Ц.МЯГМАРБАЯР

Монголын нүүрсний гол бүс болсон Гашуунсухайт-Ганц модны боомтод үүссэн нүүрс тээвэрлэлтийн нөхцөл байдлыг өмнөх дугаартаа “Хятадаас хараат Гашуунсухайт” нийтлэлээр хөндсөн билээ. Энэ удаад  хэвлэлийн баг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгой хэмээх хар алтны их уурхайд ажиллаж, газар дээрээс нь сурвалжиллаа.

Цогтцэций сумын төвөөс баруун урагш 18 км, Их Шанхай уулын ойролцоох Цэций уулын баруун хойд тал, Улаан нуурын хөндийд таван жижиг толгойн хэлбэрээр байрласнаас Тавантолгой хэмээх нэртэй болжээ. Нийтдээ 80 мянган га газрыг хамрах уг орд дээр долоон “А” буюу ашиглалтын лиценз бий. 2008 оноос ашигласан эл орд Монголын ард түмнийг үеийн үед тэжээсээр байна. Тавантолгойн гурван бүлэг орд гэдэг нь угтаа 50 жилийн түүхтэй орон нутгийн өмчит “Тавантолгой”, “Эрдэнэс тавантолгой”, үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн тэргүүлэгч “Энержи ресурс” компаниудын нийлбэр орд юм. Өөрөөр хэлбэл, 6.4 тэрбум нүүрсний нөөцтэй, таван жижиг толгойтой нэг довны гурван талаас талбай нөөцийн хэмжээ, засаглал, техник технологи, ашиглалт, хүний нөөц, хяналт, татвар төлөлт,  нүүрс олборлолт, экспортын хэмжээ, цэвэр ашгаараа ялгаатайгаар олборлолт явуулдаг. Тавантолгой бүхэлдээ эрчим хүчний болон коксжих, металлургийн гээд олон төрлийн нүүрстэй аж.

ХЭТ ЯЛГААТАЙ КВОТ ТОГТООСОНД УУРХАЙЧИД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА

Орон нутгийн өмчит “Тавантолгой”-н орд 1966 онд байгуулагдсан. Одоогоор 276.9 га талбайгаас 33.9 сая тонн нүүрс олборлож 28.1 сая тонныг борлуулснаас 23.4 сая тонныг экспортод гаргажээ. Тонн тутамд 17500 ам.долларын татварыг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг байна. Сүүлийн арван жилийн хугацаанд улс, орон нутгийн татварт 495.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бөгөөд энэ жил татвар төлөлтөөр ТОП 10 компанийн тавдугаарт жагссан юм. Түүнчлэн Хөрөнгийн бирж дээрх нэгж хувьцааны үнэ өчигдрийн байдлаар 9700 төгрөгийн хаалтын ханшаар арилжигджээ. Энэ нь 2015 оны мөн үетэй харьцуулвал, 2.7  дахин өссөн байна. Мөн Өмнөговийн хувьцаа эзэмшигчиддээ тус бүр 500 мянган төгрөгийн ногдол ашиг тараасан тухай эх сурвалж хэлж байв. “Тавантолгой” компанийн захирал Р.Сэддорж “Манай уурхайг жижиг “Тавантолгой” гэж ярилцдаг. Гэвч хамгийн анх  энэ уурхайгаас олборлолтын үйл ажиллагаа явуулсан эцэг уурхай. Ер нь ард түмэнд илүү ойр орон нутгийн мэдэлд байх тусам хяналт сайтай байдаг. Нүүрс тээвэрлэлтэд дараалал үүссэн. Тиймээс ачааллыг тэнцвэржүүлэхийн тулд Засгийн газраас квот тогтоосон. Гэвч байдал дээрдээгүй л байна” гэв. Ийнхүү Засгийн газраас квот тогтоохдоо “Эрдэнэс тавантолгой”-д 45, “Энержи ресурс”-д 40, “Тавантолгой”-д 15 хувь байхаар заажээ. Гэхдээ үүнд сэтгэл дундуур байгаагаа уурхайчид хэлж байв.

Нөгөө талаар Цагаан хадны гаалийн бүсийг хаасан нь нүүрс тээвэрлэлтэд муугаар нөлөөлжээ. Одоогоор гурван сая тонн нүүрс экспортолсон ч гаалийн бүсийн талбайд 400 гаруй тонн нүүрс байгаа аж. Хэрэв  Цагаан хадны гаалийн бүсийг стандартын төвшинд хөгжүүлвэл  нүүрсээ үнэ цэнэтэй хэвээр  хадгалж,  олон улсын нүүрсний худалдааны зах болгох боломжтой хэмээн уурхайчин Б.Тогтох ярьж байлаа.

ТӨЛӨВЛӨГӨӨГ БООМИЛСОН ХОРИГ

“Энержи ресурс” компани  “Ухаа худаг”-т 2962 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Ингээд 2-3 жилийн хугацаанд тус уурхай нь нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, усан хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд техникийн болон нийгмийн дэд бүтэцтэй, дэлхийн жишигт нийцсэн, аж үйлдвэрийн томоохон цогцолбор болон хөгжсөн байдаг. Өнөөдрийн байдлаар, “Энержи Ресурс” компани нүүрсийг дотооддоо угааж баяжуулан экспортолж буй цорын ганц аж ахуйн нэгж юм. Ингэснээр Монгол Улсын нүүрсний үнэ цэнэ, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж байгааг “Энержи ресурс” компанийн нүүрс баяжуулах үйлдвэрийн захиргааны албаны дарга Г.Ганболд танилцуулсан. Төлөвлөгөө ёсоор нүүрс тээвэрлэлт хэвийн явагдаж байсан бол арван сая тонн нүүрс экспортлосон байх ёстой. Гэвч Хятадын хоригоос болж одоогоор зургаан сая тонныг гаргажээ. 13 нүүрсний давхаргаас энэ онд  27 сая шоо метр хөрс хуулалт хийсэн. Энэ нь эдийн засгийн өсөлтөд сөрөгөөр нөлөөлөх магадлалтай хэмээн тус уурхайн Геологи уул уурхайн төлөвлөлтийн албаны дарга С.Лхагва-Очир ярьлаа.

Манай улс энэ оны эцэст 24 сая тонн нүүрс урд хөрш рүү нийлүүлэх төлөвлөгөөтэй. Тавантолгойн бүлэг ордоос нийт 7000 орчим хүнд даацын автомашин урд хөрш руу урт дараалал үүсгэсэн нь экспортыг хумиж байгааг тэрээр хэлж байв. Цаашилбал, уурхайн гадна агуулахын талбай дээрх нүүрсийг зөөх, буулгах зохиомол зардлыг ихэсгэж байгаа талаар Ухаа худаг уурхайнхан ярьж байлаа.

ХЯТАДЫН ХОРИГ БА ГЭРЭЭНИЙ БИЕЛЭЛТ

Бид “Ухаа худаг”-ийн уурхайгаас “Эрдэнэс тавантолгой” компанийг зорилоо. Уурхайн хувьд байдал хүнд байгаа талаар экспорт, борлуулалт хариуцсан захирал Э.Ариунболд ярив. Тэрээр “Энэ онд 11.5 сая тонн нүүрс экспортлох байсан. Гэвч энэ хэмжээнд яагаад ч хүрэхгүй боллоо. Одоогоор 7.4 сая тонныг экспортлосон байгаа. Жолооч нарт хөдөлмөр хамгаалал, осол аваар, гэмт хэрэг, архидан согтуурах зэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр анхааруулж сурталчилгааны материал тарааж сэрэмжлүүлэг өгч байна” гэсэн юм. Хилийн дугаарлалт өнгөрсөн долдугаар сараас хойш 130-150 км газар үргэлжилсэн тухай тэрээр хэллээ. Тиймээс Гашуунсухайтаас хоёр талдаа дугаарлалт үүсгэхгүй байх зорилгоор квот тогтоосон гэв. “Эрдэнэс тавантолгой” компани өдөрт гарч байгаа нийт тээврийн хэрэгслийн 45 хувийг гаргах боломжтой аж. Тэгэхээр өдөрт 300 машин ачилт хийж буй.

Цаашдаа Хятадын талаас нүүрс татан авалтын хэмжээг нэмвэл квотыг зогсоох боломжтой хэмээн албаны эх сурвалж хэлж байв. Гэсэн хэдий ч дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн өсөлтийг ашиглах богино хугацаа биднийг хүлээхгүй гэдгийг судлаачид онцолж байгаа юм. Мэдээж одоогийн үүссэн нөхцөл байдлын улмаас компаниуд төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй байх эрсдэлтэй. Энэ нь эдийн засгийн алдагдалд хүргэж буй. “Эрдэнэс тавантолгой” нүүрс нийлүүлэх 16 гэрээг урд хөрштэй байгуулжээ. Энэ гэрээний гүйцэтгэл өдгөө дууссан байх ёстой хэмээн Э.Ариунболд захирал ярив. Хэдийгээр гэрээний үүргээ биелүүлэх бүрэн боломжтой ч хилийн нөхцөл байдлын улмаас хүндрэл учирчээ.

Төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компани Бор тээгт 11954А тусгай зөвшөөрөл бүхий 23479 га талбайд олборлолт явуулдаг. Тус компани жилдээ 15-30 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. 14 сая тонн нүүрс баяжуулах  үйлдвэртэй үндэсний хөрөнгө оруулалттай компани гэдгээр нүүрсний экспортын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Таван толгойн гурван ордын нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжлахад ийм л өнгө төрхтэй байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин