Эдийн засагч, Сангийн сайд, Элчин сайд асан Далрайн ДАВААСАМБУУ
“Кристийн ардчилсан холбоо” намын дарга, Германы Канцлер Ангела Меркел, “Кристийн нийгмийн холбоо” намын дарга Хорст Зеехопер, Социал демократ намын дарга Мартин Шульц нар эвслийн Засгийн газар байгуулах шийдвэрт хүрснээ энэ сарын эхээр зарлалаа. Үүнийг “Их эвсэл” гэж нэрлэх нь бий. Герман улсын төр, засгийг ээлжлэн барьж ирсэн баруун, зүүний хөгжлийн баримжаа, загвараараа сонгуульд өрсөлддөг хоёр том нам сүүлийн үеийн түүхэндээ гурав дахь удаагаа төр, засгаа хамтран барих болж буй ажээ. Гэхдээ нийгэм, намын гишүүд, дэмжигчид хэрхэн хүлээж авах асуудал гарч байна. Иргэдийн дунд явуулсан санал асуулгаар 52 хувь нь эвслийн Засгийн газар байх нь зүйтэй гэжээ. Социал демократ намын 464 мянган гишүүн (82.7сая хүнтэй орны хувьд даруухан тоо) ирэх сарын 4-нд албан ёсоор эвслийн Засгийн газрыг дэмжих эсэхээ шийдэх юм байна. Эвслийн Засгийн газрын тохиролцоог хийсэн Мартин Шульц Социал демократ намын даргын ажлаа албан ёсоор өгч, Гадаад хэргийн сайдад нэр дэвшихээр байсан ч намын доторх шахалт, шүүмжлэлийг хүлээн авч, Засгийн газарт ажиллах боломжгүй гэдгээ зөвшилцөлд хүрснийхээ дараах тав дахь хоногт мэдэгджээ. Түүний энэ үйлдэл юунд хүргэх нь тодорхойгүй ч зарим судлаачийн хэлснээр “Их эвслийг” авч үлдэхэд тустай аж. Хамгийн гол нь хоёр намын хөтөлбөрийг хэн илүүтэй хэрэгжүүлж чадах нь зохих албыг хаших ёстой гэнэ. Хөтөлбөрийн агуулга бидэнд илүү сонин байв.
Эвслийн Засгийн газар байгуулах шийдвэрт хүрэхийн тулд хоёр нам бүтэн хоёр сар гаруй хугацаанд ирээдүйн Засгийн газрын бодлого, чиглэл, хөтөлбөрийг хэлэлцэж тохирлцсон байна. Учир мэдэх хүний хэлснээр 200-гаад хуудас бүхий хөтөлбөр гарсан ажээ. Дашрамд тэмдэглэхэд Германд ээлжлэн төр барьж, харилцан сөрөг хүчин болж ирсэн, сонгуулиар хамгийн олон суудал авдаг намууд эвсэж буй явдал юм. Өдгөө төр барьж буй Кристийн ардчилсан холбоо нам өнгөрсөн оны есдүгээр сард болсон сонгуулиар хамгийн олон суудал авсан ч тогвортой ажиллах хэмжээнд шаардагдах суудал аваагүй болохоор парламентын бусад намтай сүүлийн дөрвөн сар гаруй хугацаанд хэлэлцээ явуулж буй. Германы өнөөгийн Канцлер Ангела Меркелийн удирддаг нам нь хамгийн олон суудал авч Засгийн газар бүрдүүлэх эрх авсан болохоор Засгийн газар нь энэ хугацаанд хэвийн ажиллаж, цаашдаа илүү тогтвортой, төр, засгийн ажлын талаар хамгийн туршлагатай намын шилдэг боловсон хүчнээс бүрдэх байх гэсэн нийгмийн хүлээлтэд илүү хариуцлагатай хандаж буй тухай ярьцгааж байна. Өнөө цагт дэлхийн хамгийн хүчтэй лидерүүдийн нэг Канцлер хатагтай Ангела Меркелийн удирддаг Кристийн ардчилсан холбоо намаас Конрад Аденауер, Хелмут Кол, Германы социал демократ намаас Фриедрик Еберт, Вилли Брандт гэсэн дэлхийн хэмжээний төрийн зүтгэлтнүүд нь үлгэр болдог хоёр нам туйлын хариуцлагатай хандаж таараа.
Тэдний удирдамжаас Ройтерс агентлагийн мэдээлсэн дараах зүйлийг товчоолон хүргэж байна.
Эдийн засаг
vБоловсрол, судалгаа, тоон технологи (digitalization)-д 2021 он гэхэд 5.96 тэрбум еврогийн хөрөнгө оруулах.
vГэр бүл, хүүхэд, асрамжийн төвүүд болон хүүхдийн тэтгэлэг зэрэг нийгмийн арга хэмжээг эрчимжүүлэхэд 12 тэрбум еврогийн хөрөнгө зарцуулах.
vНийгмийн шинжтэй орон сууц барих болон хувийн орон сууцыг дэмжихэд зориулсан татварын хөнгөлөлт үзүүлэхэд дөрвөн тэрбум евро зарцуулах.
vШинээр өр үүсгэхгүйгээр төсвийг алдагдалгүй байлгах зорилгыг хатуу сахих.
v Бүс нутгуудыг2025 он гэхэд хурдтай интернэттэй болгох. Нийтийн хөрөнгө оруулалтын санд 12 хүртэл тэрбум евро нэмэх хэрэгтэй болно.
vЕвропын холбооноос Британи гарах болсонтой холбогдуулан Германыг санхүүгийн институциүдэд тааламжтай болгох. Өөрөөр хэлбэл, Лондонгийн санхүүгийн байгууллагуудыг Герман руу татах сонирхлыг нэмэгдүүлэх юм байна.
v Интернэтийн боловсронгуй сүлжээний (blockchain) стратеги гаргаж, крипто-мөнгө болон тоон жетон тэмдэгтүүдийг интернэт ашиглан Европын болон улсын хэмжээнд худалдаалах эрх зүйн үндэс тавих чиглэлээр ажиллах.
Нийгмийн салбарт
vТүр гэрээг зүй бусаар ашиглахыг хязгаарлаж, 75-аас дээш ажиллагсадтай компаниуд дээд тал нь ажиллах хүчнийхээ 2.5 хувиас илүүгүйгээр түр хугацаагаар ажилчин авч ажиллуулах.
v Оюутны тэтгэлгийн санг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлд дадлагачдын зээлийг өсгөх.
vДадлагачдын цалингийн доод хэмжээг өсгөх.
Татвар
v Ядуу зүүн мужуудыг дэмжих зорилгоор 1990 оны нэгдлийн дараа нэвтрүүлсэн сайн санааны татварыг аажмаар үгүй болгох. Үүний үр дүнд 10 тэрбум евро буюу 12 тэрбум ам.долларын татварын хэмнэлт гарах юм.
Европ
vЭдийн засгийн тогтворжуулалтад зориулан төсвийн тусгайлсан сангууд байгуулах, еврогийн бүс дэх нийгмийн амьдралыг ойртуулах болон бүтцийн өөрчлөлтийг дэмжих. Энэ сангуудыг еврогийн бүс дэх ирээдүйн хөрөнгө оруулалтын төсвийг суурь болгох боломж гэж үзнэ.
vЕврог глобал хямралыг илүүтэй давах чадвартай болгох үүднээс Францтай ойр дотно нөхөрлөж, евро бүсийн шинэчлэлийг эрчимжүүлж, хүчтэй болгох.
v Европын тогтворжилтын механизм нэртэй евро бүсийн батлан даалтын санг Европын холбооны хуулиар зохицуулагддаг парламентын хяналтын дор байх Европын валютын сан болгон хувиргах.
vЕвропын парламентыг хүчтэй болгож, Европын холбооны санхүүг бэхжүүлэх, Герман Европын холбооны төсөвт илүү мөнгө оруулах бэлтгэлтэй байх.
v Европ дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх.
v Том компаниудын хувьд татварын шударга явдлыг эрхэмлэж, ялангуяа, Google, Apple, Facebook, Amazon гэсэн интернэтийн компани хамарна. Компаниуд татварын нөхцлийн хувьд Европын холбооны орнуудын хооронд тоглолт хийх явдлыг цаашид гаргуулахгүй бөгөөд татварын хувьд дэмпинг хийхийг хориглоно.
vСанхүүгийн гүйлгээнд татвар ногдуулах чиглэлээр ажиллана.
vЗохиомол/интернэтийн/ оюун ухаан/artificial intelligence/ зэрэг судалгааны төслийн талаарх Франко-Германы хамтын ажиллагааг эрчимжүүлэх.
v Польштой илүү хамтран ажиллахыг эрэлхийлж, залуучуудын уулзалт болон залуусын холбоо сүлжээг оролцуулан хоёр орны нийгмийн бүх давхаргыг хамарсан яриа хэлэлцээг эрчимжүүлэх.
Тэтгэвэр
v Тэтгэврийг 2025 он гэхэд дундаж цалингийн 48 хувьд тогтворжуулах, тэтгэврийн шимтгэлийг нийт цалингийн 20 хувиас илүү гаргахгүй байх.
vӨндөр настангуудын доторх ядуучуудыг анхааралдаа авч, тэтгэврийн хамгийн доод төвшинг нэмэгдүүлэх.
Эрүүл мэнд
v Ажил олгогч болон ажиллагсад ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс адил хэмжээний шимтгэлийг эрүүл мэндийн даатгалд төлнө.
v Хувийн болон нийтийн эмнэлэгт хамрагчдын хувьд хамтын шимтгэлийн тогтолцоо тохирч буй эсэхийг шинжлэх комисс байгуулж ажиллуулах.
Зэвсгийн экспорт
v Зэвсгийн экспортыг цаашид багасгаж, энэ талаарх экспортын зааварчилгааг энэ ондоо багтаан чангатгах чиглэлээр боловсруулж гаргана. Европын Холбоо эсвэл НАТО-гийн гишүүн бус буюу үүнтэй адилтгах статустай орнуудад буу болон жижиг хэмжээний зэвсэг худалдахыг хориглоно.
vЕйменийн мөргөлдөөнд шууд оролцож буй орнуудад зэвсэг худалдахыг нэн даруй зогсоож, ийм байр суурь баримталж, Европын хамтарсан төслүүдэд оролцож, хамтран ажиллана.
vЕвропын зэвсгийн экспортын хамтын бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах.
Гадаад харилцаа/цэргийн бодлого
v Засгийн газрын нэмэгдэл хэмнэлтийг эхний ээлжинд батлан хамгаалах, хөгжил болон хямралаас сэргийлэхэд зарцуулах ба ингэхдээ цэргийн ба цэргийн бус төслүүдэд тэнцүү хуваарилах зарчмыг баримтална.
v Герман болон Европын байр суурийг илүүтэй үзэгдэхүйц хэмжээнд байлгах чиглэлээр АНУ-ын Холбооны Засгийн газар, Конгресс, Америкийн мужууд, америкийн олон нийттэй харилцаж, хэлэлцүүлгийг эрчимтэй явуулах.
v Европын гадаад бодлогыг цэргийн төслүүдийн зохицуулалт хийдэг PESCO хэлбэрийн бүтэцтэй болгох.
v Туркийн Европын холбооны гишүүн болох хэлэлцээний аливаа боломжийг хаахгүй, түүнчлэн шинэ гишүүн элсэхэд нээлттэй байх.
vУкрайны сөргөлдөөнийг шийдэх хүчин чармайлтыг Герман, Франц хоёр үргэлжлүүлнэ. Украйн дахь тэмцлийг эцэс болгоход чиглэсэн Минскийн хэлэлцээрийн нөхцлийг Орос улс хэрэгжүүлбэл түүний эсрэг хоригийг зөөллөх бэлтгэл хангасан.
v Баруун Балканы бүх орон нь Европын холбоонд нэгдэх боломжтой. Үүний тулд тэд зохион байгуулалттай гэмт хэрэг болон авлигатай тэмцэх талаар шинэчлэл хийж, хуулийн засаглал тогтоох хэрэгтэй.
v НАТО-д Европын оруулах хувь хэмжээг нэмэгдүүлэх зорилгыг мөрдөж, Европын Холбоо, НАТО-гийн хамтын ажиллагааг бэхжүүлэх.
v НАТО-гийн чадавхийн талаар тохирсон зорилтод хүрч, чадавхийн хоцрогдлыг арилгах. ДНБ-ий хоёр хувийг НАТО-д зориулан зарцуулах зорилтыг мэдээлэх шаардлагагүй ажээ.
Хүрээлэн буй орчин/Цаг уур
v 2020, 2030, 2050 он хүртэлх цаг уурын талаар Германы тавьсан өнөөгийн зорилтыг хүлээн зөвшөөрч, 2020 онд хүрэх зорилтыг хангах арга хэмжээг аль болох түргэн авч, 2030 оны цаг уурын зорилтыг цаг хугацаанд нь биелүүлэх, эдгээрийг баталгаажуулах хуулийг батлах.
v Нүүрс ашигладаг эрчим хүчний үйлдвэрлэлийг аажмаар багасгах хөтөлбөр гаргах.
v Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээс дэс дараатайгаар татгалзах төлөвлөгөөг үргэлжлүүлэх.
Шилжин суурьшилт
v Дүрвэгсдийн урсгал нэмэгдсэн 2015 оны явдлыг дахин гаргахгүйн тулд Герман болон Европ руу шилжин суугчдын асуудлыг зөв чиглүүлж, хязгаарлах.
vЖилд ирэх шилжин суурьшигчдыг (ажиллахаар ирэгсдийг оролцуулахгүйгээр) 180.000-200.000-аас илүүгүй байхаар тооцох.
v Өдгөө Германд дүрвэгчийн статус аваагүй түр амьдарч буй гэр бүлийн гишүүдтэй уулзахаар ирэгсдийн тоог сард 1000 хүнээр хязгаарлах.
vЗохих журмын дагуу Германд ирэх мэргэжилтэй ажилчин ирүүлэх явдлыг илүү тааламжтай болгох.
vШилжин суурьшигчдыг Германд нийгэмшүүлэх боломжийг нэмэгдүүлж, тэднийг нийгмийн амьдралд гүнзгий орохыг урамшуулах.
Хөдөө аж ахуй
vУргамал эсвэл малын генийг патентлахыг хориглоно.
vМалын эсийг хүнсний бүтээгдэхүүнд зориулан үржүүлэхээс татгалзах.
v Ургамал хамгаалах агентуудын глифосатийн ашиглалтыг болиулах үүднээс хогийн ургамал устгагч ийм төрлийн бодисын ашиглалтыг хязгаарлах ажлыг тогтмол эрчимтэй явуулна.
Израйль/Еврейн амьдрал/Палестинчууд
v Антисемитизмтэй тэмцэх болон Герман дахь жүүдүүдийн амьдралыг дэмжих шинэ комиссарын албан тушаал бий болгоно.
vИзрайлийн суурьшлын өнөөгийн бодлогыг авч үзэхэд тэрээр одоо мөрдөгдөж олон улсын хууль тогтоомжтой зөрчилдөж, тэнд хоёр улс зэрэгцэн орших шийдлийг хүндрүүлж буй тул Германы дэмжлэгийг авч чадахгүй байна.
vНҮБ-ын Палестиний дүрвэгсдийн хөнгөлөлт ба Ажлын агентлагийн шинэчлэл болон хүрэлцэхүйц хэмжээний тогтвортой санхүүжилтээр хангах Европын холбооны санаачилгыг эхлүүлнэ.
Дэлхийн тэргүүлэх Герман орны бодлогын багахан товчоон бид бүхний нийтийн боловсрол, бодлого боловсруулагчид, улстөрчид, практик ажилтнуудад санаа сэдэл өгөх болтугай.