Ц.БАЯР
НҮБ-ын хүрээлэн буй орчин, хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрах нар энэ сарын 23-нд Төв аймгийн Заамар суманд ажиллав. Энэ үеэр Хайлааст багийн эрх нь зөрчигдөж байгаа иргэдтэй уулзаж, уул уурхайн үйлдвэрлэл хэрхэн явагдаж байгаатай газар дээр нь танилцлаа. Хайлааст багт уул уурхайн олборлолтоос үүдсэн нөхцөл байдлын талаар Заамар сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Ш.Галбадрах, Хайлааст багийн “Мөнхногоон хас” ТББ-ын тэргүүн Ш.Энхтайван, Ж.Мөнхцэцэг, Хайлааст багийн Засаг дарга А.Ганцэцэг, багийн иргэд, Төмөстий багийн нутаг дэвсгэрт “Эрдэнэсийн эрэг” компанид хууль бусаар 15.541.08 га газар олгосныг эсэргүүцэх ажлын хэсгийн дарга Л.Амгаланбаяр нар танилцуулсан юм. Заамар сумын ИТХ-ын төлөөлөгч Ч.Буянхишиг, Н.Мөнхбат нар танилцуулав.
Хайлааст багт 1992 оноос “Алт-1” хөтөлбөрийн хүрээнд нийт 100 орчим га газарт ашигт малтмалын 120 хайгуул болон ашиглалтын лиценз олгосон. Нийт 50 орчим компани сүйтгэсэн. Монголд байдаг таван драг энд ажилладаг. Туул голын гольдрол өөрчлөгдөж эко систем алдагдсан. Шороон орд учраас тоосжилт байх ёстой хэмжээнээс даруй хоёр дахин их байгаа нь иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэж Заамар сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Ш.Галбадрах танлцуулав.
Хайлаастын малчдын уламжлалт соёлын эрх зөрчигдсөөр
Хайлааст багийн Засаг даргын Тамгын газарт уул уурхайн асуудлаар хөндөж ярилцахаар иргэд ирсэн байв. Хайлааст баг 54 толгой малтай, 133 өрх, мал маллаж амьдардаг. Нам дор газрын малын бэлчээр нь уул уурхайн олборлолтод өртсөн болохоор малчид уулын тагт руу шахагдаж оройг нь дамжин өвөлжиж, хаваржиж байна. Жилийн дөрвөн улиралд өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаандаа сэлгэж нүүдэллэж амьдардаг ард түмэн. Эргэн тойрондоо гурван км газарт л хаваржиж, өвөлждөг. Түүнчлэн олон төрлийн өвс ногоо ургадаг байсан бол хөрсний шимт байдал алдагдаж хоёрхон төрлийн ургамал ургаж байгааг судлаачид тогтоосон. Заамар сум далайн төвшнөөс дээш 1800 метрийн өндөрт өргөгдсөн Хангай, Хэнтий нуруунаас эх аваагүй бэсрэг тогтсон нуруу. Энэ нуруунд 4000 орчим бугатай. Эмийн ургамал, сонгино зэрэг 50-70 төрлийн ургамал ургадаг байжээ.
Хайлааст, Баян, Ар наймганы гол, Батын булаг гээд ам болгон нь рашаан, булгатай байсан бол одоо ширгэж үгүй болсон. Усаа худгаас худалдаж зөөж уудаг. Малчид худгаасаа хол учраас худалдаж авсан усаа 10 хоногоор нөөцөлж хэрэглэж байгаа нь эдийн засгийн болоод эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг.
Сохор, хоёр толгойтой тугал гарч байна
Мал уул уурхайн бохир ус ууснаас төл нь генийн өөрчлөлттэй гарч байна. Тухайлбал, тугал, хурга, ишиг сохор, эрүү, ам дутуу хөл гар нь ууттай юм шиг, хоёр толгойтой, уушги нь хар гарч байна. Хонь хурга, ишиг ханиадтай хүн шиг хамраас нь нус, ус гоожиж, хуурайшилттай учраас нүд нь байнга нуухтай явдаг. Ийм малын мах идэж байгаа хүн ямар байдалтай байх нь ойлгомжтой. Ийнхүү малчид эрүүл мэнд, эдийн засгийн таатай байх боломжоо алдаж эрх нь зөрчигдөж асуудал хурцадсаар өдий хүрчээ. Нутагтаа мал маллах боломжгүй болсон юм чинь сумаараа нүүсэн нь дээр гэж сайд, дарга нар хэлдэг гэнэ. Гэтэл мал нь нутгаа үгүйлээд гүйгээд ирдэг. 4-5 үеэрээ, үе дамжин амьдарсан нутгийн иргэд энэ нутгаасаа явах сонирхолгүй. Тэгээд ч нутаггүй болсон ард түмэн ямар эмгэнэлтэй билээ гэж Хайлааст, Төмөстий багийн малчин Ч.Буянхишиг, Б.Ганзориг, Ч.Болд, Ч.Долгормаа, Б.Сүхээ нар ярьж байв.
Хайлааст багийн 490 иргэн уушгины архаг бронхиттой
Уудам сайхан тал нутагт амьдарч байгаа хэрнээ чөлөөтэй тоглож наадах талбай байхгүй. Гадаа гараад тоглох гэхээр шороо тоос нь эрүүл мэндэд халтай. Хүүхдүүдийн чөлөөтэй суралцах эрх нь хязгаарлагдмал. Эцэг эх нь уул уурхайгаа дагаад нэгээс нөгөө газар руу нүүдэллэж амьдардаг учраас хүүхэд тогтвортой нэг газар суралцаж чаддаггүй. Бага насны хүүхдүүд гэртээ цоожтой үлддэг. Багийн төвийн 520 иргэнийг уушгины тандалтын үзлэгт оруулахад 490 нь уушгины архаг бронхиттой гэж гарсан. Ихэнх нь тоосны харшилтай гэж Хайлааст багийн Засаг дарга А.Ганцэцэг НҮБ-ын төлөөлөгч, Хүний эрхийн комиссынхонд танилцууллаа.
Хүний эрхийн тусгай илтгэгч Жон Нокс хүний эрх зөрчигдөж байгаа таван оронд ажиллаж тухайн улс орнуудын төр, засагт хүний эрхийг хангахад нөлөөлж шийдвэр гаргагчдад сануулж, зөвлөмж хүргүүлж, илтгэл тавьж үр дүнд хүргэсээр ирсэн аж. “Алт-1” хөтөлбөр хэрэгжсэнээр 30-аад жилийн дотор Заамар сумын Хайлааст баг уул уурхайн сөрөг нөлөөнд автсан, хүрээлэн буй байгаль орчинд муугаар нөлөөлж иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрх зөрчигдсөнийг газар дээр нь үзэж танилцсан. Тэрээр” Уул уурхайн төслүүд орон нутгийн иргэдтэй хангалттай зөвлөлдөхгүйгээр байгаль орчны нөлөөллийг тооцохгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа асуудал болж байна” гэв. Одоогоор УИХ-д 2018 онд өргөн барих Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлээ боловсруулж байна. Энэ хүрээнд илтгэлд оруулах сэдвүүдийг судалж, дүн шинжилгээ хийж байна. Уул уурхайн төслүүдтэй холбоотой тулгамдсан асуудлууд гарсан байна. Хууль бодлогын орчинд нөлөөлөх шаардлагатай гэж үзвэл 17 дахь илтгэлд тусган шийдвэр гаргагчдын сонорт хүргэнэ гэсэн. Ингэснээр хүний эрх зөрчигдөж байгаа бодит байдлын талаар тайландаа тусган НҮБ-д илтгэл тавьж, зөвлөмж гаргах юм байна. Заамар суманд ажилласан тухай маргааш /09.27/ олон нийтэд хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өгөхөөр болсон.
Уул уурхайн хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхийг зөвлөв
НҮБ-аас нэгэнт асуудалд ач холбогдол өгч байгаа учраас мэдээллүүдээ нэгтгэх хэрэгтэй. ИТХ-аас “Заамар сум дахь уул уурхайгаас үүдэлтэй хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэнд, нөхцөл байдлын тодорхойлт гаргаж болох юм. Эрүүл мэндийн, малчдын асуудал, уул уурхайгаас үүдэлтэй газар ашиглалт зэргээр бүлэглээд баримтыг хавсаргаж, эх сурвалжийн танилцуулга бэлтгэх хэрэгтэй. Хүний эрхийн үндэсний комисст өргөдөл, гомдол гаргасан тохиолдолд гомдлын дагуу ажиллагаа явагдана. Түүнчлэн төрийн албан хаагчид болон иргэдэд хүний эрхийн төлөө хэрхэн ажиллах талаар сургалт сурталчилгааны ажлыг хийж болно. Уул уурхайн компаниудыг оролцуулж чадвал гурвалсан сургалтыг зохион байгуулах арга зүй техникийг хийж болохоор байна. Манайх саяхан уул уурхайн хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний загвар хийсэн. Данийн Хүний эрхийн байгууллагаас гаргасан хүний эрхийн үнэлгээний аргачлал, загварыг монгол нөхцөлд тохируулан боловсруулсан. Тухайлбал, “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд хийж болно. Эхлэхээс өмнө, одоо ямар байдалтай байна. Явцын дунд яаж өөрчлөгдөх, дуусаад ямар байдал үүсэх вэ гэдгийг урьдчилж хийнэ гэсэн үг. Энэ үнэлгээг хийхийн тулд уул уурхайн компани, малчид, иргэд, төрийн байгууллагууд мэдээллүүдээ нуухгүйгээр үнэн зөвөөр гаргаж тавьсны үндсэн дээр хийнэ. Гэхдээ тэр мэдээллүүдийг хэвлэл мэдээллээр цацахгүй гэдэг дээр тохиролцсон байх хэрэгтэй. Харин мэдээллүүдээс гарч болох эрсдэлүүдийг хэрхэн зохицуулахаа тохиролцож эвслийн зарчмаар асуудлаа шийдэх боломжтой. Энэ үнэлгээний аргачлал нь бичил, дунд зэргийн уурхайд зориулсан. Энэ хүрээнд хамтарч ажиллах боломжтой” гэж Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл зөвлөж байв.
Эх сурвалж: www.zms.mn