Ц.МЯГМАРБАЯР

 Сангийн яам Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн гурав дахь шатны үнэлгээг Монгол Улсын Засгийн газар, ОУВС-гийн Ажлын хэсэг хэлэлцэн гаргасан байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб нар уг хэлэлцээрийн үр дүнг өчигдөр хэвлэлийнхэнд танилцуулав. Эдийн Засгийн нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын үр дүнд эдийн засаг энэ онд тав, ирэх жил 6.3 орчим хувиар өсөх төлөвтэй байна гэлээ. Эдийн засаг, төсвийн үзүүлэлтүүд ийн сайжирсан тул Засгийн газар ОУВС-тай тохирсон зарим арга хэмжээг эргэн харж ярилцах шаардлагатай хэмээн үзсэн байна. Цаашид ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болсноо Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллийн эхэнд тодотгов. Ингэснээр өнгөрсөн оны тавдугаар сард баталсан гурван жилийн хугацаатай Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн гурав дахь үнэлгээгээр нийт  434.3 сая ам.долларын зээл олгохоор болжээ.

 Ч.ХүрэлбаатарОУВС-ГИЙН ХӨТӨЛБӨР ҮР ДҮНГЭЭ ӨГЧ ЭДИЙН ЗАСАГТ ГЭРЭЛ АСЛАА

 “ОУВС-гийн өргөтгөсөн санхүү­жилтын хөтөлбөр хэрэгжсэн өнгөрсөн арван сарын хугацаанд Монгол Улсын эдийн засагт нэлээд нааштай өөрчлөлтүүд гарлаа. Валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрсэн. Өнгөрсөн онд Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Эдийн засгийн бодлогыг зөв, тууштай явуулбал богино хугацаанд сэргэж болдгийг харууллаа. Экспорт өсч төсвийн орлого 660 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Ингэснээр төсвийн алдагдал буурч, төрийн сангийн үлдэгдэл 405 тэрбум төгрөгт хүрсэн. ОУВС-тай хамтарсан хөтөлбөр энэ удаа үр дүнтэй байгаа учраас цаашид хамтарч ажиллахаар болж байна. Одоо эдийн засагт бий болсон эерэг үзүүлэлтээ хадгалах, цаашид өсгөхийн тулд ОУВС-тай хамтарч ажиллах шаардлагатай. Шинэ Засгийн газраас дотооддоо бонд гаргахгүй байх бодлого баримталснаар арилжааны банкуудад 1.2 их наяд төгрөгийн богино хугацаатай бондын эргэн төлөлтийг хийж, 120 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан. ОУВС-гийн хөтөлбөрийн нөлөөгөөр Монголын эдийн засагт гэрэл аслаа.

ОУВС-тай гурван асуудлаар харилцан тохиролцоонд хүрсэн. Тухайлбал, ХАОАТ-ын нэмэгдлийг хэвээр үлдээсэн. Шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Тэтгэвэрт гарах насыг хуучнаар нь мөрдөхөөр боллоо. Түүнчлэн төрийн албан хаагчийн цалинг энэ оны сүүлийн улирлаас нэмэхээр тохиролцсон. Эдгээр асуудлыг шуурхай шийдвэрлэж холбогдох хуулийн өөрчлөлтүүдийг УИХ-аар батлууллаа.

 ОУВС-гийн Ажлын хэсгийн ахлагч Жефф Готлеб:ЭРХ БАРИГЧИД ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАХ НӨӨЦӨӨ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

 “Монгол Улсын экспортлож буй гол түүхий эдийн эрэлт нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаатай холбоотойгоор эдийн засаг өсч байна. Макро эдийн засгийн гол зорилтот үзүүлэлт болох төсвийн алдагдал, гадаад валютын нөөцийг их хэмжээгээр давуулан биелүүллээ. Гэхдээ түүхий эдийн эрэлт цаашид буурч болзошгүй, газрын тосны үнэ өсч байгаа нь эрсдэл болж байна. Иймд эрх баригчид эрсдэлээс хамгаалах хөрөнгийн нөөцөө үргэлжлүүлэн бүрдүүлэх хэрэгтэй. Мөн эдийн засгийн өсөлтийг тогтвортой төвшинд байлгах шаардлагатай. Тиймээс бүтцийн шинэчлэлийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлага байна. Банкуудад хийсэн активын чанарын үнэлгээний тайлангаас харвал банкны системийг бэхжүүлэх, татварын тогтолцоог боловсронгуй болгох, төсвийн хяналтыг сайжруулах асуудалд ойрын хугацаанд анхаарлаа хандуулах шаардлагатай. ОУВС-гийн ажлын хэсэг эрх баригчидтай Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн гурав дахь үнэлгээг дүгнэж Активын чанарын цогц үнэлгээний үр дүнг банк тус бүрт танилцуулсан. Удахгүй Монголбанк танилцуулах болов уу гэж байлаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин