М.БААСАНДЭЛГЭР

Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай, Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Мөнхжаргал, Хөгжимт драмын театрын дарга Ж.Нямсүрэн, Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Г.Баярбат, “Ундарга” орон нутгийн компанийн захирал Б.Булганчимэг, Төрийн бус байгууллагын төлөөлөл Д.Батсайхан нар Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасангийн хууль бус үйлдлүүдийн талаар мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн 2016 оны сонгуулиар МАН Архангай аймагт олонх болж, Засгийн эрх барьснаар Ц.Мөнхнасан нь аймгийн Засаг даргаар томилогджээ. Тэр үеээсээ эхлэн төрийн албан хаагчдыг Ардчилсан намын үед ажиллаж байсан, шинээр томилогдсон гэх шалтгаанаар хомроглон халжээ. Өдий хүртэл 50 орчим албан хаагч эрх ашгаа хамгаалахын тулд шүүхийн хаалга татсан гэв.

Спортын төрөлжсөн сургалттай, Ерөнхий боловсролын сургуулийн захирал Д.Мөнхжаргал : Засаг дарга Ц.Мөнхнасангийн Төрийн албан хаагчдыг халж байгаа нь хууль бус, буруутай үйлдэл гэдэг нь шүүхээр тогтоогдоод, шийдвэр гүйцэтгэгдээгүй байхад дахин ажлаас нь халж, ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж, тохиролцож ажлаа өгөхийг шаардах үйлдлүүдийг удаа дараа гаргасан. Түүний хууль бус үйлдэл хэрээс хэтэрч байна” гэсэн юм.

Хөгжимт драмын театрын дарга Ж.Нямсүрэн: Би 1998 оноос хойш Архангай аймгийн Хөгжимт драмын театрт ажиллаж байна. 2016 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад ирэхэд ажлаас халагдах тушаал гарсан. Засаг дарга Ц.Мөнхнасантай яагаад халагдсан талаараа асуухад сонгон шалгаруулалтгүй томилогдсон, чиний эрх ашиг надад сонин биш, чиний ажлыг авч байгаа хүний эрх ашиг хөндөгдөөд байна гэсэн хариу өгсөн. Түүний дараа би захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж одоог хүртэл нийт нэг жил хоёр сар шүүхийн  хаалга татаж шүүх , цагдаагийн гадна хонож өнжиж байна. Давж заалдах шүүх, хяналтын шатны шүүх, ерөнхий шүүгчийн шийлдвэрээр “Засаг дарга Ц.Мөнхнасангийн буруу учраас намайг ажилд маань буцааж томилох шийдвэр 2016 оны зургадугаар сарын 7-нд гарсан. Гэсэн ч дахин миний ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарласан. Үүний цаана би болон, миний ард байгаа бүх хүний эрх ашиг хөндөгдөж байна” гэлээ.

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь эрх ашгийн зөрчилтэй, ард иргэдийнхээ төлөө хийсэн зүйлгүй. Энэ онд аймгуудын дунд өрсөлдөөний судалгаа явуулахад тус аймаг сүүлээсээ хоёрт орсон. Ард иргэдийн амьдрал өдөр ирэх тусам хүнд болж байгааг аймгийн төлөөллүүд хэллээ. Тэд холбогдох байгууллагын хүмүүст хандан арга хэмжээ авч өгөхгүй бол ирэх сарын гуравдугаар сарын 1-ны өдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn