Д.ОЮУНЧИМЭГ
Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Хөгжил ардчилал” ТББ болон “Конрад-Аденауэр” сан хамтран “Баялгийн засаглал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн зохицуулалт болоод баялгийн засаглалд тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцав. Энэ үеэр Ерөнхийлөгчийн улс төрийн бодлогын зөвлөх Н.Алтанхуяг “Баялгийнхаа засаглалыг зөв болгох нь энэ удаагийн хэлэлцүүлгийн гол зорилго юм. Цаашид салбарын мэргэжилтэн, судлаач, эдийн засагчидтай энэ талаар дахин хэлэлцэж, ярилцах болно” гэв. Үнэндээ байгалийн баялгийг ард түмэнд хүртээмжтэй байдлаар зохицуулах учиртай ч үе, үеийн Засгийн газрын гаргаж байгаа алдаа нь лиценз гэдгийг хурлын үеэр илтгэл тавьж буй судлаачид хэлсэн. Түүнийг нь оролцогчид ч хүлээн зөвшөөрч байв. Өөрөөр хэлбэл, “лиценз” нэртэй зохицуулалтаар баялгийг ашиглах бус өмчлөх хандлага гарсан нь цөөн хүний эрх мэдэлд шилжих механизм болсон гэлээ. Тэгэхээр үүнийг хэрхэх талаар судлаач эрдэмтэд, эдийн засагч, төрийн байгууллагынхан ойлголтын зөрүүгээ арилган нэг шугамд оруулах нь зөв шийдэл хэмээн Монголын геологи, уул уурхайн мэргэшсэн институцийн ерөнхийлөгч М.Дагва хэллээ.
Манай улс байгалийн арвин баялагтай хэдий ч зүй зохистой ашиглаж чадахгүй байгаа нь төрийн бодлого, зохицуулалттай шууд холбоотой хэмээн салбарын мэргэжилтнүүд ярив. Байгалийн баялгаас орж ирсэн хөрөнгийг үрэлгэн байдлаар зарцуулсан нь “Баялгийн хараал” гээчийн эхлэл байсныг эдийн засагчид хэлдэг. Тиймээс уул уурхай сэргэж буй энэ цаг үед өмнөх алдаагаа давтахгүйн тулд баялгийн засаглалаа сайжруулах нь зүйтэй хэмээн энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцогчид анхаарууллаа.
ЗӨРЧИЛ, ДАВХАРДАЛ, ХИЙДЛЭЭР ХАЧИРЛАСАН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ
Баялгийн засаглалыг сайжруулснаар монголчуудын эдийн засгийн хямралыг даван туулах чадавхи бэхжихээс гадна богино хугацаанд хөгжих боломжтой. Нөгөөтэйгүүр баялгийн зөв хуваарилалтыг хийхдээ бэлэн мөнгө хэлбэрээр тараах нь хамгийн өрөөсгөл шийдэл гэдгийг хуралд оролцогчид сануулж байна. “Монгол Улсын экспортын орлогын 80-90 хувь нь дан ганц уул уурхайн баялгаас бүрддэг. Гэвч түүнийгээ үзэн яддаг. Дээр нь эрх зүйн орчин нь тогтвортой бус. Татвар нь аж ахуйн нэгж бүр дээр өөр, өөр байхаас гадна салбарын үйл ажиллагааг зохицуулдаг хуулийн зүйл заалтууд хоорондоо зөрчилтэй байгааг эргэн харах шаардлагатай” гэдгийг Монголын геологи, уул уурхайн мэргэшсэн институцийн ерөнхийлөгч М.Дагва онцлов. Тэрээр “Уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа гол 10 хуулийг судалж үзэхэд 150 зөрчил, 267 давхардал, 150 хийдэл, 2006 онд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа 250 өөрчлөлт оруулсан зэргээр бодлогын тодорхойгүй байдал энэ салбарын хөгжилд, баялгийн засаглалд тулгамдаж байгаа асуудал болж хувирсан” гэлээ.
Түүнчлэн Ази, номхон далайн бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдал ба уур амьсгалын өөрчлөлт хөтөлбөрийн захирал Др.Петер Хефеле “Олон улсын туршлагаас харвал, баялгийн сан үүсгэн түүндээ уул уурхайгаас орсон мөнгөө хуримтлуулдаг. Ингэснээр эдийн засаг муудсан үед тэрхүү сангаас авч ашигладаг. Харин Монгол Улсын хувьд геополитикийн хувьд тийм ч хялбар нөхцөлд байгаагүй. Тиймээс Европын холбоо танай улсын уул уурхайн баялгийг хэрхэн хуримтлуулах вэ гэдэгт зөвлөгөө, дэмжлэг үзүүлдэг” хэмээсэн юм.
ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИХ ҮҮ?
Эдийн засагч С.Боргил “Сүүлийн 10 жил баялгийн засаглалын тухай ярьж эхэлсэн. Ингэхдээ Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталснаас өөр зүйл хийгээгүй. Гэтэл саяхан Уул уурхайн сайд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Баялгийн сангийн тухай хуулийг батална гэсэн байна лээ. Тэгвэл өмнө нь баталсан хууль хэрэгжих эсэхийг тодруулах хэрэгтэй” гэлээ. Тэрээр Ирээдүйн өв сангийн тухай хуульд байгалийн баялгийг ирээдүй хойч үе маань хэрэглэх учиртай гэсэн үзэл санааг суулгаж өгсөн. Гэвч энэ хуулиа хэрэгжүүлж эхлээгүй байж өөр хууль батлах тухай ярьж байгаа нь хэт өрөөсгөл гэдгийг онцолсон. Эдийн засаг болоод улсын хөгжлийг түүчээлэх олон шинэ зүйлийг эхлүүлдэг ч төрийн залгамж халаа алдагдсанаас улбаалан үр дүнгүй шийдвэр болж хувирдаг. Тиймээс залгамж халаа, төрийн тогтвортой бодлого аливаа улсын хөгжлийг хаана хүрэх вэ гэдгийг тодорхойлно хэмээн эдийн засагчид сануулж байна. Олон нийт, уул уурхайн салбарынхан, улс төрийн шийдвэр гаргах төвшнийг хамруулж, салбарын зохицуулалт гаргах, Засгийн газрын төвшинд уул уурхайн үндэсний хөтөлбөр боловсруулж эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг улс төр, сонгуулийн мөчлөг дамнасан тогтвортой стратеги боловсруулах шаардлагатай байгааг хурал оролцогчид санал нэгтэй дэмжлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин