Э.СОЛОНГО

 Сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн талаар Эрчим хүчний сайд асан, Монголын эрчим хүчний хөгжлийн ассоциацийн тэргүүн Б.Жигжидтэй ярилцлаа.

-Манайд сэргээгдэх эрчим хүч хэр эрчимтэй хөгжиж байна вэ. Төрөөс энэ салбарыг хөгжүүлэхэд хэрхэн дэмжиж байна?

-Байгальд ээлтэй эр­чим хүчний технологийг дэлхий нийтээрээ дэм­жиж байна. Сэргээгдэх эрчим хүч дэлхийн орнуудын хөгжлийн гол чиг болсон. Манайд сэргээгдэх эрчим хүчийг хурдтай хөгжүүлэх зайлш­гүй шаардлага байна. Хот хөдөөгүй тоос, утаа ихэсч байгаа энэ үед бай­гальд ээлтэй эрчим хүч нэн чухал. Манайх сэр­гээгдэх эрчим хүчний нөө­цөөрөө дэлхийд тэргүүлэх орнуудын тоонд багтдаг. Нэн ялангуяа нарны эр­чим хүч үйлдвэрлэх боломж бусад орноос 15-17 хувиар илүү байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын газар нутагт тусах нарны тусгал тунгалаг, хэт халуун биш. Хэт халуун нарны тусгал эрчим хүчийг бууруулдаг. Нөгөө боломж нь асар уудам тал нутгаа сэргээгдэх эрчим хүчид ашиглах. Говийн тэр их талд олон тооны нарны эрчим хүч үйлдвэрлэх боломж байгаа юм. Тухайлбал, 2-5 ам метр дөрвөлжин газарт 1000 мВт-ын хүчин чадалтай нарны эрчим хүч үйлдвэрлэж болох юм. Гэтэл өнөөдөр Монголын бүх эрчим хүчийг нийлүүлээд ч энэ 1000 мВт-д хүрэхгүй байгаа. Бид энэ боломжоо ашиглаж чадвал зөвхөн өөрийн орноо сэргээгдэх эрчим хүчээр хангаад зогсохгүй хөрш орнуудад экспортлох боломж байгаа юм. Төрөөс сэргээгдэх эрчим хүчний бүтээг­дэхүү­нийг төвлөрсөн эр­чим хүчний төвд худалдаж авах хөнгөлөлттэй нөхц­лийг бий болгох, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэм­жих бодлогыг баримталж байгаа.

-Манай сэргээгдэх эрчим хүч гадны орнуудад хэр эрэлттэй байх бол?

-Сэргээгдэх эрчим хүчээ дэлхийн зах зээлд гаргалаа гэхэд хэрэглэгч орон мундахгүй.   Тухайл­бал, урд хөрш дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч. Цаашлаад Япон, Солонгост бүтээг­дэхүүнээ нийлүүлэх боломж байна. Эдгээр орнууд манай сэргээгдэх эрчим хүчний нөөцийг сонирхож байгаа.  

-Монгол Улс сэргээг­дэх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх орнуудын тоонд ордог атал яагаад тэдний хөгжилтэй эн зэрэгцэхгүй байгаа юм?

-Үүнд хэд хэдэн шалтгаан байгаа. Гол асуудал нь хөрөнгө мөнгөний эх үүсвэр байсан. Харин сүүлийн жилүүдэд төрөөс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх талаар бодлогын төвшинд ярьж байна. Манайх сэргээгдэх эрчим хүч гэхээс илүү цахилгаан дулааныг хослон үйлдвэрлэх замаар олон жил явсан. Энэ бол яалт ч үгүй хүйтэн орны арга барил. Харин одоо уул уурхайн энэ их эрэлтээ ашиглаж сэргээгдэх эрчим хүчид хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх хэрэгтэй байгаа юм. Харамсалтай нь хугацаа алдаад байна.

-Салхины эрчим хүчний нөөц хэр байна. Манайд салхин паркийг ашиглах нь хэр тохиромжтой вэ?

-Төв аймгийн Сэр­гэлэн суман дахь Салхит ууланд барьж буй 50 мВт-ын салхины эрчим хүчний паркийг ирэх сард  ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компани нь /”Ньюком” групп/ажил­лаж байна. Ингэснээр  манай эрчим хүчний системд 50 мВт-ын хүчин чадал нэмэгдэнэ. Үүнийг дагаад төвийн эрчим хүчний системд байгаа бүх хэрэглэгч салхины эрчим хүч хэрэглэх боломж нээгдэж байгаа юм. Энэ парк ашиглалтад орсноор хоёр сая тонн цэвэр ус хэмнэж, 200 мянган тонн түүхий нүүрс шатаахгүй байх боломжтой болно.

-Сэргээгдэх эрчим хүчид төрөөс өнгөрсөн жил хэдэн төгрөг төсөвлөсөн юм?

-Шинэ Засгийн газар эрчим хүчний үйлдвэрийг нэмэх талаар анхаарч ажиллах тухай мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Мөн энэ салбарыг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин бүрдсэн. Энэ салбарт гадныхны хөрөнгө оруулалтыг татах талаар анхаарч ажиллаж байна.

-Манайд цөөн тооны усан цахилгаан станц байдаг. Хэр ашигтай ажиллаж байна?

-Хүмүүс усан цахилгаан станц цэвэр усны нөөцөд сөргөөр нөлөөлдөг гэж боддог. Энэ ташаа ойлголт. Цэвэр шанагаар ус хутгахад ус бохирддоггүйтэй адил цэвэр усанд нөлөөлөхгүй хүрдээр эргүүлдэг. Харин усан цахилгаан станцаас болж загас жараахай сэлэх, шумбах орчин хязгаарлагдаж байсан бол сүлийн үед загас жараахай гүйдэг сувгийг суулгаж өгч байна. Усан цахилгаан станцын орчимд агаар чийгшиж, тоос багасдаг. Чийглэг агаартай орчин өвс ургамлын гарц сайжрах давуу талтай. Мөн үерийн усыг усан цахилгаан станц өөртөө хуримтлуулж авдаг. Ингэснээр үер усны аюулаас эргэн тойрноо хамгаалахад тустай.

-Одоогоор манайд хаана нар, салхины эрчим хүч үйлдвэрлэж байна. Цаашид аль хэсэгт энэ төрлийн парк барихаар төлөвлөж байна?

-Төв аймгийн Салхи­тын парк томоохонд тоо­цогдоно. Мөн Өмнөговь, Говь-Алтайд нарны эрчим хүч үйлдвэрлэж байна. Сэргээгдэх эрчим хүчний салбарт хийх дараагийн ажил Монголын говьд байгаа нөөцийг ашиглах. Говьд байгаа сэргээгдэх эрчим хүчний нөөц Япон улсын хэрэглээнээс найм дахин их гэсэн тооцоо судалгаа бий.

-Сэргээгдэх эрчим хүч байгаль орчинд ээлтэйгээс гадна эдийн засагт дэвшил авчирна гэх юм?

-Манай улс говьд байгаа сэргээгдэх эрчим хүчний нөөцийн дөнгөж 10-20 хувийг ашиглалаа гэхэд  эдийн засагт асар ихээр нөлөөлнө. Шинэ технологи нэвтэрснээр түүнийг дагасан үйлдвэр­лэл хөгжинө. Үүн дээр суурилсан олон мянган ажлын байр шинээр бий болно. Зөвхөн уул уурхай, нүүрсэнд тулгуурлаж өсч байгаа эдийн засаг байгальд ээлтэй технологийг дагаж өсөх боломж бий. Өнөөгийн нийгэмд ногоон эдийн засгийг чухалчил­даг болсон. Ногоон эдийн засгийн нэг нь сэргээгдэх эрчим хүч шүү дээ.

-Удахгүй Зүүн хойд Азийн орнуудын сэр­гээг­дэх эрчим хүчний талаарх олон улсын хурал манай улсад болох юм байна. Энэ талаар тодруулаач?

-Ирэх сард манайд Зүүн хойд Азийн орнуудын сэргээгдэх эрчим хүчний олон улсын бага хурал болно. Энэ хурлыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр гадны төлөөллүүд Монголын говьд нарны цахилгаан станц барих талаар саналаа солилцох юм. Нарны эрчим хүчийг хэрхэн бүрэн ашиглах талаар хэлэлцэнэ. Мөн энэ салбарт хамтарч ажил­лах хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулна.