг” ном нь содон. Уг номд эгшиг яруу үг, аялгуу сүлэлдсэн дуу, шүлэг дурсамж, дурдатгал, эргэцүүлэл бүгд багтжээ. Тэдгээрийг үзэхүйд энэ хүн асар их хөдөлмөрч, уйгагүй судлаач хүн юм. Бас сэтгэлгээний торгон мэдрэмж нь амьдралын туршлагаар баяжжээ гэсэн бодол төрөх ажгуу. Тиймээ энэ хүний амьдралын замнал нь тэр чигээрээ судар мэт. Ингээд Монгол Улсын гавьяат уурхайчин, удирдахуйн ухааны магистр, хүмүүнлэгийн ухааны доктор энэ эрхмийг манай сонин “Хүмүүн судар” буландаа хүндэтгэж урьж ярилцсан юм.
ЦАСТ ЦАМБАГАРАВЫН ХҮҮ УУРХАЙЧИН БОЛСОН НАМТАР
-Таныг тэнгэрийн их уул Цамбагаравыг хормойдож төрсөн хүн гэдгийг чинь намтар юунаас чинь олж мэдсэн. Галданбошигтын удмын өөлд хүн гэдгийг чинь ч гадарласан. Тэгэхээр тантай хийх ярилцлагыг аав, ижийгийн чинь тухайгаас эхэлье гэж бодлоо?
-Ижий маань Юндэнгийн Сайндаа гэж хүн байлаа. Намайгаа найман настай байхад насан өөд болсон. Бид энэ эхээс тавуул. Бид авга ах Ж.Сэрээниндорж бэргэн эгч Ч.Олонбаяр нарынхаа ач ивээлд өсч өндийсөн юм даа. Миний аав Ж.Лувсаншарав гэж шашны таван их ухаанд нэвтэрч гавьжийн зэрэгт хүрсэн том лам байлаа. Нийслэл хүрээнд ирж Чойрын номд суралцаад нутагтаа “Шар сүм”-д сууж байгаад эсэргүү хэмээн баригдаж 10 жил шоронд суух ял авсан. Харин ч бусдын адил алуулаагүй нь золтой юм билээ. 1992 онд нутагтаа очоод энгийн амьдралаар амьдарсан. Гэхдээ шашныхаа номд гүнзгий орсон хүн уншлагаа далдхан уншиж, мацгаа барьж явсаар нэгэн өдөр номд төгс гэгээрсэн хүн байсан учир завилан суусан чигээрээ тэнгэр болсондоо хөөрхий. Ийм эрдэм чадалтай хүний үр сад гэдгээ би алхам тутамдаа бодож явдаг. Хэлж захиж байсан үг сургаалыг нь гажуудуулахгүй юмсан гэж боддог юм даа.
-Өөрийг чинь Налайхаар овоглож хэлдэг мэддэг. Энэ нь ажил мэргэжлийн чинь онцлог байх. Тэгэхээр уул уурхайн мэргэжил сонгосон тухайгаа ярина уу?
-Ховдын сургуулийн наймдугаар ангийг төгсөөд Дарханы политехникумын уул уурхайн ангийг сонгож суралцсан. Сурлага сайтай байсан болохоор ангийн багш намайг есдүгээр ангид хуваарлисан ч би зөрж мэргэжилтай болохыг зорьсон юм. Уг техникумд цахилгаан, уул уурхай гэсэн хоёр ангитай гэхэд нь уул уурхайг л сонгосон. Тэгээд л 1950-иад онд уг сургуулиа дүүргэж Налайхад хуваарилагдсан юм.
-Уурхайн захиргаа өөрийг чинь яаж хүлээж авсан бэ?
-Уриалагхан хүлээж аваад замчин болгодог юм. Тэгсэн сарын дараа ашиглалтын хэсэгт шилжүүлж малтагчаар ажиллуулсан. Тэгж байтал тун удалгүй уурхайн ашиглалтын дөрөвдүгээр хэсэгт мастер болгочихдог юм. Жинхэнэ нүүрс олборлох маш хүнд ажилтай хэсэг л дээ. Шантрах үе байсан ч ажлаа хаяагүй ээ. Түшигтай сайн хамт олны дунд орсон хүн хичээж байлаа. Залуучуудын гавшгай бригад байгуулж Саранцацралт гэдэг сайхан залуу ахлан бид ёстой л гялалзтал ажиллаж байсан юм. А.Орногбай, Н.Залел гээд хөдөлмөрийн баатруудын хэсэг бригадынхны амжилтыг эвдсэн. Тэд угсрах зөөврийн ажлаа нэг цаг 30 минут хийж байсан бол бид тэр хэмжээний ажлыг 30 минутад амжуулж сард 300 тонн нүүрс олборлож дээд амжилт үзүүлж байв. Тэгээд ЗХУ-д аж бүрэн механикжсан төхөөрөмжтэй лаавны мастераар суралцсан. Ирээд хэсэгтээ инженерээр ажилласан.
-Суг суг дэвшиж ажилласан юм байна даа?
-Тиймээ. Бас болоогүй ээ. Инженер болсны жил гаруй хойно Намын Дээд сургуульд шалгалт өгч тэнцээд ордог юм. Төгсөөд иртэл Улаанбаатар хотын Намын хороо Налайхад маань буцааж ажил нь сүрхий доголдож байсан ашиглалтын III хэсэгт намын үүрийн даргаар томилсон. Бас ажил сайжруул гэсэн намын даалгавартайгаар өөр хэсэгт ч шилжүүлж байлаа. Олзуурхууштай нь миний очсон хэсэг бригадын ажил дандаа өөдөлж байсан юм шүү. Тэр үед намын байгууллагын ажил үүрэг роль өндөр байсан цаг юм даа. Тэгээд 1986 онд Налайхын их уурхайн намын хорооны дарга болж байлаа л даа. Тэгээд таван жил ажилласан. 1990 онд намын байгууллага ч татан буугдаж би төр, захиргааны ажилд шилжсэн. Гэхдээ мөн л Налайхдаа дүүргийн Засаг даргын орлогч, Засаг дарга, ИТХ-ын дарга гээд алба хашсан даа.
БОГДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЕД НАЛАЙХААС НҮҮРС ОЛБОРЛОЖ ЭХЭЛЖЭЭ
-Налайхын уурхайн үүсэл гэж ярьвал 1900-гаад оноос чулуун нүүрс олборлож эхэлсэн байдаг. Энэ тухай киноноос үзсэн үнэмшил бий?
-Тийм шүү дээ. Анх тарваганы нүхэн дээрээс хар чулуу олсныг Хятадууд нүүрс гэж таньж мэдсэн гээд кинонд үзсэн дээ. Хятадууд газрыг дээрээс нь худаг хэлбэрээр цоолж ороод нүүрсэнд хүрэхээрээ тал тал тийшээ малталт хийж нүүрсээ худгаас ховоогоор ус татдаг шиг л гаргаж авч байсан юм билээ. Энэ тухай түүхэн баримтын нэг нь 1915 онд Монголд ирсэн Оросын эрдэмтэн Майскийн “Орчин үеийн Монгол” номд Улаанбаатараас 30 бээрийн газарт Налайхын нүүрсний ордыг Орос нөхдийн оролцоотойгоор Богд хаант Засгийн харьяанд уурхай байгуулж 40 ажилчинтай ажиллах боллоо гэсэн байдаг юм.
-Тухайн үед нүүрсний хэрэглээ бас үүсч гэж болохнээ дээ?
-Налайхаас зохион байгуулалттайгаар нүүрс ашиглаж эхэлсэн үе энэ л дээ. Уурхайчид олборлосон нүүрсээ даачаа тэргээр (морин тэргээр) Нийслэл рүү зөөж Богд хааны ордон, Хятадын пүүсүүд, Барон Унгерний байр зэрэг газруудад хүргэж байж. Тэгээд Ардын засаг мандсаны дараахан 1922 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын шийдвэрээр Налайхын уурхайг улсын мэдэлд авсан байдаг юм. Энэ бол Монголд анхны үйлдвэрийн эх суурь тавигдсан гэж үздэг.
Найман ажилчинтай жилд 870 тонн нүүрс гаргах хүчин чадалтай тийм үйлдвэр. Анхны даргаар нь орос хүн тавигдсан гэдэг. Уул уурхайн талын мэдлэгтэй монгол хүн байсангүй л дээ. Нөгөө талаас нарийвчлан үзвэл морин дэл дээр зөвхөн нараар баримжаагаа хийж явсан шашин давамгайлсан Монголчууд газар ухах төнхөхөөс жийрхдэг байж. Тиймээс уурхайн анхны хүмүүс нь Хятад, Оросууд байсан юм билээ. Үйл ажиллагааны сонин нь гэвэл нүүрсийг лааны гэрэлд жоотуу, зээтүүгээр ухаж авч байсан үе. 1970-аад онд налуу уурхайд ажиллагсад уурхайн гүнээс Хятадуудын асааж байсан лаа, дэнгийн үлдэгдэл олсон байдаг юм.
-Налайхын түүхэнд эмэгтэй уурхайчид байсан юм гэдэг. Энэ тухай...?
-1970-1990 онд их уурхайд эмэгтэйчүүд олноор ажиллаж эрчүүдээс дутахгүй амжилт гаргаж байсан юм шүү дээ. Ер нь уурхайчид эмэгтэйчүүд байсан нь 1940-өөд оноос эхтэй. Энэ тухай зохиолч З.Сандгаагийн “Хүний ганц” туужид гардаг уурхайчин эмэгтэйчүүдийн гавшгайч бригадын жишээг хэлж болно. Уурхайн түүхэнд нийт 196 бүсгүй ажиллаж газрын гүнд хөдөлмөрлөж байсан тухай баримтуудыг бид ил болгосон. Тэдний гавьяаг мартах учиргүй юм шүү.
-Уурхайн хөгжлийн II шатны үеийн байдал ямар байсан юм бол...?
-Хөрсөн дээрээс нь уклон гэж налуу малталт хийж ороод хоёр тал руу нь штрик гарган ухаж холбоод нүүрсээ гаргаж авдаг налуу уурхайн үе. Энэ үед хөгжлийн бас нэлээд өөр шатанд очсон. 60 кВт-ын станц баригдсан. Уурхайд төмөр замтай, нүүрсийг троссоор татаж гаргадаг аргад шилжсэн. Өрөмдлөг, анхны сэгсэрдэг дамжлага нэвтэрсэн. Уурхай дотор тээврийн гол хэрэгсэл нь морь байв. Нэртэй зартай морь олон байж. Ударник цолтой морь байсан гээд бод доо. Мөн энэ үед хувьсгалт ардчилсан шатны зорилт улс орон даяар өрнөж үүнийг дагаад уул уурхайн салбар цаашид хөгжих хандлага бүрэн бий болсон. Нөгөө талаар аж үйлдвэрийн комбинатын олон үйлдвэр буйраа засч нүүрсний хэрэглээ өссөн учир Налайхын уурхайг өргөтгөхөөр нам, засгаас нэлээд арга хэмжээ авсан байдаг юм. Налайхын уурхай улс орны хөгжилд том үүрэг гүйцэтгэсний нэг нь Монголын ажилчин ангийн үр хөврөл, тэр дотор уул уурхайн боловсон хүчин мөн эндээс эхтэй гэж үздэг. Сүүлд орон нутагт бий болсон уурхайд Налайхад мэрэгшсэн хүмүүс л очиж байлаа. Нийслэлд шинээр баригдаж буй үйлдвэрүүдэд ч ялгаагүй. Налайхаас төрсөн ажилчид удирдах хүмүүс урилгаар ажиллаж байв. Үүнээс хойших үе нь Налайхын уурхайн хөгжлийн гурав дахь үе шатанд ордог.
-Гурав дахь үе шат онцгой үе биз?
-Тэгэлгүй яахав. 1954-1958 онд Налайх өргөтгөгдөж капитал их уурхай болсон юм. Тодруулбал ЗХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар (170 сая төгрөгийн хөрөнгө зарж) уг их уурхайг ашиглалтад оруулсан байдаг. Гол хүч нь Орос, Монгол уурхайчид байсан. Энэ эрчээрээ 1970-аад он хүртэл ажилласан. Дараа нь уурхайн үйл ажиллагаанд олон өөрчлөлт хийсэн юм. Деспетчерийн нэгдсэн удирдлагатайн дээр өндөр хүчин чадалтай дамжлагууд бий болсон. Газрын гүний төмөр зам баригдсан, агааржуулалтын шинэ систем нэвтрүүлсэн. Ийм өндөр хүчин чадалтай төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр уурхайн дарга У.Мавлет, хэсгийн дарга Н.Лувсанчоймбол, бригадын дарга, машинист Ц.Дорж нар төрийн шагнал хүртэж байв. Бас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг уурхайчин Д.Даваажав улсдаа анх авсан. Тус уурхайгаас төрсөн есөн баатрын олонх нь тэр үед л тодорсон хүмүүс. Уурхайчдын дунд ээлжиндээ 1000 тонн нүүрс гаргах хөдөлгөөн өрнөж аварга амжилтууд олон гарсан. Нэг л жишээ хэлэхэд А.Орногвайн бригадын сард 10 мянга 500 тонн нүүрс гаргасан амжилтыг нам, засгаас үнэлж хэсгийн дарга нь гавьяат уурхайчин болж байсан түүх бий. Мөн Д.Балдорж даргатай хэсгийнхэн хоногт зургаан мянган тонн, сард 60 мянган тонн, жилдээ 380 мянган тонн нүүрс олборлосон нь ЗХУ-ын ижил нөхцөл байдалтай уурхайд гарч байсан амжилтыг эвдсэн гээд ярьвал олон жишээ хэлж болно. Бас миний нэг хэлэх, дуртай бодит үнэн зүйл гэвэл Монголын аж үйлдвэрийн эхлэл Налайхаас эхтэй. Ийм болохоор хамгийн өндөр сахилга баттай, ухамсартай ажилчин анги мөн л эндээс үүссэн юм даа. Энэ утгаар Налайхын уурхайчдын бий болгосон уул уурхайн их өв соёл, оюун санааны эхлэл Монголын уул уурхайн үзэл сургаалыг бий болгосон. Миний хувьд энэ тухай зөвхөн хэлж яриад байгаагүй ээ. “Сэтгэлд мөнхөрсөн уурхайчид” гэдэг ном бичсэн. Эндээ өөрийн мэдэх болон судлаачдын бий болгосон баримтуудыг ашиглаж бүтээсэн. Ухаандаа Налайхыг мэдэх бүхэл бүтэн лавлах болгохыг оролдсон. Уурхайчид болон хүмүүс номыг маань гайгүй үнэлдэгт нь би баярлаж л явдаг юм. Ер нь Налайхын түүхийг дөрвөн үе шатаар авч үздэг л дээ.
-За тэгвэл бид хоёр одоо дөрөв дэх үеийг ярих болж байна даа?
-Энэ үе бол богино атлаа ярихад хэцүү, эмгэнэлтэй. 1990 оноос хойших үе. Ердөө хоёроос гуравхан жилд их уурхай үгүй болж олон жижиг хувийн уурхай бий болсон. Ингэснээр Налайхын уурхайн хөгжил даруй 50 жилээр ухарсан гэж хэлж болно. Яагаад гэхээр хөдөлмөр хамгааллын наад захын шаардлага хангахгүй орчинд хүмүүс ажиллаж амь насаа золиослох болсон. Одоо ч байдал ийм л байгаа. Нөгөө талаар уул уурхайн мэргэшсэн ажилчин анги тарж ажилгүйдэл ядуурал газар авсан. Налайх дүүрэг, тосгоны амьдрал ч доошоо орсон доо.
Уурхай хаагдсан нь хэд хэдэн шалтгаантай. Юуны түрүүнд төр, засгийн бодлогын алдаа нөлөөлсөн. Энэ нь юу вэ гэвэл 1970-1980-аад онд Нийслэлийн хэрэгцээг хангахын тулд ойрчилж уурхайн хамгийн бэлэн болсон хэсгийг сорчилж авсан. Ахиу нүүрс гарга гэсэн шаардлага тавихаас уурхайн ажлын технологи гэдэг юмыг огт анхаараагүй. Уурхайн үндсэн малталт хоцорч гүний уурхай усанд автаж галын цэг олширсон. Гэтэл Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга нар, Улаанбаатар хотын удирдах хүмүүс дэндүү муйхар шаардлага тавж байв. Нэг жишээ хэлэхэд тэд уурхайн дарга, намын дарга хоёр руу өдөр болгон утасдана. Гэхдээ уурхайн ажил яаж байнав гэхийн оронд Улаанбаатар хот хөлдвөл та нартай хариуцлага ярина. Улам ахиу нүүрс гарга. Үхэж байгаад л болов нүүрсээ нэм. Харин та нарыг үхвэл нэр төртэй оршуулна гэж хүртэл хэлнэ. Ийм айхтар хатуу шаардлагын дунд бид ажиллаж байлаа. Уурхайн дарга бид хоёр шөнийн нэг цаг хүртэл л уурхай дээр зогсоно шүү дээ. Дарга нар хэзээ утасдах бол гээд л. Нөгөө нэг юм нь нүүрсний үнийг чөлөөлөхгүй хатуу барьж байснаас Налайхын уурхай эдийн засгийн хувьд хөл алдсан. Бас 1990 оны арчилсан хувьсгал яллаа гээд улстөржилтийн гай их байв. Овлигогүй, онгироо нөхдийн явуулга уурхайчин олон түмний сэтгэл зүйг хачин болгосон. Энэ бүхэн уурхай хаагдах шалтгаан байсан юм шүү дээ.
Олон хүний амь нас авч одсон 1990 оны тэр том осол ч буруу суртал, ухуулгын уршгаар хүмүүс шаардлага хүлээж авахыг больж сахилга, дэг журам алдагдсанаас л болсон. Уурхайчдын нэг үе нөгөө үеэр солигдсон. Энэ юу гэсэн үг вэ гэвэл дадлага туршлагатай ажилчид, удирдах бүрэлдэхүүнийг зайлуулчихсан байсан. Тиймээс осол гарсан явдал уурхай хаагдахад хүчтэй нөлөөлсөн хар үйл явдал байсан. Уурхай хаагдснаар 1000 гаруй хүн ажилгүй болсон. Бас эд хөрөнгөнөөс гадна үе дамжсан уурхайчдын бий болгосон ямарч их мөнгөөр хэмжиж болшгүй уул уурхайн их өв соёл, хөдөлмөрийн үнэ цэнэ устсан юм.
АНХНЫ ЮМ БҮХЭН СОНИН БАЙДАГ
-Налайх гэдэг нэрийг хэдийд өгсөн юм бол. Уг нэрийн үүсэл сонин байгаа л даа?
-Энэ нэрийн тухай нэг ч биш таамаг байдаг юм. Энэ уурхайг анх нээсэн газар нь Налуу ухаа нэртэй байсан. Үүнийг л Хятадууд “Налуухай гэж хэлсээр тэр нь цагийн саалтад засраад Налайх болсон гэдэг яриа бий. Тэгвэл бас Нийслэл хүрээ рүү зорьж ирэх аянчин, жинчид болон мөргөлчид мал ахуйтайгаа ирээд тэр Налуу ухаа орчмоор гүүгээ барьчихсан дэлгэр цагт ёстой л налайж байдаг байж. Энэнийг дүрсэлж налайх, цэлийх гэсэн үгнээс гаралтайгаар уг нэр бий болсон гэж нэг таамаг байдаг юм билээ. Гэтэл Жужаны хаант улсын тухай нэгэн түүхэнд Батсүрэн гэдэг түүхчийн бичснээр Жаолоуши гэдэг голын тухай гардаг. Жаолоуши гэдэг нь монголоор орчуулахад налайх гэсэг үг ажээ гэсэн нэг бичвэрийг уншсан. Гэхдээ Налуу ухаа гэдэг уг газрын нэр л налайх болсон нь ойр санагддаг юм даа.
-Налайхын уурхайн анхны дарга ямар хүн байсан бэ?
-Яг анхны дарга гээд ярьвал орос хүн байсан гэдэг. Харин анхны монгол дарга гэвэл тухайн үеийн Намын төв хорооны нарийн бичгийн дарга байсан Баваасан. 1922 онд Налайхын уурхайг улсын мэдэлд авах үеийнх болов уу. Ер нь бол 10-аад даргын нүүр үзсэн газар юм.
-Тэднээс хамгийн олон жил ажилласан нь хэн бол?
-Мавлет гэдэг дарга. Энэ хүн бараг 10 жил их уурхайг удирдсан юм билээ. Намайг анх уурхайд очиход л энэ хүн дарга байсан. Түүний дараа С.Жадамбаа гуай дараа нь Н.Батаа гээд л. Гавьяат уурхайчин С.Жадамбаа гуайг хоёр дахиа дарга болоод байх үед уурхай хаагдсан.
-Их уурхай болсон үе 1950-иад он гэдэг биз?
-Тиймээ. 1950-иад онд олон жижиг уурхайнуудыг нэгтгээд нэгэн том уурхай болгож 1958 онд ашиглалтад авч байж. Уурхайн үйл ажиллагаа бараг бүрэн механикжсан үе л дээ. Дэлхийн жишигт нийцсэн хүчин чадалтай уурхай болж хөгжсөн гэж түүхэнд тэмдэглэгдсэн. 1972-1973 онд уурхайд модернизаци хийгдсэн. Ингэснээр хүчин чадал нь бүр өсч жилд 800 мянган тонн нүүрс гаргадаг болсон.
-Таныг Налайхын уурхайд анх орсон монгол хүний тухай сонин зүйл ярьдаг гэж сонссон юм байна?
-Бид Чойням гэдэг хүнийг тодруулж анхны Монгол уурхайчин гэж нэрлэх болсон. Уурхайн намын байгууллага сар бүр нэг сэдэвт ажил зохиодог байлаа л даа. Тэгээд ахмад уурхайчдын нэрэмжит сарын үеэр ахмадуудаа олж тодруулах ажлын явцад энэ хүнийг олж авсан юм. Уурхайн намын хороо, захиргаа энэ хүнийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч гэр бараа хүртэл өгсөн л дөө. Чойням гэдэг хүн сонин л амьдрал туулсан Зүүн хараа зүгийн хүн. Тавхан настайдаа хятад хүнд үрчлэгдсэн гэх. Бага насаа хатуу хөтүүхэн амьдралд өнгөрөөсөн. Тиймийн учир орон гэрээсээ дайжиж явсаар Налайхад ирсэн. Тэгээд 1927 оны үед уурхайчин байсан гэдэг нь өөрийнх нь дурсамж, яриагаар батлагддаг. “Уурхайд намайг ажиллаж байхад бид зоорь шиг байранд байдаг. Хятадууд маш сайхан хоол хийж өгдөг байсан” гэж тэр ярьж билээ.
-Налайхын нөөцийг хэдийд тогтоосон юм бэ?
-Хэд хэдэн удаа тогтоосон. Ер нь 100-гаад сая тонн нүүрсний нөөцтэй юм гэдэг. Түүнээс одоо 60 сая тонн нь газар дороо бий гэсэн тооцоо байдаг юм. Налайхын нүүрс тогтоцын хувьд 12 хүртэл давхрагатай. Өмнө нь тав хүртлэхийг нь ашигласан. Гэхдээ бүрэн биш. Нүүрсэн давхрагын уналт нь 8-12 гардусын уналттай. Доошлох тусам нүүрс гүн рүү шигдсэн байдалтай юм билээ.
-Түүнийг одоо ашиглах ямар боломж байдаг юм бол...?
-Тэр гүний нүүрсийг ашиглая гэвэл далд уурхайн хэлбэрээр ашиглах шаардлагатай юм. Хөрөнгө мөнгө нэлээд орох учир төр, засаг ч, аж ахуйн нэгж байгууллага мөнгө хаяхгүй байгаа. Гэхдээ яваандаа тэр их нөөцийг ашиглах бизээ. Тийм гүний нүүрсийг тэнд нь шатаагаад хий болгож ашигладаг технологи байдаг юм. Нүүрснээс бинзен шатахуун, торго дурдан, каучук гээд маш олон төрлийн эд гаргаж авдаг. Ер нь бол өмнө хийгдсэн хайгуулын явцад л тэр 100 сая орчим нөөцтэй гэж гаргасан. Цаашид хайгуул хийвэл нөөц тэрүүгээр тогтохгүй л байх. Налайхаас урагш Баянгийн хөндий гэж бий. Тэнд орчин үеийн хайгуулын явцад 1000 орчим метрийн гүнд нүүрс байгаа нь тогтоогдсон байдаг юм. Тэр нөөцийг Монгол Улс хэзээ нэг цагт ашиглаж таарна даа.
-Налайхын нүүрсний чанар ч онцгой шүү дээ?
-Чанар сайн гэдэгт ярих юм байхгүй. Жинхэнэ чулуун нүүрс Улаанбаатарынхан Налайхын нүүрсийг хэрэглэж үнэхээр дассан, сурсан. Илч сайтай, үнс багатай, илчлэг нь 4500 ккал гэж гардаг. Налайхын нүүрсний давхрагууд метанаар баялаг. Үүнийг ч ашиглах хэрэгтэй санагддаг.
-Богд хаант Монгол Улсын үед уул уурхайн дүрэм гэсэн баримт бичиг гаргаж байсан гэдэг гэлүү?
-1915 оны үед Уул, уурхайн дүрэм гээчийг гаргасан нь тухайн үеийн төр, засгийн бодлогыг хамгаалах баримт бичиг болж байв. Уг дүрэмдээ овоо тахилгатай газар уул уурхайн үйл ажиллагаа явуулж болохгүй, ашигт малтмалыг гадныханд хамаагүй ашиглуулахгүй гэсэн чухал заалт оруулсан байжээ. Нэг зүйлийг сонирхуулахад Налайхаас нүүрс олборлох талаар Богд хаанд мэдүүлэхэд газар ус хөндөхийг бурхны номд хэдийгээр цээрлэж байсан ч амьдралын утга учрыг ухаант хүн ойлгосон учраас “Налайх бол Монгол Улсын даллагын уут” гэж хэлжээ. Нүүрсийг гадныхан ашиглах санал тавихад, “Монголчууд бид өнөө үед мал аж ахуйгаараа амьдарч болж л байна. Налайхыг ашиглахын хувьд хойч үедээ хадгалах нь чухал” гэсэн хариу өгч байсан юм гэдэг.
-Тухайн уламжлалыг өнөөгийн төр, засаг авч явж чадаж байна уу. Таны бодол?
-Ашигт малтмалын хууль гэж 1990-ээд онд УИХ-аар батлан гаргасан. Дараа нь 2-3 удаа өөрчлөлт оруулсан. Бас Эрдэс баялагын тухай хууль гэж бий. Тэр бүр хууль төгс төгөлдөр болж чадаагүй учраас шүүмжлэл их байдаг юм. Уурхайн талаарх төр, засгийн бодлого ард түмэнд өгөөжөө өгөхгүй байна. Компаниуд ашигт малтмалыг ашиглах эрхийн лиценз гэж нэг юм авчихдаг. Тэр нь эзэмших талын эрх болоод хамаг баялагыг цөөн хэсэг цөлмөн завшиж байх болсон. Лиценз олголт ч улс төрийн бүлэглэл, танил талын хүрээнд, арилжааны хэлбэртэй болчихсон. Социализмын үед улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон ордуудыг олигархи гээд байгаа өнөөгийн бүлэглэлүүд өмчилж авчихаад байна.
-Гэтэл газрын доорхи баялаг бол ард түмний өмч гээд заачихсан байдагтай эсрэг юм л даа. Тиймээ?
-Тийм шүү дээ. Хууль мөрдөнө гэж байхаа больсон цаг юм уу даа. Үндсэн хуулийн тэр заалт байсаар байхад наана нь түүнийг зөрчсөн хууль баталж будлиантуулаад нидэр дээрээ улс төрийн бүлэглэлүүд л өнөөдөр завшиж, баяжиж байна. Үүнийг ард олон мэдэж л байгаа шүү дээ. Энэ лиценз гэдэг юмыг наймаалдаг, дамжуулдгийг эмхлэхгүй бол уул уурхайг зөв ашиглахгүйнээ. Гол гол томоохон ордод гадныхан эзэн суучихсан. Баялаг гадагшаа урсаж байна. Тиймээс ашигт малтмалын тухай хуулийг ард түмэндээ ашигтай байхаар Үндсэн хуульдаа нийцүүлэн засах, залруулах шаардлага байна. Нөгөө талаар гэрээ хэлэлцээр хийхдээ улс эх орныхоо эрх ашгийг умартдаг. Энэ нь өнөөгийн улстөрчид авлигад автаж байгаагийнх. Хар л даа. Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүс ямар их хөрөнгөтэй болчихов. Юм хэмжээтэй байдаг болохоор олж хураасан нь савнаасаа халиад байгааг бид харж байна л даа. Төр, засаг өөрчлөлт хийх болов уу гэж олон түмэн хүлээгээд л байна.
-Монгол Улс нүүрсээ гадагшаа экспортолж гайгүй ашиг олж байгаа гэдэг шүү дээ?
-Тиймээ нүүрсийг гадагшаа өдөр шөнөгүй зөөж байна. Үүнд нэгдсэн бодлогогүйн улмаас энэ үнэ цэнэтэй капиталаа дэлхийн зах зээлийн үнээс хямд гаргаад байгаа юм. Бизнесийн бүлэглэлүүд бие биенээсээ өрсөж хувийн ашгийн төлөө явж байгаагаас биш улс орны эрх ашиг гэж бодох хүн алга. Төрийн бодлого энд яагаад дутаж байна вэ гэхээр улс төрд шургалсан эдийн засгийн бүлэглэл төлөөллөө тэнд тавьчихаад ашгаа хувааж байдаг нь нууц биш.
-Эцэст нь нэг зүйл асууя. Налайхыг хот гэж байсан үе бий. Сүүлдээ нийслэлийн дүүрэг болсон. Гэтэл хоёр жилийн өмнө хотын статустай болгоно гээд засаг захиргааны өөрчлөлт хийсэн. Энийг та яаж харж байна вэ?
-Уурхай жилээс жилд хөгжихтэй зэрэгцээд Налайхад хүн амын төвлөрөл нэмэгдэж хот суурин бий болсон. Энэ бол Налайхын уурхайн түүхэн гавьяаны нэг нь нүүдэлчдийн суурин соёлд шилжихэд онцгой үүрэг гүйцэтгэсэн хэрэг юм. Эхний үед тосгоныг уурхайн дарга давхар удирддаг байсан. Сүүлд Улаанбаатар хотын нэг хороо байж байгаад 1962 онд Налайх хот гэж нэрлэсэн байдаг. Тэгээд 1980-аад оноос район дараа нь шинэ үндсэн хуулиар дүүрэг гэх болсон. Энэ бол зөв зохион байгуулалт байлаа. Гэтэл түрүү сонгуулиар гарч ирсэн Э.Бат-Үүл Налайхыг дагуул хотын хэлбэрээр байлгана гээд хотын захирагчтай болгочихсон. Гэтэл тэр захирагч өөрийн гэсэн эрх мэдэл, хөрөнгөгүйгээс дүүргийн удирдлагыг эмх цэгцгүйдүүлж засаг захиргааны хоёрдмол хэлбэрийг бий болгосон. Энэ нь явуур тун муутай санагддаг. Тиймээс засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульд өөрчлөлт оруулж дүүргийн удирдлагыг нэг мөр болгох шаардлагатай байгаа юм. Дүүргийн хувьд захирагчийн ажлын алба илүү гэсэн үг. Ийм л бодол байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин