Ө.РАГЧААСҮРЭН
Эртний Грекийн хоёр суут гүн ухаантан багш, шавь хоёр ирж явна. Цагаан сахалтай ахмад нь Платон. Хууз сахалтай залуу нь шавь Аристотель. Багш Платон нь Сократын шавь билээ. Платон долоовор хургуугаараа тэнгэр рүү зааж, Аристотель гарын алгаа газар руу чиглүүлжээ. Энэ хоёр дохио ямар учиртай вэ.
Платоны царайг хэнээр төлөөлүүлж зурсан бэ. Хариултаа бэлдээрэй уншигчид аа. Италийн нийслэл Ром хотын төвд оршдог хот улс Ватиканы пап ламын ордны хананд 1509-1511 онд зурж бүтээсэн “Афины сургууль” гэдэг алдарт туурганы зургийг бид үзэж байна. Үүнийг Италийн сэргэн мандалтын аугаа их зураач Рафаэль Санти бүтээсэн. Энэ зураг нь Рафаэлийн төдийгүй Сэргэн мандалтын дээд шилмэл бүтээл юм. Зураач бүтээлдээ, хүн төрөлхтний оршин тогтнохын дөрвөн гол үндсийг дүрсэлсэн. Энэ нь оюун ухаан, зан суртахуун, гоо сайхан, шударга ёс юм. Платон, Аристотель нь эртний гүн ухааны хоёр гол онолч. Тэр хоёрын гарын дохио нь үзэл баримтлал зөрөөтэй эсрэг тэсрэг гэдгийг харуулдаг. Платон тэнгэр рүү заасан нь түүний онолын хийсвэр сэтгэлгээг илэрхийлж, Аристотель гараа газар руу чиглүүлэн бодит байдлыг эрхэмлэжээ. Платоныг царайг Леонарда Да Винчийнхээр зурсан юм..
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин