Ч.Зотол
МЧЗ-ийн холбооны гишүүн, яруу найрагч С.Оюунчимэгийн “Ширээний ном”-ыг сонирхлоо. Түүний ширээн дээр На.Батболдын “ Хаалганы цаадах намар”, Ю.Пүрэвийн “Мэргэн шовгор “, Хутагт Нагаржунайн “ Ардын тэжээхүй рашааны дусал”, Ж.Болдбаатарын саяхан хэвлүүлсэн “Билиг оюуны ойллого”, До.Цэнджавын “Мянган цэн үг”, Д.Батбаярын “ Саахалтын нууранд ангир дуугарна” Бернхард Шлинкийн “ Уншигч” зэрэг номууд өрөөстэй байна.
Тэрээр ямар сэдвээр юу хийх гэж байгаагаас шалтгаалж унших номоо сонгодог. Одоогоор 6-10 насны багачуудын унших номын түүвэр хийхэд оролцож байна гэв. Асуудлыг ямар өнцгөөс нь өгүүлбэл хүүхэд номонд дуртай болох бол. Яаж өгүүлбэл номондоо түүртэхгүй уншиж дуусгах бол. Яагаад энэ ном энэ насны хүүхдүүдэд зайлшгүй үнэт зүйл болж өгүүлж чадах агуулгыг, бичиглэлийг, монгол сэтгэхүйг шингээж чадах бол гэсэн шалгуураар ажиллаж байгаа аж. Түүний хувьд “ Цуутын цагаагч гүү” үлгэрийн номыг ухаарч уншихын ухаан гэсэн танилцуулга бэлдэх зуур “Ном хүнд бүх дэлхийг таниулдаг. Номоос ертөнцийн гоо сайхан, итгэл бишрэл мөн, харгислал, ядуурал, тэвчээр гээд юу л олж үзье гэсэн түүнийгээ олж уншиж, өөртөө хэрэгтэйг эрдэнэс мэт уураг тархиндаа, ухаан бодолтой шингээвээс сая хэргээ өгнө. Багадаа уншсан номоо эргээд уншихад хуучин танилуудтайгаа уулзсан мэт сэтгэгдэл төрүүлдэг.Залууст маань ном сайн засуулчийн дайны нөхөр болно доо. Эхлээд асуухаасаа өмнө олоод унш. Бүх дэлхийн сонин сайхан, шинжлэх ухааны нарийвчилсан судлагаа, хамгийн наад зах нь аймаг орон нутгийнхаа сонин содон байгаль, хүн зоны амьдрал хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг ухаарч, түүний хэрээр өөр өөр шинэ соргог судлагаа, хийх тэмүүлэл, эрмэлзэлд ном хөтөч болно. Уншснаа тогтоох ухаан бол мөн л мэдлэгээ гүнзгийрүүлэх чадвар юм. Нэг л юмыг маш сайн хийж сурвал бусдыг ч мөн л тэгж сайн хийнэ. Эхлээд л, эхлээд л дуусгалгүй орхидог гэм залуу насанд байх. Философи утга нь юу билээ гэж бодохгүйгээр хийсвэрлэн хандвал зүгээр л баахан мэдээллийн бөөгнөрөл шахуу. Иймд заавал гүнзгий ухаарч уншвал хэрэг болно гэх бодогдож байна” гэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин