Ц.МЯГМАРБАЯР
Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Жаргалант, Галуут, Баян-Овоо, Шинэжинст сумдад бичил уурхайн үйл ажиллагаа идэвхитэй явагддаг. Тэд уул уурхайн компаниудын орхиод явсан эзэнгүй, хаягдмал ордод түшиглэж дахин хайгуул хийдэг билээ. Энэ нь тэдний амьжиргааны эх үүсвэр болдог. Өөрөөр хэлбэл алтны гарц муудаж, ухах цооноггүй, шороон ордгүй болсон учраас тэд сум орон нутаг, олон улсын байгууллагуудын тавьсан санал зөвлөмжийн дагуу нэгдэж “нинжа” гэдэг нэрнээс салж зохион байгуулалттай бичил уурхай эрхлэгчид болсон байдаг. 2009 онд хийсэн судалгаагаар 701 га газар эвдэрч сүйтгэгдсэн байдаг. Аймгийн Засаг дарга мөрийн хөтөлбөртөө 2019 оны нэгдүгээр сарын 1 гэхэд гэхэд эвдэрсэн газаргүй аймаг болно гэсэн том зорилт тавьжээ. Тиймээс эвдэрсэн газартаа техникийн нөхөн сэргээлт хийх нь чухал болжээ. Швейцарын хөгжлийн агентлаг, Азийн сан, орон нутгаас өгсөн төсвөөр тэрхүү хаягдмал ордод техникийн болоод, биологийн нөхөн сэргээлтийг хийсэн байна. Одоогоор нөхөн сэргээлтийн компани болон бичил уурхайчдын хүчээр 300 га талбайд нөхөн сэргээлт хийсэн бол 400 га талбай нөхөн сэргээгдээгүй үлдсэн аж. Өнгөрсөн жилд нөхөрлөлүүдэд аймгаас 10 сая, Азийн сангаас 15 сая төгрөг тус тус өгч 13 га талбайд биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийжээ. Энэ жил мөн ялгаагүй БОАЖЯ-тай хийсэн гэрээний дагуу 10 сая төгрөгөөр хийж байна. Нөхөн сэргээлтийг өмнө нь хувиараа алт олборлодог байсан иргэд нэгдэж байгуулсан “Батсайхан сэтгэл”, “Галуутын хөгжил” гэсэн ТББ байгууллага, нөхөрлөлүүд хийдэг. Энд 30 орчим иргэн ажилладаг. Түүнчлэн Байдраг суманд 200 орчим гишүүнтэй нөхөрлөл ашигт малтмалын “А” лицензтэй, үлдэгдэл буюу орхиод явсан газарт байнга тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Мөн Азийн сангаас 30 сая төгрөгийн санхүүжилт авч өмнө нь ашиглаж байгаад орхигдсон Байдрагийн зүүн салаанд нөхөн сэргээлт хийжээ. “Нинжа”, буюу хувиараа алт олборлогчид ийнхүү сүйтгэсэн газраа өөрсдөө нөхөн сэргээдэг болсон нь зөв бодлого, дэмжлэгийн үр дүн юм.
НӨХӨН СЭРГЭЭСЭН ГАЗРАА ДАХИН УХАЖ БАЙНА
“Нинжа” гэдэг нэрнээс салгаж бичил уурхай эрхлэгчид болгон эмх цэгцэнд нь оруулах гэж Баянхонгорын удирдлагууд арван жил чармайжээ. Гэвч “Алт арван тамтай гэж өвөг дээдэс минь яасан үнэн хэлээ вэ. Хүний шуналын сэтгэл дуусдаггүй гэгчээр нөхөн сэргээсэн талбайгаа дахиж ашиглая гэсэн асуудал бидний санааг ихээр зовоож байна” гэж тэд ярьж байна. Нэгэнт Олон улсын байгууллагын санхүүжилтээр нөхөн сэргээлт хийсэн газрыг дахин ухаж эхэлсэн нь харамсалтай. Хулгайгаар ухсан асуудал хэд хэдэн газарт гарчээ. Одоо ашиглаж байгаа газарт алтын судал тасарсан. Одоо яах вэ гэдэг асуудлыг уулзах бүрт нөхөрлөлүүд тавьдаг ажээ. “Насаараа уул уурхайн ажил хийж болохгүй хэзээ нэгэн цагт энэ баялаг дуусна. Тиймээс хуримтлал бий болго. Хуримтлалаараа өөр бизнес, аж ахуй эрхлэх хэрэгтэй” гэж тэдэнд олон улсын байгууллагын зүгээс болон аймгийн удирдлагууд зөвлөдөг аж. Цөөн хэсэг нь бизнес эрхлэдэг ч дийлэнх нь олборлоод идээд дуусах сонирхолтой байдаг гэж ярих иргэд ч таарав. Бөмбөгөр суманд байсан бичил уурхайн нөхөрлөл тарж хүн болгон трактораа хувьдаа авчээ. Нийт 80 гаруй трактор бүртгэлтэй гэж байв. Бичил уурхай эрхлэх журамд жижиг трактор хэрэглэхийг хориглож байсан болохоор машин дээрээ ачаад хаа дуртай газраа шөнийн цагаар хулгайгаар олборлолт хийдэг. Харин саяхан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд өөрчлөлт оруулж тоног төхөөрөмж буюу эксковаторын моторын чадлын багтаамжыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор “унагалдай” буюу жижиг оврын тракторыг ашиглаж бичил уурхай эрхлэх боломжийг нээлттэй болгосон нь асуудлыг шийдэхэд дөхөм болжээ. Засгийн газрын журмын хүрээнд дэмжсэн учраас одоо тэднийг зохион байгуулалтад оруулах талаар өөрсдийнх нь байгуулсан ТББ-тай хамтран энэ асуудалд анхаарч ажиллаж байна. Өмнө нь ашиглаад орхисон байсан Бөөст хэмээх газарт бүх трактор төвлөрч үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид эвдэрсэн 2-3 газарт ашиглалт хийгээд нөхөн сэргээлт хийх эрхийг нь олгохоор аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс ажиллаж байгаа тухай хэлсэн. Энэ мэтчилэн журмын хүрээнд хүлээж авсан газраа дуустал нь ашиглаад нөхөн сэргээлт хийж аймаг орон нутагт хүлээлгэж өгсөний дараа дахин шинэ газар өгдөг.
МАЛЧДЫН ЗӨВШӨӨРЛӨӨР НӨХӨН СЭРГЭЭЛТИЙГ ХИЙНЭ
Малчдын зүгээс манай өвөлжөөний ойролцоо ухсан газрыг дарж өгөөч. Хүн амьтан орж гэмтэх малын хулгайчид үүцээ нуух зэргээр асуудал дагуулж байна гэсэн гомдол их гардаг аж. Үүнийг аймаг орон нутаг хөрөнгө гаргаж дарж, булах боломжгүй. Бүх талбайг дарж булахад ойролцоогоор хоёр тэрбум төгрөг шаардлагатай. Хуулийн байгууллагын хүчээр сүтгэсэн компаниудаар нь хүртэл булуулжээ. Гэвч буцаагаад нөгөө зохион байгуулалтад ороогүй нинжа нар дайраад орчихдог. Их хэмжээний талбай учраас байнга хяналт тавиад байх боломжгүй. Сүйтгэгдсэн газрыг дарж булж нөхөн сэргээж унаган төрхөнд нь оруулая гэхээр доор нь байгаа алтыг зайлшгүй авах шаардлага үүсчээ. Тиймээс хаягдал уурхайг дуустал нь олборлох хэрэгтэй болдог аж. Баянхонгор аймаг 2019 оны нэгдүгээр сарын 1 гэхэд үлдсэн 400 га газраа нөхөн сэргээж дуусна гэсэн зорилт тавьсан. Эднийд нөхөн сэргээлт хийх эрхтэй 22 компани бий. Эдгээр газрыг нөхөн сэргээхэд тухайн газар нутгийн иргэдээс асууж, багийн ИНХ-аас нь зөвшөөрсөн шийдвэр гаргуулж хүсэлт ирүүлсэн талбайд л нөхөн сэргээлтийн аж ахуйн нэгжид санал тавина. Хэрэв нөхөн сэргээсэн газрыг дахин ухах юм бол сум орон нутаг нь өөрсдөө хөрөнгө гаргаж сэргээ гэсэн болзолтойгоор энэ ажлыг эхлүүлжээ. Нөхөн сэргээх эрхтэй компани эвдэгдсэн газарт ажиллах сонирхол их байгаа нь алтны үнэтэй холбоотой. Хэрэв алтны үнэ ханш өнөөдрийнх шиг өндөр биш хоёр дахин бага байсан бол хэн ч энэ ажилд оролцохгүй. Яагаад гэвэл зардлаа нөхөх ашиг олохгүй гэдэг нь тодорхой учраас гэнэ. Энэ үеийг нь ашиглаад аймгаа, эвдэрсэн газаргүй болгоё гэсэн зорилгодоо хүрэхээр ийнхүү тэд ажиллаж байна. Тиймээс малчидын зөвшөөрсөн гарын үсэгтэй бичгээр сүйтгэгдсэн газраа нөхөн сэргээхээр болжээ.