Б.ТУУЛ

Монгол түмний их баяр “Цагаан сар” болоход цөөхөн хоног үлдээд байна. Жил бүр сар шинийн баярыг угтаад, нийслэлчүүдэд зориулсан цагаан идээний үзэсгэлэн худалдаа дүүрэг бүрт зохион байгуулагддаг билээ. Тэгвэл энэ удаа Архангай аймгийн 11 сумын 80 гаруй малчин өрхийн үйлдвэрлэсэн “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотноо, Тусгаар тогтнолын талбайд гарч байна. Энэхүү үзэсгэлэнгийн онцлог нь  сүү цагаан идээ, ааруул хурууд нь  малчдаас хэрэглэгчдийн гарт шууд хүрч байгаагаараа онцлог юм. Үзэсгэлэн худалдааг Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Архангай аймгийн ЗДТГ,”Нэг Архангай” төрийн бус байгууллага, Чингэлтэй дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих “Бизнес инкубатор төв”, Архангай аймгийн зарим сумын Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулж байгаа аж. Үзэсгэлэнд Архангай аймгийн нутгийн брэнд болсон бүтээгдэхүүнүүд тавигдаж, сар шинийн баяраар айл бүрийн тавгын идээг чимдэг ааруул хурууд, ээзгий, өрөм, зөөхий, айраг, хэвлэсэн болон чипсэн ааруул, цагаан тос, цагаан идээний багцын худалдаа нийслэлийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр хүрч байна.  Сум бүрээс ирсэн ааруул  ээзгий, тос, сүү, өрөм, зөөхий зэргийг 10 мянган төгрөгөөс дээш үнэтэй худалдаалж байна. Тухайлбал,  чихэртэй хорхой ааруул 14-17 мянга, чихэргүй ааруул 10-12 мянга, сүүн хурууд 20 мянга, иж бүрэн тавгийн ааруул 130-210 мянга, бурхны тавгийн ааруул 30 мянга, шар тос 10 мянга, сарлагийн өрөм 10-16 мянга, сарлагийн сүү 2500-3000 төгрөгийн үнэтэй байна.

 Архангай аймгийн Их тамир сумын сүүн хуруудыг үнээний ээдсэн сүүгээр хийдэг юм байна.  Сүүн хурууд нь идээний доторх хамгийн өл шимтэй идээнд ордог бөгөөд  70 грамм сүүн хурууд нь 400 грамм гурилтай тэнцэх хэмжээний илчлэгтэй гэдгийг худалдаачид хэлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин