Б.ГАНТИГ
Хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хурдтай хөгжил сүүлийн 20 жил бидний ертөнцийг өөрчиллөө. 1996 онд буюу одоогоос 22 жилийн өмнө анхны үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч компани байгуулагдаж бидний одоогийн байнгын хэрэглээ болсон гар утас гээчийг Монголд оруулж ирсэн. Энэ хугацаанд гар утасны хөгжил мөн олон хувьсал үзэж өдгөө бидний хэрэглэж заншсан Айфон, Самсунг брэндийн гар утаснууд амьдралын томоохон хэсэг болсон билээ. 1900-аад оны эхэн үед АНУ-д дунд сургуульд сурч байсан хүүхдүүдээс өнөөгийн дунд сургуульд сурч боловсорч байгаа хүүхдүүдийн авч байгаа мэдээллийн хэмжээ 100.000 дахин ихэссэн гэх статистик гарсан байна, энэ бол 100 хувь интернэтийн хүчин нөлөө. Интернэт орчин хэдийгээр дэлхий дахинаа амьдарч байгаа олон тэрбум хүмүүсийг холбож, мэдээ мэдээлэл тарааж, улс гүрэн болон хувь компаниудын үйл ажиллагааг сайжруулж, хүн төрөлхтний зохион бүтээсэн хамгийн хэрэгтэй, шилдэг инноваци гэж хэлж болно. Гэвч одоо хүртэл нэг дутагдал байсан, баталгаатай орчинг 100 хувь биелүүлж чадахгүй байсан. Тиймээс интернэтийг илүү мэдээлэл болон дата солилцох аргачлалаар илүү ашиглаж ирсэн. Харин Блокчэйн хэмээх энэ гайхалтай технологи нь интернэтийн энэ дутагдал талыг нөхөх боломжтой гэдгийг харуулж байна. Хүмүүс гайхаж магадгүй, Блокчэйн гэж юу вэ, энэ яадаг болохоороо интернэтийн дараачийн үе гэж нэрлэгдээд байгаа ямар хэрэглээтэй эд вэ гэж. Блокчэйн нь ерөөсөө л бүртгэлийн систем юм, тэр дундаа маш сайн баталгаатай бүртгэлийн систем. Энэ систем хэрхэн ажилладаг вэ гэхээр бид бүгдийн амьдралын нэгээхэн хэсэг нь бүртгэл дээр явагдаж байдаг, бид банк ашиглах, иргэний үнэмлэхээ ашиглах, гадаад руу пасспорттойгоо зугаалах, эмнэлэг сургууль, ямар нэгэн байгууллагаас үйлчилгээ авах, аль ч салбарын компанийн бүхий л үйл ажиллагаа, улс орны бүх ажил, гэх мэт хүн анх төрсөн өдрөөсөө эхлээд хэдэн минутанд төрсөн цаашлаад төрсний гэрчилгээ авч бүртгэл нь эхэлж байдаг. Тиймээс бидний энэ нийгмийн үндэс суурь бол бүртгэл, бүртгэлийн систем юм. Гэрээ хэлэлцээр хийх, хөдөө малчин хүн ч гэсэн малаа бүртгэж тоолж хянаж явдаг, энэ бүгд бидний амьдралын нэгээхэн хэсэг гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрөх байх. Блокчэйн технологи нь интернэтийн дэд бүтцийг ашиглан энэ чухал бүртгэл гээчийг интернэт ашиглан зардал багатайгаар хийж болно гэдгийг харуулсан юм. Блокчэйн технологи нь Биткойны үндсэн суурь мөн боловч ганц энэ зүйл дээр хязгаарлагдахгүй, түрүүн дурьдсан жишээ бүрт блокчэйн технологийг ашиглах боломжтой гэсэн үг. Тиймээс бид энэ технологийг ашиглан бидний өдөр тутамд тулгардаг, ажиллагаа ихтэй ажлыг бүрэн хөнгөвчлөх боломжтой гэсэн үг. Энэ бүртгэлийн систем маань хакердуулах боломж байхгүй, тийм учираас баталгаатай бүртэлийн систем гэж нэрлээд байгаа юм. Монгол Улсын иргэн бүр регистрийн дугаараараа блокчэйн дээр бүртгэгдэж улсын болон хувийн, нүдний болон шүдний бүх эмнэлгээр үйлчлүүлэхэд тухайн хүний эрүүл мэндийн болон хэрэгтэй бүх мэдээлэл нэг дор байгаад, эмч, сувилагч нарт хэрэгтэй гэх мэдээлэл тэр дотор байдаг бол хэр их ажлыг хөнгөвчлөх бол? Энэ мэтчилэн хэрэглэж болох жишээ байгаа, энэ бол дөнгөж эхлэл нь, бид маш сонирхолтой цаг үед амьдарч байгаа хүмүүс, тиймээс бид энэ насандаа дахин нэг том хувьсал үзэх азтай хүмүүс билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин