Д.ОЮУНЧИМЭГ

Хаврын сүүл сар, зуны эхэн сард оюутан сурагчдын төгсөлт ид зэрэгцдэг. Саяхан танилын маань том охин их сургууль, дунд хүү нь дунд сургуулиа төгссөн юм. Мэдээж баяр л болсон хойно гоёлын хувцас энэ тэрхэнд мөнгө зарцуулах болж. Цалингаа хүлээж суугаа аав, ээж нь мөнгө хайж эхлэв. Цалингийн болон моргейжийн зээлтэй болохоор цалингаасаа илүүчилнэ гэдэг ч бас л хүнд даваа. Харин азаар хүүхдүүдийнхээ нэр дээр төгрөгийн хугацаатай хадгаламж хийсэн нь аминд нь орсон байна. “Сандарсан үед 1-2 цагийн дотор олон хүн царайчлахгүйгээр олж болох мөнгөтэй байгаа нь сайн зүйл шүү” хэмээн эхнэр Б.Дарь хэлэв. Учир нь гурван хүүхдийнх нь хадгаламж зургаан сая төгрөгтэй болсон байж. Үүнийхээ 90 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг 12 сарын хугацаатай зээлээр авах болсноор төгсөлтийн баярын хүндхэн давааг давжээ.

Хэдийгээр сандарсан үед хэрэг болсон ч эргүүлээд төлөх үед хүү нь чамгүй өндөр болж байгааг танил минь ярьж байв. Өөрөөр хэлбэл, нийт хадгаламжаа барьцаалан 5.4 сая төгрөг авсан гэлээ. Ингээд сар бүр 498093 төгрөгийг эргүүлэн төлөх аж. Тэгэхээр жилийн дараа зөвхөн хүүнд 977116 төгрөг төлж буй. “Тиймээс хадгаламж барьцаалан зээл авснаас хүүг нь цуцлаад авбал 216000 төгрөг авах боломжтой юм байна” хэмээн гэрийн эзэн Б.Эрдэнэ-Очир хэллээ.

Ингээд зарим банкны хадгаламж барьцаалсан зээлийг ямар зарчмаар өгч байгааг сонирхлоо. Тухайлбал, “ХАС”, “ХААН”, “Голомт” банкны хадгаламж барьцаалсан зээл олгох зарчим төдийлөн ялгаагүй байв. “ХААН” банкны тухайд хадгаламж барьцаалсан зээл олгохдоо нийт хадгаламжийн дүнгийн 90 хувиас хэтрэхгүй бөгөөд жилийн хүү нь хадгаламжийн үндсэн хүүн дээр дунджаар 6-1.5 хувийг нэмж бодно. Тэгвэл дунджаар 19 орчим хувийн хүүтэй болж буй. Хэрэв зургаан сая төгрөг зээлээр авах болвол 553437 төгрөгийг сар бүр төлнө. Ингэхээр зээлийн эргэн төлөлтөд нийт 6641244 төгрөг төлөх учиртай. Хэдийгээр хүүхдийнхээ ирээдүйд зориулж хадгалж байгаа ч эдийн засаг хүнд байгаа үед эргүүлэн төлөхөд хүндрэл учрах магадлал бий гэдгийг иргэд хэлж байгаа юм. Харин эдийн засагчид аль болох урт хугацаагаар хадгалах нь илүү өгөөжтэй гэлээ.

Эцсийн дүндээ айлаас эрэхээр авдраа уудал гэдэг шиг сандарсан үед хүнээс гуйлгүй мөнгөтэй болох боломжийг эдийн засгийн сахилга баттай уялдуулах нь зүйтэй гэдгийг судлаачид хэлсэн. Мэдээж аливаа зүйл сахилга баттай байх нь үр дүнд хүргэдэг гэдгийг сүүлийн дөрвөн жил хуримтлалтай болгох тухай санхүүгийн салбарынхны хэлж байснаас харагдана. Өрхийн орлого зарлагыг бодитой болгож хуримтлал үүсгэх нь тийм ч муу зүйл биш гэдгийг энгийн иргэдийн амьдрал нотолж буй. Тэгэхээр санхүүгийн сахилга батыг жирийн иргэнээс эхлэн төрийн төвшиндөө ч ягштал биелүүлдэг болох нь ирээдүйдээ өгөөжөө өгөх ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин