М.БААСАНДЭЛГЭР

 Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллеж 52 дахь жилийнхээ босгон дээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Үнэт эдлэлийн дархан”-ы сургалтын шинэ танхимаа нээлээ. Нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  дэд сайд, Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн  Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга  С.Мөнгөнчимэг, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирал Б.Даваажав, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Дуппел, Швейцарийн Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны дэд захирал, I нарийн бичгийн дарга И.Дали нар оролцлоо.

Үнэт эдлэлийн дархны танхим ашиглалтад орсноор Монгол орны байгалийн үнэт баялаг нь эцсийн бүтээгдэхүүн болж дотоодын болон гадаадын зах зээлд гарах боломжийг нээж, Монголын түүхэн уламжлал дээр суурилсан Монгол дархны мэргэжлээс орчин үеийн урлагийн төрлийг хослуулсан мэргэжлийн боловсролын  сургалт явуулдаг анхны сургууль болж байгаа юм.

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирал Б.ДаваажавМанай коллеж 51 жил сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн боловсролын салбар сургуулиуд дундҮнэт эдлэлийн дархан”-ы мэргэжлээр сургалт явуулдаг газар байхгүй. Монголчууд эрт дээр үеэс уламжилж ирсэн өв соёлын нэг болсон энэ мэргэжил нь түүхэн өвийг хадгалж хамгаална. Монгол уламжлалд суурилсан дэлхийн хэв маягт тохирсон мэргэжлийн хэв маягийг шинээр гаргаж байгаадаа баяртай байнагэв. Энэ үеэр тус сургуулийн уран зураг, барималын ангийн суралцагсдын уран бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлсэн юм.

Энэ танхим нь гагнуурын, өнгөлгөөний, багажны гэсэн гурван хэсгээс бүрдсэн 170 орчим нэр төрлийн багажтай. Нийт 500 мянган  еврогийн тоног төхөөрөмж суурилуулсан байна. Хөтөлбөрийн дагуу  энэ сарын 29-нөөс 1.5 жилээр болон богино хугацааны  сургалт, дадлагын хичээлийг явуулах ажээ.

Эх сурвалж: “ Зууны мэдээ” сонин