Д.ЦЭРЭННАДМИД

Нэг. БЯЦХАН ТҮҮХ ХҮҮРНЭЕ

Тийм ээ. Манжуур гэж бидэнд тун ойрхон газар юм. Гэхдээ хилийн цаана нэг талдаа гадаадын хот. Даанч монголчууд тийш онгоцоор, машинаар олноороо зорчиж танил болчихоод байгаа. Хэн хүнгүй Манжуур яваад ирлээ л гэх. Наймаа арилжаа хийх гэж нэг хэсэг нь цувах болсон. Зарим нь харин энэ ер бусын хөгжилтэй хотыг үзэх гэж жуулчны журмаар очдог юм билээ. Арга ч үгүй юм. Энэ хотод үзэх харах юм тун их бололтой. Уг нь Хятадын л нэг хот. Харин дорнын биш өрнийн хийц бүхий барилга байшингаас нь эхлээд хаанахын юм гэж эндүүрэм дүр зураг нүднээ илхэн юм билээ. Ингээд Манжуурт байнга зорчигчдод биш тэнд очиж үзээгүй уншиг­чиддаа үзсэн харснаа дуулгая гэж бодлоо.

Хаа газар орон өөр, өөрийн түүхтэй. Тэрнийг нь хэн ч гэсэн хүндэтгэх учиртайсан. Энэ үүднээс Манжуурын түүхээс товчхон сонирхуулюу. Манжуурын түүх бүр эртнийх аж. Яагаад гэвэл одоогоос 30 мянган жилийн өмнө эртний олдвороос хойш хүн амьдарч байсан нь илэрсэн гэх. Жа Лай Нуо Ар гэдэг газрын Мөөгөн уулын ойролцоо хүмүүс чулуун багаж хэрэгслээр зэрлэг амьтан агнаж амьдарч хээр талын соёлд суралцаж байж гэж түүхэнд нь байдаг юм байна лээ. Үүнийг тодруулбал, 10 мянгаад жилийн өмнө Бээжин хүмүүс “Агуйн хүн” нэршилтэйгээр үүссэн. Бас энд байсан нэг төрлийн монголчуудыг “Жа Лай Нуо Ар” гэж байж. Энэ бол Хөлөн нуурын эргийн загас агнуур шавар шатаах, чулуугаар орон байр барих соёлынх нь нэр бололтой. Энэ нутгийнханд Номхон далайн хойд эрэг орчмын Японы болон Америкчуудын соёл, хөгжил нь ихээхэн нөлөөтэй байсан ч Хятад талынх илүү байсан гэх.

Манжуур хотын түүхийг яригчид Манж Чин улс асар их хүчирхэг байлаа. Тэр дотор Монгол орон бүхлээрээ багтсан байсан гээд энэ тухай танилцуулахдаа монголчууд та бүхний гол нутаг энэ гэх маягийн юм хэлдэг юм билээ. Тэгвэл манай улсын түүхэнд Монгол Улс Манжийн дарлалд 200 жил байсан гэж тэмдэглэгдсэн бий. Тийм бол өнөөгийн Манжуур хотын түүх ердөө 1901 оноос эхтэй юм. Мөн онд Хятад, Оросын алс дорнодыг холбосон Сибирийн салбар төмөр замыг ашиглалтад оруулсан тэр өдрөөс Манжуур хотыг барьсан түүх байна. Үүнээс өмнө Хулжин булагийг түшсэн жижигхэн суурин байж. Цөөн тооны манжууд бууриа сахиж байсан гэсэн үг юм. Тэгвэл тэнд хотоо барьж эхэлсэн нь 1900-гаад оны эхэн үе. Гэхдээ тэр үед баригдаж байсан барилгаас нь одоо нэг ч үлдээгүй гэнэ. Хамгийн гол барилга нь тэр Хулжин булаг байсан газарт боссон ч цэвдэгтэй газар байсан учир тэсээгүй нурж унасан юм билээ гэх. Засаг захиргааны хувьд 1901 оноос зөвхөн төмөр замын боомт л байсан үед Оросын хууль тэнд үйлчилж эхэлсэн бол 1931 онд япончууд Манжуурт довтолж эзэлсэн. Тэгээд 1945 оны наймдугаар сард Зөвлөлтийн улаан арми Манжуурыг харийнхнаас чөлөөлсөн байдаг. Түүний дараа 1950-иад онд Манжуурын засаг захиргаа Хөлөнбуйр мужид шилжиж. Тэгснээр 1985 оноос Манжуур мужийн төвшинг илэрхийлэх төв болсон бол 1992 оноос Орос-Хятадын хилийн боомт хот болж 2010 оноос олон улсын худалдааны том төв болж хөгжжээ.

Хоёр. “ШӨНӨ БОЛДОГГҮЙ” МАНЖУУР

Ойрмогхон Манжуурт томилолтоор очоод ирлээ л дээ. Зорилго маань тэнд болох олон улсын гоо бүсгүйчүүдийн уламжлалт тэмцээн, үлгэрийн юм шиг санагдах цас, мөсний баярыг нь сурвалжлах даалгавартай явсан юм. Өнөөгийн Манжуур хотын өнгө төрхийг хэлбэл ёстой л орчин үеийнх гэж болно байх. Уг нь Хятадынх ч европ хийцийн байгууламжтай хот юм билээ. Энэ тухай зургаас харахад тодорхой биз. Манжуур зөвхөн худалдааны боомт төдий биш аялал жуулчлал их хөгжсөн газар юм. Хотдоо 300 мянган байнгын оршин суугчтай. Тэдний өвөг дээдэс нь Манж, орос, хан үндэстэн гэх. Одоо бол хятад, орос цөөн тооны манж угсаатан амьдарч байна. Тийм их барилгажсан том хот атлаа цөөн хүн амтай юм шиг санагдах. Тэгвэл энд жилдээ таван сая жуулчин хүлээн авдаг юм билээ. Зуны цагт ёстой л түм түжигнэсэн хот байдаг гэнэ.

Гудамж талбай нь өнгөлөг, цэвэр. Шөнийн хот нь тэр чигээрээ өдөр шиг гэрэлтэй. Шөнө болдоггүй хот гэж ч болохоор аж. Монголоос очсон хэвлэлийнхэн биднийг Манжуур хотын Намын хорооны дэд дарга Чи Бай Жин, Гадаад харилцаа, хэвлэлийн тасгийн дарга Чу Пей Фэн, Манжуурын өдөр тутмын сонины ерөнхий редактор хатагтай Шу-Хунь Ми нар угтан авч хүндэтгэл үзүүлсэн юм. Маргааш нь Монголын тамирчид оролцох олон улсын цас, мөсний наадмын нээлт, БНХАУ, ОХУ, Монголын гоо бүсгүй шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээнийг сурвалжилсан.

Ес дэх удаагаа болж буй цас, мөсний наадмыг 2017 онд “Цас, мөсний гайхашиг-үзэсгэлэнт хил хот” гэсэн уриан дор зохион байгуулжээ. Хотын төв Намуг цэцэрлэгт хүрээлэнд баригдсан цас, мөсөн хотхон үлгэрийн юм шиг санагдуулам. Тэр чигээрээ барилга байшинтай өрсөлдүүлсэн мэт баригдсан цас, мөсөн байгууламж, тэнд олон зуун хүн аялан зугаалах 100 мянган ам.метр талбайтай. Тэнд залуус бүжиг наадмаа хийж хоккей, хөлбөмбөг тоглож байна. Цас, мөсөн байгууламж олон талын юм “хэлнэ”. Европын хэв маягийн барилгын дүр зургийг шингээсний гадна үлгэр домгийн сэдэвтэй юм. Гол нь цас, мөсөөр урлагийн ямар ч бүтээл хийж болдгийн үлгэр жишээ эндээс харагдаж байлаа.

Энд гуравдугаар сар гартал аялан жуулчлагчид цугларч Сибирийн хаялгатай цэнгэг агаарт амарч зугаалдаг уламжлалтай ажээ. Олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд 60 бүсгүй уралдаж шилдгүүдээ тодруулсан тухай өмнө нь дэлгэрэнгүй мэдээлсэн болохоор дахин нурших нь илүүц байх. Манжуур хотын тухай сэдэвтээ эргэн орж тэмдэглэлээ төгсгөеюү гэж бодлоо. Энэ хот аялал жуулчлалаас эдийн засгийн боломжоо бүрдүүлдэг цөөн газрын нэг болж чаджээ. Жилийн нийт орлого нь 116 сая юань гэж байна. Тэнд очсон хүн ердөө Манжуур хот ийм юм гэж хэлэх биш саатаад гарахад сэтгэлд үлдэх “матрушка” болон олон улсын худалдааны боомт гэж бас нэг үзүүштэй хот доторх хотхон байна. Хөлөн нуур, Хөхөлдэйн талбай, Мөнгөн хуар зуслан гээд үзэж сонирхох юм захаас аваад олон.

БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс 2012 онд Манжуурыг чөлөөт хот хэмээн зарласан нь аялал жуулчлал, худалдаа дээд зэргээр хөгжих боломжийг нээж өгчээ. Тэгээд ч Манжуур нь БНХАУ-ын нэгэн жишиг хот болж хөгжиж байна. Өвөрмонголын Өөртөө засах орны содон хот болж “Олон улсын боловсон боомт хот”-оор долоон удаа шалгарчээ. Алс нь дэлхийд гайхагдсан хот болох биз ээ гэсэн бодлоо бичигч би нууж чадсангүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин